Thursday, August 26, 2010

Шалбараа нь үгүй сэтгэл

Энэ зуны халууныг даанч яав аа? Бүр амьсгал авахуулахгүй нь! Дээл нэвт цоносон халуун өдрүүд ар араасаа буухиалан шатсаар хамаг дэлхийг хуйхалж дууслаа. Нарны тусгал яг л галт шилний тусгал шиг оносон газраас нь утаа уугих нь холгүй. Шатаж үхэх нь ээ! Голын хөвөөний ногоо наранд хуйхлагдаж, шалдраад малын хамар хатгах юм үлдсэнгүй. Ногоо бараадаж, уул өөд авирч нутагласан айлууд уснаас холдоод ангаж үхэх шахав. Хэдхэн жилийн өмнө жирэлзэн урсаж байсан гол горхи хувхай сайр болоод таана ханхалсан номин хөндийнүүд элсэн цөл болжээ.
Аварга цагаан сахал ясархаг дэнхэр толгойгоо, харьж шуугдсан хатмал бие бялдар нь дааж ядсан бор өвгөн шээзгий дээр гарч үүргэлээд сэрдэггүй ясан цагаан мориндоо авирсаар авирсаар амьсгаадан байж арай гэж мордлоо. Тэр бээр хоёр бяцхан бортго ганзгалаад нар шатахаас өрсөх санаатай өглөө эртлэн Гашууны булгийг зорих нь энэ. Ядарсан өвгөнд Гашууны булаг хол оо, их хол! Хашин морио давирсаар явтал үдийн халуун цоночихов.
Өвгөн агшсан давьжаа биендээ хэтэрхий ахлуудсан дэнхэр тэргүүнээ дааж ядан данхалзуулсаар арай гэж булаг дээр ирвэл цангасан адуу мал дор бүрнээ шимчихээр ус хайж, бас булаацалдаад туниа муутай булгийн ундаргыг шээс баастайгаа холин гишиглээд бүр далхалж гүйцжээ. Ундны ус авчихаар ундарга болгон шавартай хутгалдаад анчихаж. Адгуус аа гэж, аргагүй л адгуус юм даа!
Гомбо өвгөн ус утгах урт иштэй шанагаараа булаг дээр шавсан адуу малыг үргээж, ундны ус авчих ундарга хайлаа. Шалбааг туучин явж явж, нэг ундарга сонгоод усы нь амсаж үзвэл уухын арга алга. Нэл шивтэр! Өвгөн балгасан усаа залгиж чадалгүй тургисан авч тэр ундаргын шивтэртэй усыг шанагаараа шавхаад шинэ ундаргыг малаас харамлаж, шанагаар утгаж болох болтол нь аривжуулахаар эзэгнэн хүлээв.
Соном эмгэн гэрийнхээ гадаа усанд явсан өвгөнөө хүлээж зогссоор үд өнгөрөөлөө. Халуун зэргэлээнд нүд анилдан нозоорч мэлэлзэн ногоорох газар дэлхий хамаг амьтанд тэсэхийн аргагүй. Ашгүй манарч улайссан тэртээ хоолойн зэргэлээн дунд яс шиг цагаан морьтой хүн гялс хийв. Ам нь ангасан эмгэн “Овоо доо муу өвгөн минь гараад ирлээ. Ингээд л ямар ч ажлыг бүтээгээд ирдэг эр дээ” гээд эвэрсэн уруулаа долоов. Цагаан морьтой хүн байрнаасаа бараг үл хөдөлнө. Өвгөн их удаан наашлах ажээ. Хиншүү ханхалсан халуун наранд өвгөн хараажаар маш их ядарч яваа нь андашгүй. Эмгэн хатсан амаа шүлсээрээ шилэмдээд “За гайгүй ээ өвгөнийхөө авчирсан усаар ганц сайхан цай гараа гаргаж чаная байз хө!” гэж бардамнав.
Өвгөн гаднаа ирээд мориноос буух гэсэн нь хамаг бие нь оршиж хөшчихөөд бууж чаддагүй ээ. Эмгэн туслах гэсэн боловч өвгөн,
-Чи цаашаа! гэж эрэлхээд хавьтуулсангүй.
…Цангасан хоёр буурай чанасан цайгаа ууж ууж, хоёул ухаангүй, ундуй сундуй унтаад өгөв.
Оройхон хоёул сэрлээ.
Эмгэн нойрмоглон хагас дутуу өндиймөгц данх руугаа ухасхийв. Тэгээд данхаа сэгсэрч үзээд өвгөндөө,
-За Гомбо минь нөгөө цай чинь бас дуусчээ. Чи минь дахиад л өнөө усандаа явахаас даа! гэж аргадлаа.
-Юу гэнэ ээ?!
-Нөгөө хоёр бортго усаар чинь цанасан жаахан цай маань аль эрт дуусчээ.
-Арай үгүй байлгүй дээ!
-Дуусчээ дуусч! Худлаа гэвэл чи энэ хоосон данхаа үз!
Гомбо өвгөн хоосон данхаа хэдэнтээ сэгсэрч зайлж, бараг юм үзэхээ больсон цэхэр нүдээрээ ёроолыг шалгаад эмгэндээ,
-Чи яасан их уудаг бөөн лүд вэ? гэв.
-Чи ч гэсэн уугаа л биз дээ? Хоёулаа л уусан биз дээ.
-Чи намайг унтаж байхад данх шавхсанаас зайлахгүй.
-Хоёрхон муу жижиг бортго ус юу байхав дээ.
-Тэгээд одоо чи намайг “яа” гэх гээд байна?
-Чи минь дахиад л усанд явахаас даа.
-Усанд дахиад явах чадал надад алга!
-Тэгээд хоёулаа хатаж үхэх үү?
-Үх үх! гээд усанд явах зовлонгоо дахин гарцаагүй эдлэх болсноо ойлгосон өвгөн босон харайх гээд чадсангүй.
Эмгэн хоёр бортгоо бухимдсан өвгөндөө шургуу нь аргагүй их л зоригтой бэлэг сэлт мэт барьтал өвгөн эмгэнийхээ духан дунд тулганы үнс малтдаг жижиг модон малтуураар тоншиж орхилоо.
Муухай хэрэг тарьснаа өвгөн гэнэт ухаарч айсандаа хоёр бортгоо шалавхан шүүрч аваад Гашууны булаг орохоор дахин салгалахдаа шээзгий дээр гаралгүй мориндоо мордсоноо ч анзаарсангүй. Өвгөн бортгоноос арай арвин савтай усыг мориндоо тэгнэж хүч хүрдэггүй тул Гашууны булаг руу ингээд л ойрхон ойрхон сажлаад байхаас өөр аргагүй. Тэр бээр тун их ядарч явна.
Оройн ид халуунд дахиад усанд явсан өвгөнөө эмгэн өрөвдөж, духан дээрээ бултайсан жоохон цусанд тулганыхаа захаас цав цагаан үнс олж наах зуур,
-Муу золигийн чинь гарын тамир тийхнээрээ байна, энэ өвөлдөө алзахгүй онд орох нь л дээ, муу золиг чинь! гээд их л олзуурхаж суув.
2008-03-14

No comments:

Post a Comment