Thursday, August 26, 2010

“Хашаатын өгүүллэгүүд” цуврал: Аймшигт амьсгаа

Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл оготоргуйг хаяа хатавчгүй бин битүүлж авмагц унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр. Өдөрхөн хурц нарны цоргих илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны хүн шиг инээх ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн сонсогдох нь дотор арзгануулам хүйтэн.
Би төөрчээ. Жолоогоо хумьж зогсоод чимээ анирдлаа. Өөд газар миний хүнд зовлогыг тээж зүтгэсэн хар морь минь басхүү анир чагнаархаж, дүхэлзсэн амьсгаагаа дарж ядахад түүний зүрхний цохилтоос өөр чимээ энэ их түнэр орчлонд сонсогдсонгүй. “Хар морь минь харанхуйд үзэгдэхгүй байгаа нь юун сайн бэ” гэж би олзуурхаад “Хэрэв цагаан морио унаж явсан бол өдийд намайг буудчихсан даа” гэж бодох агшинд янжуурын утаа ханхийв. Хээрийн агаарт тамхины үнэр содон гэж хачин.
Чингэтэл толгой дээр нижигнэсэн аймшигт нүргээн тэсэрч уулын оргил нурлаа. Хар морь балтасхийж, би өөрийн мэдэлгүй ташуураа чанга атгажээ. Их нуралтын чимээ шуугиан асар хурдаар уулсын ан завсраар ёроолгүй ангал руу тээр доош сураггүй талийх нь уулсын ноёлох оргилын дэл хад нурж, хавцлын уруу өнхрөлдөж, миний гарах гарцыг бөглөв болтой. Ойж буун дэгдэх аварга бул цохионууд мөр дээрээ таарсан байц цохиог бут мөргөж, харанхуйд хөх гал гялалзуулахыг морь бид хоёр удтал дагуулан тантсаар их нүргээн сая намдмагц хурааж түгжсэн амьсгалаа сэмээрхэн гадагшлуулав. Тэгээд дахин хад цохио нурах бол уу? Ер нь юу эс болдог бол? хэмээн эзэн морь хоёр оволзсон зүрхнийхээ цохилтыг дарж ядан хүлээв.
Дахин ямар ч авиа гарсангүй. Би мориныхоо нурууг амраахаар буулаа. Энэ балар ертөнцийн ганц чимээ-шар шувууны хүүглэх чимээ ч саяын нуралтад унтарчээ. Цааш явах уу, яахав? Мориноосоо асуухгүй бол би өөр хэнтэйгээ зөвшилцөх билээ. Мориноосоо асуух ч юу байхав, түүнийхээ янз байрыг шинжихэд л андашгүй сэн. Гэвч морь минь хөө харанхуйд даанч үзэгдсэнгүй. Соотон хоёр чих нь одоо юуг эзэндээ сануулж, солбин хайчилж буй бол? Урагш ахих уу, болих уу? гэдгийг төгрөг хар нүдэнд чинь заагаад өгөх өчүүхэн оч уг нь гялалзаж л байгаа сан. Нүхээ бөглөөд ичсэн тарвага л ийм сохор балар амьдардаг биз! Саяын тэсрэлт нүргээний доргионд бутарч задарсан уул хаднаас хачин хурц үнэр ханхлав. Би гар сунган ийш тийш тэмтэрлээ. Юу ч тааралдсангүй. Мориныхоо дэл чих толгойг илбэлээ. Хилэн хар минь усанд нивширсэн эсгий шиг нойтон байна. Ер нь л богшиж сульдсан янзтай. Айдас хүйдсийн сохор харанхуйд ганц бараа бологч унаа минь айж жийрхсэндээ над руу ханьсаж, үе үе сортолзож буй янзтай. Үзэгдэх юм даанч алга. Би зөвхөн таамаглаж сууна.
Тэгтэл гэнэт салхи сүрхийн нөөлөг цохилоо. Морь үргэн цоройсноо эзнээ нэг юмнаас өмөөрч давшлав. Морио тайвшруулахаар магнайгий нь илбэвэл тэр ямар нэгэн юмнаас айсандаа хамаг бие нь бөмбөгнөтөл чичирч хамартаа өртсөн муу зүгийн үнэрээс жигшин хуухирлаа. Пад харанхуйд дэргэд юу байгааг баримжаалах нөхцөл алга. Дэмий л гараа сунгаж, болгоомжтой тэмтэрлээ.
Чингэтэл юу болсон гэж санана: эхлээд би цочирдсондоо балтуссан байх. Миний гарын үзүүрт нэг зөөлхөн юм тааралдсан. Сэхээ аваад тунгаавал хүний нүцгэн биенд хүрсэн санагдана. Хөлөрсөн мориныхоо биеийг тэмтрэв үү? гээд дахин лавлаж бузгай үзсэн. Тэгтэл хүний нүцгэн бие мөн байсан. Бүр шав шалдан зөөлхөн бөгөөд цэл хүйтэн, бас тэгээд эмэгтэй хүний бие шиг санагдсан. Дахин тэмтрэх зориг хүрээгүй.
Морь минь намайг нэг юмнаас хамгаалан тойрч цамнаснаа хамраа тачигнуулан самарч тангарч давшлав. Балартсан ухаанаа дайчлан сэргэвэл янжуурын утаа дахин сэнгэнэж байна. Чингэтэл чихэнд хэн нэгний бүлээн амьсгаа хэржигнээд ирлээ. Түүний хамт архины эхүүн үнэр ханхийв. Энэ агшинд морь чарлаж, нэгэн зүйлийг тас нясбуутал тангарлаа. Би яаснаа ч ухаарсангүй нэг мэдэхнээ мориндоо үсрэн морджээ. Намайг мордмогц морь маань нэгэн зүг шуухиран харайлгав.
Гэтэл араас маш их амьсгаатай нэг юм элдэж гарав болтой. Бие нь үзэгдэхгүй мөртлөө уухилсан амьсгаа нь тодхон сонсогдож байлаа. Морь минь хар хурдаараа зугтлаа. Аль зүгийг барьж, энэ их хавцал хясаан дундуур зугтаж буйгаа баримжаалах сүйхээ надад байсангүй. "Хань минь ажнай минь зугтах замаа мэдтүгэй" гээд би жолоогоо сулруулав. Нөгөө их уухилсан амьсгаа морины сүүлэнд хүрэн алдаж, хүрэн алдаж байна уу гэлтэй нэхэн хөөх нь тов тодорхой. Хар морины туурайгаар хөндөгдөж, уулын уруу өнхрөлдсөн том том хүдэр хадар бул чулуу аварга аварга ургаа хад цохио мөргөн бут үүсэрч, үйрмэгүүд нь ян элгэн хана руу оч маналзуулан сүртэй еэ асгарч байна. Би мориныхоо салхинд хийсчихгүйг чармайж, дэлэнд нь нүүрээ наагаад бурханд залбирлаа. Араас аахилан хөөх бөөн амьсгаа нэг бүдгэрч, нэг тодорч байх шиг. "Хүлэг минь эзнээ авар. Гомбогүр минь ажнай хүлэгт минь хурд хайрла" гэж би наминчилж явлаа.
Хэдий болсныг бүү мэд. Хар морь улам дүүлж байна. Хойноос элдэх их амьсгаа бүдгэрч, харин түүний оронд нэгэн радио шивгэнэлээ. Нөгөө радио "Их долоогийн уулзалтаар зах зээлд эргэлт буцалтгүй орсон Орос улсад үзүүлэх тусламжийг нэмэх талаар ямар ч ахиц гарсангүй" гэж нэвтрүүлж байна.
Радионы шивэгнээ миний хилэн харын хурдыг гүйцэлгүй тэртээ хойно чимээ тасрахад нөгөө нэхэн хөөгч аймшигт амьсгаа ч сонсогдохоо болилоо.
Хар морь минь цойлсоор. Нэг мэдэхнээ харын минь чих үзэгдэж эхлэв. Хүлэг маань хоёр чихээ хулмайлган дүүлэх ажээ. Төдөлгүй үүрийн гэгээ шаргалтлаа. Газрын баримжаа мэдэгдэж эхлэв. Хар морь цочирдсондоо амаа тугтран хурдалсаар нэгэн ухаа давтал манай гэр харагдлаа. Төөрч будилсан эзнээ түмэн эх минь ийнхүү төрсөн нутаг ус, орон гэрт нь авчирч буй юмсанж.
Эхнэр маань өрхөө татаж явна. Хүү минь уурга суналзуулан адуу цуглуулахаар давхиж байна. Охин минь хувин бариад үхрийн зэл рүү алхаж харагдана. Ногоон хөндийг алдлан хонин сүрэг бэлчлээ. Манай гэрээс сүлд дуулал эгшиглэв.
Ёох! Үхээрийн тэр балар ангал ер нь юу байв аа? Лав л зүүд байгаагүй юмдаг.
Хашаат. Архудагийн өвөлжөө.199З

No comments:

Post a Comment