Thursday, August 26, 2010

Амгай Зуузай

Нохой гаслам халуун өдөр тогоо нэрж, галд шарагдсан Бүтэд эмгэн бүгчим гэрт бүтэж үхдэгийн даваан дээр сарампай хаалгаа сархийтэл нээж, толгойгоо гадагш цухуйлгавал хөлстэй духы нь зөөлөн сэрхрээ тааламжтай сэрүүцүүлэв. Өмгөр гэрийн дэлгэсэн үүдээр буцалсан хоормогны ааг халуун архины хамар хоолой цоргисон охьтой холилдон гадагш урслаа. Гэтэл Бүтэд авгайн дүлийрч хатуурсан чихэнд олон малын газар дэлхий пижигнүүлсэн их төвөргөөн цуурайдахад эмгэн наранд гялбасан улцан нүдээ анивчин байж хараачилбал ташуур далайсан баахан морьтон хар хурдаар довтолгон айсуй. Эмгэн асгарсан хөлсөө гарын араар шудрангаа,
-Хөөе цаана чинь ташуур далайсан юун олон архичин бэ? гэвэл гэрийн сүүдэрт тоглож суусан ач охин нь,
-Архичид биш ээ. Сүүлээ годойлгосон оодонгийн тугалууд хар хурдаараа жадгадан ирж явна гэв.
-Өө насаа нэм гэж эмгэн уулга алдаад гэртээ орж, нэрсэн архиа том вааранд салга гараараа савиуралгүй шалавхан юүвэлж амжив.
Ач охин гэрт гүйж орж ирснээ,
-Ээ гялай ваар маань дүүрчихлээ. Чихэр боов авч иднэ дээ гэж алга ташин цовхчиход Бүтэд,
-Хош золиг минь! Чи тэгээд манайх ваар дүүрэн архи хураасан гэж буусан суусан амьтан хүнд ам алдуузай гэж сануулав.
-Би ч яахав та л өөрөө хүнд өгчөөд байдаг шүү дээ гэж охин хэвлүүхэн мэтгэлцэхэд эмгэн тэр дорхноо инээмсэглээд,
-Нээрэн ч дээ миний охин тийм сүрхий ухаантай шүү гэж толгойгий нь илж өхөөрдлөө.
Хонь хариулсан өвгөн Пяранлай их л уцаартай ирэв. Тэр бээр эмгэндээ,
-Бүтэд минь чиний гурил идэж, цай уух хөг өнгөрсөөн. Тарваганд зүүсэн ганц хавхыг маань хулгайч авчихаж гэв.
Эмгэн харамссан боловч,
-За яахав ваараа дүүргэсэн. Архиа цай гурил болгоно доо гэж өвгөнөө тайтгаруулахад Пяранлай,
-Уг нь би ганц хоёр тарваганд төрийн хар хүн байна төмөр гутал өмсгөөд арьсаар нь идэх гурил уух цай л олох гэсийм гэж ялимгүй наргиантай мөртлөө цаагуураа нэлээд гомдонгуй өгүүлжээ.
Чингэтэл тэднийхийг чиглэн хөнгөн тэрэг айсуй.
Пяранлай өвгөн,
-Наймаачид л биз, манай энүүгээр ондоо юу явахав. Чи гар султай шүү. Одоо чинь зах зээлийн үе. Архиа зүгээр өгөхгүй. Аяга давс, атга гурилаас солино гэж сануулахад Бүтэд,
-Чи өөрөө тэсдэггүй шүү. Амаа хавхиж суугаарай гэж өөдөөс нь анхааруулав.
Олон хүн ирсний дотор танихаас ганцхан сумын засаг дарга явлаа. Засаг дарга хамт ирсэн хүмүүсээ танилцуулав. Хоймор суусан нүдэндээ шилтэй халзандуу эрийг "Ардын Их хурлын депутат Зуузай" гэснийг л хоёр хөгшин хагас хугас тогтоов. Их хурлын гишүүн Зуузай залуу хүн хэрнээ бузгай монголжуу, сүрхий ёсорхог нэгэн байлаа. Том цагаан хөөргөөр тамхилангаа тун ч сунжруу мэнд сольж эхлэхэд өвгөн дориун хариулж байснаа сүүлдээ эртний монголын мартагдсан зарим мэндийг нь мэдэхгүй бажигдав.
Зуузай нүд анин залбирснаа өвгөний бурханд духаа зөөлөн хүргээд хүрд эргүүлэхэд хоёр хөгшин “Үгүй ер бас ийм дарга байдаг аа” гэж гайхаж унах шахав. Зуузайг ингэмэгц дагалдан яваа бараа бологчид нь бүгд дэрхийн босож, дэлгүүрт оочерлодог социалист зуршлаараа бурханд өрсөлдөн дайрлаж мөргөх нь зах зээлийн үед шашны ивээл хүртэл хувчилагдаж дуусах нь уу гэлтэй. Тэдний нүд өлөн ховдог агаад түгшүүртэй. Хамгийн хачирхалтай нь аймагт насаараа намын дарга хийж, бурхан шатааж, бүрхээр жалбач машинаараа хэмх дайрч яваад ардчиллын өнгөнд тушаал бууж, саявтар сумын засаг даргын албанд дөнгөж тогтсон Амгай ардын их хурлын депутат Зуузайн урдуур мөлхөн зүтгэсээр бурхны өмнө сөхөрч Пяранлай өвгөний шороотой балиар адсаганд хүйтэн нойтон магнайгаараа амьсгаадан байж гурвантаа мөргөөд "Ум ма ни бад ми хум" гэж жижиг гэрт дэндүү чангадав уу гэлтэй уншуут бурхнаас түгхийтэл адис авч хүрд эргүүлээд санаа нь амарсан янзтай буцаж, доохнуур даруухан суув. Эцэст нь жолооч хархүү тос болсон хар гараасаа нэрэлхэн байж залбираад дээжин ширээнд сандруухан мөргөлөө.
Ингээд Их хурлын гишүүн амьдрал судалж эхэллээ. Тэр бээр хоёр хөгшнөөс гэнэт Их хурлынхаа албан хэллэггээр,
-Ямар хүндрэл байна? Юугаар хомсдож сууна? гэж асуухад Пяранлай,
-Хүндрэл гайгүй дээ гэж мөнхүү Их хурлын маяг аясаар хариулах гэж тэвдэнгүй оролдсоноо, -Харин дарга та юу гэлээ? Аа тийм, хомсдол гэвэл уух цай, идэх гурилаар л гурингатаж сууна. Гурингатаж сууна гэнэ, хомсдож сууна гэв.
Засаг дарга Амгай өвгөн эмгэн хоёрт,
-Танай бор гэрт Төрийн жолоо залалцаж яваа Зуузай гишүүн заларч байна. Олдошгүй энэ завшааныг хоосон алдах эрх та муу хоёрт байх ёсгүй! гэж сурсан зангаараа хоёр хөгшнийг элэг барин загнах гэснээ гэнэт ардчиллын үед алба хааж буйгаа санан сэхээ авч, -Юугаар хомсдож байна, түүнийгээ одоо илэн далангүй ярих момент учирлаа. Малчид хүндрэлээ бүрэн илэрхийлэхгүй бол Зуузай гишүүн та нарт юугаар туслахаа яаж таах юм бэ? Зүйтэй юу, эрхэм гишүүн Зуузай гуай? гэж Зуузайд хушуу дэвссэнээ эргэж хоёр хөгшинд, -Одоо чинь ардчиллын үе. Буруудаж, эсэргүүн болохоос бүү ай! гэж зөвлөлөө.
Сүүлдээ ач тус үзүүлэхээр морилсон Зуузайн үг Пяранлайд ойлгогдохоо болив. Дутагдаж буй гурил цайг хаанаас яаж олох арга ухаан зааж өгөөгүй мөртлөө жаахан сууж байгаад л "Төр засгаас та хоёр ямар туслалцаа авмаар байна, хэлээч?" гэж шалгаагаад тайван суулгахгүй нь яршиг болов. Тавагтай идээ сүүтэй цайгаа зочдод барьсан боловч өвгөнд нэг л юм дутагдаад болж өгдөггүй. Тэгээд Пяранлай эмгэндээ сэмхэн "Дарга нарт амсуулах юм" гэж дохилоо.
Бүтэд ваартайгаас гожин шилэнд таслах гэснээ нэрэлхэж, томхон данхаар дүүрэн архи юүлж сөгнөв.
Хөдөө газар ийм сайхан л гэнэ, шимийн архи эм л гэнэ, яриа хөөрөө жинхэнэ өрнөлөө.
Данхтай нанчид чилж, гийчид улам тухлав. Пяранлай тэссэнгүй эмгэн рүүгээ дахин дохилоо. Хоёр дахь данх хоосров. Гэтэл Амгай босож эмгэний чихэнд "Бүтэд гуай ийм том хүн танайд дахиад заяахгүй шүү. Юм байвал бүгдийг гарга" гэж тулгав.
Ваартай сархад дууслаа. Нүд нь дуниартсан Зуузай явахдаа өвгөн эмгэн хоёрт дахин дахин үнсүүлээд,
-Та хоёр Төр засгаас юу хүсмээр байна, түүнийгээ надаас гуй. Айлтгүй гуй. Хөөрхий хөдөөгийн хөгшчүүл минь бүр ядарчихаж. Нууцгүй хэлэхэд миний ард түмэн тун ядуу байна. Би харамсаж байна. Үүнийг би бодлогын хүрээнд боловсруулж, бодлого болгон явуулахаа амлая. Юугаар хомсдож байгаагаа мэддэггүй гэнэн цагаан бүдүүлэг малчид минь гэж уйлснаа өвгөний хүзүүгээр тас тэвэрч, -Наана чинь чамд туслах гээд Их хурлаас би ирчээд байна шүү дээ, дурак минь! гээд учир зүггүй сэгсчихэд өвгөн дургүйцэж, "Гурил цай, гутал хувцас хомс" гэж хашгирав. Эмгэн "Лаа шүдэнз бас давс" гэж нэмлээ.
Зуузайн нүд гэнэт ухаан орж байна уу гэлтэй дүрлийснээ "Аа тийм лаа давс, тэрийг би мэдсэн" гэж зогьсох зуур өгүүлээд Амгайдаа хөтлөгдөн машинд орж, "Баяртай" гэж сайхан инээсээр давхин одлоо.
Хоёр хөгшин хавх ч үгүй, архи ч үгүй, гурил цай, лаа шүдэнз ч үгүй, яана даа гэж халаглан зэлүүд нутагтаа торойсоор хоцортол ашгүй дахин нэг машин айсуй харагдав. Эмгэн "Яана аа, наймаачид л байх. Архи тарваганы арьс байхгүй хоёулаа юугаар гурил цай лаа шүдэнз авах вэ?" гэж цөхрөнгүй өгүүлэхэд өвгөн "Наймаачид бол ч яамай. Их хурлын гишүүд л биш байгаасай?" гэж түгшүүртэй өгүүлжээ.
Хашаат. 1993-12-25

No comments:

Post a Comment