Wednesday, August 25, 2010

Морио зодох дөхөв

Ус цацахад газар хүрэлгүй мөс болон хөлдөх тундрынх шиг манай өвөл. Цасан шуурга. Амьд амьтан оршихын аргагүй ийм харгис хайруу Монгол нутагт гадаадын шунхай колончлогчид хүртэл хоншоор шургуулж чадалгүй өдий хүрчээ.
Халзан морь минь урд хоёр хөлөөр ээлжлэн хатуу хөр хунгар цавчилж, дороос нь голдоо ямар ч шүүсгүй модон цагаан хялганыг ил гарган уран хушуугаа ирвэгнүүлэн тэмтэрч, том том шар шүдээр шир шир тас тас хазлан, аманд орсон бүхнийг хэлээр цуглуулж, аюултай хурц араагаар урамтай тээрэмдэнэ. Хүлэг минь, хөл дүүжилдэг унаа минь, хатуу өвлийг ингэж давлаа. Дараа нь хавар бас яаж зүдэрлээ. Өнгөрсөн зун намарт олж авсан хүч тэвээрэг нь бүр шувтарч дуусаад туранхай биед нь ердөө араг яс үлдэж, салхинд гуйвж, хар аяндаа сөхөрч өеөдөж унадгийн даваан дээр ногооны үнэртэй золгосон сон. Мал ногоонд бузгай бадайрч эхэлтэл хачиг хувалз, өт батгана, ялаа шумуул гээд зүйл зүйлийн дайсан дараалан босож, ээлжит там угтлаа. Энэ хэдэн малд зовлонгүй тааваар амьдрах тийм аятай улирал гэж байна уу? Байхгүй болтой.
Иймэрхүү юм бодсоор би хониныхоо захад наранд шарагдан сууж байна. Ааргийн хяраар сүүлээ годойлгосон оодонгийн үхэр уулхирдан хурдлана. Тэдний нүд бүлтэгнэн хамар сарталзан, амь нь гарах гэж буй янзтай, айж сандарсан гэж хачин. Богино долгион цацруулдаг хэдгэнэ үхрийг ингэж айлгадаг тухай би уншсан юм байна. Хэдгэний хэт нам авиа хүний чихэнд үл сонсогдоно. Зулай дээрээс нар цонож, дэргэд халзан морь дороо дэвхцэн ялаархана. Миний толгойд уран зохиолын элдэв сэдэв эргэлдэнэ.
Чингэтэл бяруу шиг навсайсан явил даага унасан хүү давхиж ирлээ. Тохойн чинээ тэр хүү буух гэтэл даага нь тонгочин туйлав. Тохойн чинээ хүү томорч,
-Өө муу адсага чинь яах нь вэ? Гурван хамар давж чадахгүй мөртлөө бас их зантай шүү гэж шилийн сайн эрийн маягаар хэвлүүтээд, даагаа эмээл дээрээсээ чихдэн буулаа. Эзэндээ чихээ мушгиулсан бяруу шиг муу даага нь ам хамраа шазвагануулан номхорч буй нь хэрдээ чих нь шаггүй эмзэглэсэн янзтай. Би морь эзэн хоёрыг өхөөрдөх зуур эгдүү хүрч битүүхэн жуумалзав.
Тохойн чинээ шошгор жаал их том дуугаар,
-Зээ, өвгөн гуай, мэнд сайхан уу? Хонь сайн хариулж явна уу? гэх зэрэг угсруулан их л сунжруу мэндлэв.
Миний инээд их хүрсэн боловч жаал ихүүгийн мэнд бүрийг би их л дуулгавартай хариуллаа.
Адууны эрүүний хоёр ясны хооронд том найлжуурхай оршдог. Тэр булчирхай эмзэг хөндүүр бөгөөд шар хэдгэнэ түүнийг хатгах жигтэйхэн донтой. Ямар учиртайг бүү мэд. Намайг тохойн чинээ хүүтэй хуучилж суухад миний ард занхар ясан толгойгоо хялан ялаархаж зогссон халзан морины яг тэр эмзэг найлжуурхай руу хэдгэнэ зүү мэт хурц хушуугаа шивхийтэл дүржээ. Би мэдсэнгүй. Халзан морь өвдсөндөө тээр дээш цвхроод, буцаад буухдаа сүх шиг толгойгоор миний гавал дээр ягхийтэл буулгаж орхисон юмсанж. Миний дагз руу том лантуугаар дэлсэх шиг болсон уу, үгүй юү, үнэндээ мэдэх юм даанч алга.
Муухан ухаан ороод духаараа газар лав шаасан хөндүүрхэн толгойгоо арай чүү дааж өндийлгөвөл гавлын яс заадлаараа цуу явчихав уу гэлтэй, өвдөж байгаа гэж жигтэйхэн.
Муухан ухаан ороод дэргэдэх хүүгээс,
-Юу болвоо? Яаваа? Намайг хэн цохьчвоо? гэж дуу хадаавал нөгөө хүү эг маггүй хөхрөөд салдаггүй. Толгойны өвдөж байгааг хэлэх үү, нөгөө хэвлүү жаалын доогтой хөхөрч буй нь бүр нэг эгдүүцэм. Чадал үлдсэн сэн бол босоод доогтой мондийг өшиглөмөөр санагдлаа. Даанч ухаан балартаад тэнхээ гэж юу ч үлдсэнгүй.
Тэгтэл халзан морь дахиад дээш хар хүчээр цовхорсноо буухдаа эрүүгээрээ намайг золтой л гавалдчихсангүй. Учрыг ч би гадарлав. Жижигхэн ташуураа бариад босохчоо боллоо. Толгой зэнхийгээд хөл гуйвж байна. Газар дэлхий ногоорон дайвалзана. Гуйвж унахгүйн тулд цулбуураасаа татан дамжсаар мориндоо дөхөж очлоо. “Чи намайг алах нь уу? Би чамд ямар гэм хийсэн билээ?” гэж мориндоо гомдоллоод богино ташуурынхаа урт сураар халзан мориныхоо дух руу шавхуурдахаар далайлаа. Халзан морь ямар ч сэжиг ажиггүй гэм зэмгүй номхон мэлтгэр нүдээр эзнээ аргадсан байртай хаа нэг гөлөлзөн харж, хэдийд хаана шар хэдгэнэ часхийлгэх бол хэмээн сэрэмжилж, занхгар толгойгоо зай завсаргүй хаялан сүүлээ шарван дэвхцэнэ. Духан дээр нь сүү дусаагаад тэр нь доош хамрыг нь даган урссан юм шиг яг л тийм халзан адуу л даа. Ташуурынхаа сурны үзүүрхнээр халзангийнхаа толгой руу зөөлхөн ороолгох юм билүү? гэж шийдсэнээ болив. Тэгээд ч ерөөсөө энэ муу шар хэдгэнүүдээс боллоо гэж ухаараад бүх хэдгэнийг том нударгаараа цөмийг савж алахаар шийдлээ. Хэдгэний хойноос жаахан гөрөөлснөө “Үгүй ер нь ингэхэд энэ муусайн хэдгэнүүдэд хүртэл ямар буруу байна? Тэд ч гэсэн хүмүүн бидэн шиг амьдрах гэж хоолныхоо хойноос хөөцөлдөж яваа, зуны хэдхэн дулаан өдрийн настай, муу заяаны амьтад бус уу? Ерөөсөө хэдгэнэ алахаа ч больё” гэж эцэст нь ухаарлаа.
Толгойны өвдөж байгаа гэж янзтай. Тархинд лав гэм суусан болтой. Дэргэд нөгөө тохойн чинээ хүү амаа ханцуйгаараа таглан битүүхэн хөхөрсөөр л байна. За яахав, нялх амьтан хөөрхий хөхөрч л байг. Харин хожим миний насыг хүртсэн хойноо “Би тэгэхэд юунд нь тэгтлээ хөхөрсөн юм бол? Хөөрхий тэр муу өвгөнд бол инээд биш ханиад л байсан даа” гэж ухаарна. Энэ орчлон угаасаа л ухаарлын орчлон юмсан хойно.
Морингийн бага өвөлжөө. 1997

No comments:

Post a Comment