Thursday, August 26, 2010

Алсран бүдгэрэх Бурхад

Жаргах нарны хурц шаргал туяанд алтаар дүрэлзсэн Хөгнө хан уулын час улаан оргилууд дөл мэт эрвийж сэрвийсээр хөхрөн тэнгэрт бүдгэрлээ. Нар шингэмэгц Гашууны голын дагуухь ногоон дэнжүүд “яав ийв” гэлтэй сэрүү татуулав. Үдшийн бүрийд ганц бор гэрийг олон хонь битүү бүрхсэн нь бүдэг бадаг. Багшран хотолсон хонин сүрэг дундаас өөвгөр гэрийн зөвхөн тооно яндан цухуйжээ. Ааг шимтэй хурц исгэлэн, говийн гэлтэй нарийн ногоо гэдсээ түнхийтэл чихсэн хонин сүрэг “яая даа байз” гэсэн байртай хэвтэртээ тарвалзана. Хэнз ишиг хурга гэр тойрч тонгочин тоглох нь өхөөрдөм агаад зарим дүрсгүй нь бүр гэр дээр гарчээ.
Хойморт анивалзан мандах зулын гэрэлд үл ялим мишээсэн юм уу даа гэмээр бурхны дүр бүрэнхий гэрт гагцаар туяаран гийнэ. Эмгэн өвгөн хоёр нүүр нүүрээ сайн харахгүй агаад чих хатуутайгаас чанга чанга ярина. Гэр дээр гарсан нялх ишиг хурга хоёр буурайн толгой дээр унь шажигнуулан хотолзуулж, дүлий сонорыг нь бүр үймүүлэх авч тэр хоёр унтууцнаа л гэж үгүй. Арай торниухан багачуул гэр өөд цоройж, урд хоёр хөлөөр туурга маажих бөгөөд бас модон хаалга үе үе тачигнуулан мацаж, хоёр хөгшнийг цочооно.
Харанхуйд аягатай тараг шор шор оочиж суусан өвгөн Банди,
-Ойрдоо шөнө нойр хүрэхээ болилоо! гэхэд эмгэн Жагдал аман дахь ааруул өрмөө хүлхэнгээ,
-Хэний янаагүй шөнө нойр сэрвэлзээд байдаг боллоо. Та бид хоёр хэдэн сар мах амсалгүй дан цагаан идээгээр зуслаа шүү дээ! Сэрүүдэж байгаа юм байлгүй! гэв.
-Хай хөөрхий! гээд өвгөн тараг идсэн аягаа таамгаар долоож гарлаа.
Тэгтэл тооноор нэг жаахан ишиг хүзүү сунган толгойгоо доош нэлээд лав унжуулаад гэрийн доторх бүрэнхийг зүггүй нүдээр ажиглаж, чихээ овтой нь аргагүй ийш тийш дэрмэгнүүлэн чимээ чагнав. Хоёр буурай түүнийг харж зэрэг шахам “Ээ гөөгий ээ гөөгий” гэж өхөөрдөв.
Банди хутга билүүднэ. Зөөлөн билүүгээр хутгаа нэлээд үрээд хутганд наалдсан билүүний баасыг арилгав. Чингээд ирий нь хурууныхаа өндгөөр болгоомжтой тэмтэрч шалгаад толгой сэжилснээ дахин билүүдлээ. Жагдал маани гүвтнэн том цөгцөнд зул хийнэ. Банди хутгаа билүүдэж билүүдэж, ирий нь дахин тэмтрээд санаа алдсанаа өндийж хүрдээ хэдэнтээ эргүүлээд тулганы захын адсаганы сэжүүр дөнгөж сөхөөд ирэлсэн хутгаа нуув.
Ашгүй бахираа Цадмид ч ороод ирлээ.
Гэрийнхээ гадаа хаяанд хөм дэвсэж, дээр нь өглөөнөөс хойш билүүдсэн хутгаа хойш харуулж тавиад Банди Цадмидыг дагуулан хот руу очтол хонь Цадмидаас үргэж тургичин хуйлраад жигтэй юм болов. Энэ ч яахав, гайхах үзэгдэл биш. Тэдний хонь хоёр хөгшнөөс ондоо хүний бараа харахгүй, үргэж цойлдог зантайг энэ голынхон андахгүй. Гэвч энэ удаа хонь нь Цадмидаас арай л дэндүү айж байх шиг. Бүх хонины нь нүд түгшүүртэй бүлтэгнэн гялалзаж, толгой цогнойлгон Цадмид руу харж хуухчаад эгээ л чононд хөөгдөж цойлсон мал мэт. Хоёр хөгшин сэжиглэнгүй бие биеийг харснаа золтой л “хонь хийхээ болих уу” гэж үг алдсангүй.
Үргэж хуйларсан догшин сүргийг Цадмид ад үзэж,
-Оодорч гүйцсэн муусайн чонын хоолнууд. Гэдсийг чинь хүүлээд өгнө өө гайгүй! гэснээ өвгөнд хандаж, -За алийг барих вэ? Бушуул! Би ажилтай. Яарч байна! гэвэл өвгөн тулгамдаж,
-Эмгэн мэднэ! гэж бухлаа.
-Үгүй ер өө, би мэдэхдээ яадаг юм бэ? Эр хүн байна, та өөрөө алах хонио зааж өг! гэж Жагдал эмгэн нүглээс бултсанаа “Алиний нь оноо таардаг юм бол доо” гээд Нарт Өндөртөө залбирав.
Аргагүй шаагдсан өвгөн хонин дундуураа цаазлах хонио сонгохоор туучив. “Энэ олон хөөрхөн амьтны алийг би зааж өгч алтан амий нь бүрэлгэх вэ?”. Банди нэг мэдэхнээ ийм хэцүү даалгаварт тохогдсоноо сая ухаарч эмгэндээ дургүй нь хүрэв. Энэ мөчид хэдэн хонины нь амь малын амь бус хүний амь мэт айдас төрүүлсэн ухаарал хамаг биеий нь эзэмдлээ. Үнэндээ хүн малын амь ялгаа ч юу билээ. Алуулж буй хонь, алуулж буй хүн шиг л зовно. Чухамдаа амь тасрах аймшигт агшин, хүн малд ижил байх учиртай.
Муулах хонио сонгож чадахгүй мунгинаад удаад яваа өвгөнөө эмгэн ойлгож, бас өрөвдөөд, хажуудаа бухимдангуй зогссон бахираа Цадмидаас эмээхдээ,
-Энэ хэдэн хонь чинь, өвгөн бид хоёрт бол хонь биш, хүн шиг л бодогддог юм. Хөөрхийсийн алийг ч гэж болдоггүй, хэцүү байдгийм! гэлээ.
-Аль нь ч яадгиймбэ! Гарт таарсны нь хага татах хэрэгтэй! гэж Цадмид ууралсан боловч цаанаа эмгэнийг цаашлуулсан инээдээ арай гэж нуув.
Өвгөн хонин дундуураа туучиж туучиж эцэст нэг хонь заав. Цадмид нөгөө хонийг барих гэсэн нь баригддаггүй ээ! Зэрлэг амьтад шиг догшин тарган хонинууд үргэж хуйлраад жигтэйхэн. Бахираа Цадмид урт нударга савчуулан хоёр богинохон хөлөө сөхөртөл нөгөө хонийг элдэв. Элдэж элдэж арай гэж нэг юм барьж аваад гэрийн зүг амьсгаадан чиртэл эмгэн гүйж ирээд уруулы нь сөхөж шүдий нь үзсэнээ,
-Шүд нь сийх яагаа ч үгүй цэл залуугаараа хонь байна. Наадхийгаа тавь! Өөр ахимаг хонь олъё! гэв.
Тарган, том, ярдаг хонь чирсэндээ амьсгаа нь оволзсон Цадмид уурлах гэснээ больж, “Энэ хоёр зөнөг намайг ер нь яаж зовоох нь вэ? Харъя байз хөө! Тэвчээр гаргаж, яахыг нь үзээд энэ голынхонд ярья” гэсэн шооч зан нь хөдөлжээ.
Банди амьтны амины нүглээс зайлсхийхээр Жагдалдаа,
-Тэр хөгшин хонио тэгвэл чи зааж өг! гэж лаахайдав.
Хоёр эзнээсээ өөр хүнээс ухаангүй үргэдэг зэрлэг сүрэг бахираа Цадмидад түрүү нь нэгийгээ гэнэдэж шүүрүүлснээс болов уу яав, Цадмидыг чоно хэмээн улам үелзлээ. Эмгэн муулах хонио нэлээд хайв. Удаан зогссондоо хөл нь өвдсөн Цадмидын тэвчээр барагдаад бахирах янзтай. Явж явж эмгэн арга буюу нэг хонь заав. Нөгөө хоний нь Цадмид чоно мэт мярааж байгаад арга ухаанаар арай хялбархан шүүрээд автал өвгөн тэндээс,
-Наадахь чинь болохгүй ээ! Аавын минь сэтэртэй хонины удмаас үлдээд байгаа ганц хонь гэв.
Гайхахын ихээр гайхсан Цадмид,
-Банди гуай, танай аав өөд болоод хэдэн жил болж байна? гэвэл,
-Дөчин жил болж байна! гэнэ.
Цадмидын тавьсан хонь сулраад ижил олон сүрэг рүүгээ тонгочин давхихыг өвгөн хараад,
-Хөөрхий минь, амь гарсандаа баярлаад тонгочиж байх шив! гээд нэг амьтны амь аварсандаа урамтай царайлав.
Гэвч Бандийн царай тэр дорхноо барайж, “Нэгний нь амийг аварснаар нөгөөгий нь амь хохирох боллоо. Амь гарсан хонь Бандид баярлахад дараа нь алуулсан хонь Бандийг хараана. Тэгэхээр саяын хонийг аварсан буян дараа нь муулуулах хонины нүглээр солигдох юм байна” гэсэн бодолд унав.
Залхаж гүйцсэн Цадмид,
-Одоо би чадахгүй. Явах минь! Арын ажил хэцүүдлээ. Хонио та өөрөө гаргана биз! гэхэд Банди өвгөн,
-Хүү минь, миний голы нь тасалсан хонь майлаад үхэж өгөхөө больсон байна лээ! гэж учирлав.
Үхэр чангаар мөөрлөө. Эмгэн,
-Өө ашгүй үнээ ирлээ! гээд сайхан далим гарлаа гэсэн байртай өвгөндөө, -Би явж үнээгээ саалаа. Та идэх хонио Цадмидад зааж өгөөд бариулчих! гээд бултлаа.
Гарах газаргүй болсон Бандийн нүд томорч цэхийснээ,
-Тэгэх үү дээ? гэж арга буюу дурамчхан зөвшөөрсөн авч дотроо эмгэндээ дургүй нь ихээр хүрчээ.
Чандага шиг онгон цагаан хоньд ярс ярс бутрах нь эмнэг адуу шиг чийртай. Дотор нь бахираа Цадмид хөлсөө цувуулан нэг хонь элдэнэ. Өвгөн хонио Цадмидад хурааж хумиж өгөх гэсэн авч хөл нь гүйцэхгүй. Сүүлдээ Цадмидын тэвчээр барагдаж бархирч гарлаа.
Эмгэн үнээнийхээ хөхийг шувтчих зуур уурандаа бахирч эхэлсэн Цадмидаас их л айж суув. Үргэсэн сүргийн хөлөөр хотны тоос манарч бахираа Цадмидын чарлаанд саахалтын ноход борголоо. Эцсийн эцэст Цадмид нэг хонь барьж аваад хүзүүн дээр нь мордоод гэрийн хаяанд орхисон хөм хутаг хоёр луу уурандаа шороо манаруулан хар хүчээр ширүүхэн чирлээ. Бахираагийн хамаг биений нь хар хөлс цутгажээ.
Тэгтэл эмгэн үнээн дороосоо босон харайж,
-Очиж очиж миний муу сүүт хундангаас өөр юм олдсонгүй юү? Наадахь чинь дандаа ихэрлэдэг хонь. Энэ жил хоёр ихэр хургаа тэжээж чадахгүй надаар тэжээлгэж байж арай чүү онд орсон амьтан. Зовж зүдэрч арай гэж сэхсэн амьтны махыг би л лав идэж чадахгүй. Цадмид чи наад хонио тавиад өөр хонь барь! гэж угийн зөөлөн зантай дандаа инээмсэглэж явдаг эмгэн юу болчихов гэмээр хашигчив.
Цадмид өвгөн өөд харж,
-Яахав? гэвэл ядарч залхсан өвгөн,
-Тавихаас даа! гэж цөхрөнгүй хэллээ.
Амь гарсан сүүт хундан хотноосоо шуурхай бэлчсэн сүргийнхээ араас сүүлээ далбагануулан давхиж явахдаа бүдэрч хушуугаараа газар хатган тоос татуулан шургачихад хоёр хөгшин өхөөрдөн хөөрхийлөв.
Цадмидын уур дэлбэ үсэрлээ:
-Та муу хоёр ганц хониор тэвчиж шөл ууж чадахгүй байсан юм бол яах гэж намайг гуйсан юм бэ? Ёо ёо, ядарч үхлээ байна. Хөгширч үхэх гэж байж, идэж чадахгүй, энэ олон хохироогоор юугаа хийх гээв? гэх мэт бахирч бархирч, эцэст нь айж бүлтгэнэсэн хоёр буурайг үзэн ядсан харцаар цоргиж, -Тэгээд одоо яах юм бэ? Бэлчээд явчихсан хонио хурааж ирж, гаргах хонио бариулах юм уу, үгүй юм уу? гэв.
Хоёр хөгшин ам амандаа,
-Больё доо, хүү минь, больё!
-Зуны энэ халуунд, идээ цагаа бялхаж байхад, ерөөсөө махаар яах юм бэ?
-Таргаа уугаад л хоноцгооё! гэцгээв.
Гайхаш нь барагдсан Цадмид аман дотроо,
-Хоёр хулхи хүн завгүй байхад надаар тоглоом хийлээ. Хэдэн хятиары нь чоно хядаасай билээ! гээд гэрийн зүг морио шав шув гуядсаар давхин одлоо.
…Өвгөн халуун наранд шарагдан хониныхоо дэргэд сууна. Хонь нь түүнээс үргэнэ гэж байхгүй. Аль л амттай ногоо шилж, сорчлон хазалсаар нов ногоон довон дээр суусан өвгөнийг нөмөрлөө. Өвгөн хонин дундаасаа харагдахгүй болчихов. Өвгөний дэргэд ирсэн хонины түрүүч шар нүдээрээ өвгөнийг “Энэ маань, манай өвгөн үү, бахираа Цадмид уу?” хэмээн баахан ажигласнаа эзнээ таньж, ширүүн тачир үстэй хушуугаараа дээл хувцсыг нь хэдэнтээ шүржгэнэтэл үнэрлээд өнгөрөхөд дараагийн хонь ирж мөн тэгээд цаашилна. Идээшилж буй хониныхоо хушуу турууны бүдэгхэн анирыг өвгөн чагнан чагнан маани мэгзэм уншина.
Бандийг орой гэртээ харихад гэрээр нь дүүрэн сайхан хоолны үнэр ханхалж угтав. Жагдал эмгэн борцтой сайхан хоол хийгээд малилзаж сууна. Яасан бэ? гэвэл бахираа Цадмид “Шөл хийж уу” гэж хэдэн сайхан годгор борц авчирч өгчээ. Өвгөн эмгэн хоёр хөлс алдаж, борцтой, тасалсан нарийн цагаан гурилтай хоол зооглох зуураа “Энэ өвлийн идшээ ахиухан хийж, зөндөөн борц хийж авъя” хэмээн бие биендээ сануулж суулаа.
Цагаа болохоор тэвчих юм болов уу даа, яадаг юм бол?!

3 comments:

  1. Санамсаргүй явж байгаад танайд орчихлоо. Үсэг мэддэг хүн болгоны бичсэн өгүүллэгүүд нэтээр дүүрэн байна. Юу бичих гэсэн нь ч мэдэгдэхгүй нь дийлэнх олонх нь. Харин энд л жинхэнэ үгийн урлаг, санааны уран хурцыг харав. Гайхамшигтай юм. Тээр жил багадаа Дарамын Батбаяр гуайн номыг уншиж байснаас хойш анх удаа энд л ингэж нэг таашаал авлаа даа. Танд уран бүтээлийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!

    ReplyDelete
  2. Доржготов гуайдаа сайн сайхан бүхэнийг хүсье,Урт насалж олон сайхан ном бүтээж бум буман хүмүүсийн оюунд гэгээн өглөгөө хүртээгээрэй

    ReplyDelete
  3. Сайхан өгүүллэг байнаа. Уншууртай зүйл ховордоод байгаа энэ цагт эрдэнэ олох лугаа их тохиол боллоо.

    ReplyDelete