Thursday, August 26, 2010

Хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян

Улаан хамбан дээлтэй эр бүдүүн ташуураар хүрэн хамбан дээлтэй эрийн дал мөрөн дундуур хар хүчээрээ падхийтэл дэлсэж орхив.
Хүрэн хамбан дээлт дуу тавин ёолонгоо,
-Таминь ээ, энэ муу гуйлгачингийн хүн алах гэж байгааг харав уу? гэж бархирахад төдөлгүй баахан улаан хүрэн хамбан дээлтэй наадамчид зодоонч хоёрыг бүчээд авлаа.
Үзэж харах юм юу ч үгүй сумын наадам дээр уйдаж гиеүрсэн хүмүүс:
-Ашгүй зодоон гарлаа. Зодоонгүй наадмыг ямар наадам гэхийм бэ?
-Хөөрхий муусайн эхнэр хүүхдүүд минь ядаж зодоон үзэж, малаа хараад наадамдаж чадалгүй гэртээ үлдсэн өвөө эмээ нартаа ярих гайхуулах юмтай хариг л дээ.
-Жүжиг кино байхгүй болсон цаг юмсан хойно тэгэхээс өөр яахав гэцгээв.
Нөгөө хоёр морин дээрээсээ хоёр урт яргай ташуураа сэлэм мэт зөрөлдүүлэн тас няс хавиралдуулангаа,
-Чи яалаа гэж зүгээр наадамдаж яваа хүн жанчдаг халуун хаа вэ? гэж Хүрэн хамбыг гомдлоход Улаан хамба,
-Яадгиймбэ би чамай мууг бодвол дэлхий даахгүй баян хүн юм чинь, чамай мууг зодоход яадгиймбэ? гэж ханхалзав.
Хүрэн хамба ярвайсхийн дал мөрөө хөдөлгөх зуур,
-Чамаас амиа нэхнэ! гэж олонд зарлалаа.
Үзэгчид зүг бүрээс морины хар гүйхээр "гоё үзвэрээс" хоцорчих вий хэмээн довтолгон айсуй. Удалгүй зодоонч хоёр олон улаан хамбан дээлтний давалгаанд уусаж, ялгагдаж тодрохоо болив. Ижил өнгийн дээлтэй тэр олон наадамчид нэг дор нийлээд нилэнхүйдээ улаан булангийн асар том хөшиг шиг их хамба болон наадмын талбайг битүүлэн улаан хүрнээр давалгаалаа. Харин дэлий нь хулзалсан ганган шаавай морьд төрсөн зүсээрээ янз бүрээр алаглан харагдах нь тэр их хятад хамбан дундаас орчлонг арай баяжуулан чимэглэнэ.
Наадам ч өндөрлөлөө. Хурдан морьдоо хөтөлсөн урамтай урамгүй уяачид гэр гэрийн зүг жолоо залав. Харин нөгөө хоёрын хэрүүл гаарч морьтой үзэгчид тэднийг хүрээлээд орон гэртээ буцахаа умартан сонирхсоор аж. Олны анхаарлыг ингэж хүчтэй татсандаа цаадахь хоёр нь сүүлдээ бүр хөөрч бие биендээ уурлах нь байтугай дотроо хоёр биеэ өхөөрдөж, гаднаа хэрүүлийн урлагт авъяасаа сорьж, үзэгчдийн хайрыг эзэмдсэн жүжигчний жаргалыг эдэлсэн гээч. Тэгэхээс ч аргагүй. Энэ зуны наадмын сод хүмүүсээр тэр хоёр санаандгүй тодорсноо ухаарсан юм чинь уур нь гарч баярлахаас өөр яах билээ.
Тэр хоёрын зодооны тухай хэдэн голоор хойтонгийн наадам хүртэл шуугих болно. Ямар ч урлаг үзэхээ больсон ардуудад өөр юугаа өвөр хоорондоо хуучлах билээ? Хоёр хамбан дээлтний зодооны тухай нутаг ус болгонд янз бүрээр яригдах нь мэдээж. Элдэв нэмэр хачир орж, сүүлдээ бүр ардын аман зохиол, домог болох нь дамжиггүй. Нэг үгээр хэлэхэд хоёр хамбан дээлт нутаг хушуундаа алдаршиж, од болж буй нь тэр. Тэр хоёрын нэр төр суга өсөж, буусан айл айраг архиныхаа дээжийг зориулж, хулгайч нар мал сүргээс нь хүндэтгэж айгаад авахгүй болно. Энэ чинь бага амжилт гэж үү? Харин амжилтандаа толгой нь эргэж, хотын боссуудыг дуурайж, авгай хүүхнээ царайлаг охидоор солих гэж сэвэхгүй бол яамай сан.
Улаан хамбан дээлт хүрэн хамбан дээлтийг дөнгөх нэг юм бодож олов янзтай,
-Чамай мууг бодвол би ирэх сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэвэл,
-Би бас дэвшүүлнэ. Чамайг ялахдаа л нэг ялна гэж хүрэн хамбан дээлт бардамнахад улаан хамбан дээлт,
-Чи тэгвэл ном сонин уншиж чадах уу? Дөрвөн аргын тоо бодож чадах уу?
-Чи өөрөө бодож чадах юм уу?
-Чадахгүй! Чадахгүй болохоороо чамайг чадах уу? гэж асууж байна.
-Чи битгий хүн доромжилж ам асуу! Миний ном мэдэхгүйг манай сумынхан бүгд андахгүй. Гэхдээ би чамай мууг бодвол хулгай хийж чадна!
-Өө хөө. Чи намайг хулгай хийж чаддаггүй лойчихсон эр гэж энэ олон түмний нүдний өмнө түлж алах санаатай юү? Тэр нь дээрээ хүрвэл жинхэнэ эвгүй яриа үүснэ шүү. Би ямар ч байсан чам шиг хаяагаа хадардаг нь биш.
Наадамчин олон “Ингээд манай сумаас хоёр хулгайч дэптаат зэрэг төрдөг байж. Сайн хулгайч дэптаат болдог цаг юм сан хойно” гэж наргиантайгаар уухайлан хурайлав.
Дэлхий даахгүй баян бүдүүн ташуур хөндөлдүүлэн нөгөөхдөө агсарч,
-Муу гуйлгачин чамд мянган толгой мал байгаа юм уу? гэхэд хүрэн хамбан дээлт,
-Танай авгайд манай авгайн сам шиг сувдан сам бий юү? Эхнэртээ чи тийм сам зүүлгэж үзсэн нохойн гөлөг үү? гэв.
Улаан хамбын хор буцалж,
-Чиний эхнэрт манай авгайн бөгж шиг зургаан цэнгийн шижир бий юү? Байвал чамд би унаж яваа эмээл хазаартай морио зүгээр өгчихье! гэж хэнхэлзэв.
Хүрэн хамба,
-Чам шиг эхнэр хүүхний гоёлоор гайхуулдаг эр би биш. Харин чамд миний халиун шиг жороо байна уу? Би халиун морио чиний мянган толгой малнаас ч өгөхгүй. Мэдэв үү? гэхэд Улаан хамба хэсэг түгдэрснээ,
-Танай гэрт угалзтай майга ширээ, сийлбэртэй модон ор бий юү? гэж даналзлаа.
Хүрэн хамба,
-Манайд тэр муусайн чинь бүгд эвдрээд хог болж хэвтээ! Худлаа гэвэл чи очиж, өлөн нүдээ хужирлаарай! гэлээ.
-Ингэхэд чи хэдэн хивстэй гуйлгачин бэ?
Хүрэн хамба том цагаан хөөрөг гаргаж,
-Чамд энэ анзааны хөөрөг байна уу? гэвэл Улаан хамба мөн тийм хөөрөг гаргаж,
-Май үз! Ямар байна? гэлээ.
-Миний хөөрөгний дэргэд наадахь чинь нус шиг өнгөтэй юм байна.
-Нус гэнэ ээ? Чи ийм цагаан нустай бол аргагүй аавын хүү мөн байна.
-Чамд ийм гаанс байна уу?
-Байна. Май нүдээ хужирла.
-Чамд ийм хүрэн хамбан дээл бий юү?
-Чамд ийм улаан хамбан дээл бий юү?
-Танайх буусан суусан хүмүүсийг архи айргаар цатгаж үзсэн үү?
-Цатгах нь уу яахнав чи одоо намайг дагаад оч! гэснээ цугларсан олонд хандаж, -Ерөөсөө энд байгаа бүх хүн манайд очиж, айраг архи ууцгаа. Цугаараа өнөө шөнө сайхан найрлая! гэж уриалав.
Нөгөөх нь бас хожимдсонгүй,
-Дараа нь бүгдээрээ манайд очиж, жинхэнэ найр гэж юу байдгийг үзэцгээ! гэж баярхав.
Олон морьтон үдшийн сэрүүнд таана ханхалсан ногоон хөндийгөөр дуулалдан исгэрэлдэн инээлдэн хурдалбай. Наадмын гоёо хагсарч хөнгөрсөн шавхнуухан хөлгүүд ам булаалдан толгой хаялан давхилдлаа.
Айраг архинд халсан хамбан дээлтэнгүүд шөнөжингөө ээжийн тухай дуу дуулан уйлалдаж хонолоо. Улаан хамбан дээлт хүрэн хамбан дээлт хоёрынх хоёулаа эрээн угалз болсон гэртэй ажээ. Хаалга тооно нь эрээн, багана унь авдар ор цөм угалз. Тэр ч бүү хэл зуух нь хүртэл нэл хээтэй гээд бодчих. Энэ бүгд эрээн алаг хивснүүдтэйгээ нийлээд толгой эргэж галзуурам авай. Тэдний хоёрт зөвхөн шуудайтай гурилаас бусад нь цул угалз гээд саначих. Хоёр хамбан дээлтийн айраг дэндүү сайхан байлаа. Чухам хэний нь айраг илүү сайхныг ялгах багаж арлын годгор Япон ч үйлдэж дөнгөхгүй биз ээ.
Доёдын хүр. 1994

1 comment: