Thursday, August 26, 2010

Амьтан

Эврийн ор ч үгүй хоёр хуц мөргөлдөж байна. Даргар эвэртэй хуцны мөргөлдөөнөөс мухар хуцны түншилдээн сонин. Омог хилэн мэт зангирч мушгирсан аварга хос эврүүд хоорондоо гал манартал тархийх нь цаагуураа хуцны духыг хамгаалж байна гэсэн сэжиг төрүүлдэг. Эвэр хэмээгч бие хамгаалагчтай төрсөн дух азтай дух! Эвэртэй эвэргүй хоёр хуцны мөргөлдөөн бол бүр ч шударга бус тэмцээн. Харин хоёр мухар хуцны зодоон өөр хэрэг. Ямар ч хамгаалалт жийргэвчгүй хоёр гөлөөн дух тасхийн тулахад харсан хүний магнай өвддөг. Энэ нь маш сонин байгаа юм. Жар далан килограммын жинтэй хоёр мунадаг түнжин хуц хойш ухран ухарсаар гэнэт өөд өөдөөсөө хар хурдаараа цойлон нисэж, лут том биеийнхээ бүх жингээр ясан гавлаараа ягбуухад хоёр сайхан эцэг малын толгой заадсаараа зад үсрэв үү? гэлтэй агаад хиншүү үнэртэх шиг болно. Тэд хоёул балартсан шар нүдээ эргэлдүүлж, хэсэг зуур салганан ийш тийш дэмий тэнэснээ сая дөнгөж өөрийн ухаан орж, сэхмэгц уур хорсолдоо түрүүчийнхээсээ хол ухарна. Холхон айлын хэрийн зай аваад сэрвээ цээж түхийлгэсэн хоёр том цагаан сум чавхдан цахилсаар лүгхийхэд хоёулангийнх нь нус суга үсрэв.
Цөөвтөр хонины захад ийнхүү хоёр хуц тэмцэлдэж, хоньчин эр Мугалцаг тэднийг харж зугаацна. Мугалцаг зураг хөдөлмөрийн багш бөгөөд хорь гаруй жил сумын арван жилийн дунд сургуульд багшлаад малчин болсон тул хуцны мөргөлдөөнийг ингэтлээ шохоорхжээ. Багшийн царай нар салхинд хөсрийтсөн агаад тэр бээр армаг тармаг сахлаа ширхэгчлэн тэмтрэх зуур хуцны зодолдоон сонирхож, ийнхүү инээмсэглэж сууна.
Мугалцаг сумын төвд тракторын чиргүүл дээр гарчихсан "Нэгдлийн дарга Монголхаан, сумын намын хорооны дарга Лантуу нар огцор! Нэгдлийг тараая! Малыг малчдад өгцгөө!" гэж хашхирч байж чулуугаар халзарч яваа гялаан духаа хага цохиулж, цугласан олны инээдэм болжээ. Нэгдлийн дээгүүр зиндааны өндөр цалинтай албан хаагчид ардчилалд бухимдахдаа чиргүүл дээр илтгэгч Мугалцаг өөд чулуун мөндөр буулгаж, тэр бээр цус асгарсан улаан толгойгоо дарсаар "индрээс" өөрөөр хэлбэл тракторын чиргүүлээс хөөгдөж буухдаа "Малыг малчдад өг. Нэгдлийг тараая" гэж гар занган орилохтойгоо байв.
Өдгөө ардчилсан нам хөдөлгөөний удирдагчид мэдэгдэхдээ "Ардчилсан хувьсгалыг бид хийхдээ дусал цус гаргаагүй" гэж сүржигнэхэд Мугалцаг багшийн духны сорви загатнах шиг болдог ажээ. Ардчиллын хөлд духандаа сорвитой хоцорсон Мугалцаг орон даяар багш нар ажил хаяж эхэлмэгц тэр даруй сургуулийнхаа багш нарыг уруу татаж, ажил хаяулж, амьтны хараал идлээ. Мугалцаг багш сумандаа ардчилсан холбооны салбар байгуулсан хүн. Үзэл нэгт нөхөд нь түүнийг салбарынхаа ахлагчаар сонгожээ. Мугалцаг нэгдпийн гишүүн-малчдыг ямагт үнэн сэтгэлээс өмөөрнө. Малчдыг мөлжигдөгч хөөрхий боолууд гэж үзнэ. Мугалцаг багшийнхаар өндөр цалинтай дарга нар бол малчдыг шулан мөлжигчид ажээ.
Асар удалгүй нэгдлийг тараах хөдөлгөөн улс даяар давалгаалав. Энэ сургаар Монголхаан дарга эрх тушаалаа ашиглан нэгдлийн кассанд байсан бэлэн мөнгийг өвөртлөн Европ Азийн орнуудаар панз үсэргэж, мөнгө унагаж, хагартлаа баяжаад нэгдлийн мөнгийг төмөр авдарт нь тоо ёсоор нь буцаагаад сэмхэн хийчихэв. Эцэст нь нэгдэл тардаг ёсоороо тарж, мал сүрэг малчдад очдог жамаараа очлоо.
Монголхаан дарга хувьцаа, бэлгийн журмаар баахан мал аваад алс холын төрсөн нутгаа бараадлаа. Энэ бүх өөрчлөлт олны нүдний өмнө Мугалцагийн шаардлагын дагуу болж буй нь бүхэнд илэрхий хэдий ч Мугалцагт нэг ч хүн "Чиний зөв байжээ" гэж урам хайралсангүй. Мугалцаг үүнд гомдох эр биш. Гэвч гомдмоор юм нэг гарлаа: Сумын намын хороо татан буугдаж, Мугалцагийг баярлуултал намын хорооны дарга, урьд багшилж явсан Лантуу ажилгүй болмогц сумын арван жилийн сургуулийн захирал болно гэж дээшээ МАХН-ын Төв Хороо хүртэл туньж, айлгаад, захирал болчихдог гэнэ. Захирал болмогц угийн илтгэх донтой Лантуу хурал цуглаан бүр дээр босож, "Коммунист харгис дэглэм”, “Нэг намын дарангуйллын эсрэг бүх нийтээр тэмцье" гэж зүсээ хувирган уриалдаг боллоо. Үүнд Мугалцагийн дургүй маш их хүрнэ. Сумын төвийн хамгийн дориун байшин-намын кабинетыг Лантуу хувьдаа авч архины газар-баар нээв. Сумын төвөөр согтуучуул өдөр шөнөгүй хэлхэлдэж, хэрүүл маргаан, зодоон цохио гаарлаа. Суманд суудаг цагдаа гадаад дотоодод ганзгын наймаа хөөцөлдөж, баахан спирт авчирч Лантуу даргын баарны үүдээр шөнө дундаас хойш согтуу хүмүүст "шаг"-лаад ухаангүй согтсоныг нь "эрүүлжүүлэх байр” хэмээх өөрийн хэмхэрхий пинд цоожилж хонуулсны төлөө хэдэн төгрөгийг нь бас хураан авч хувьдаа завшдаг болов. Лантуу өөрийн хэдэн хүүхдийг гадаадад спиртэнд байнга илгээнэ. Хөдөө нутагт ардчилал иймэрхүү маягтай өрнөж, Мугалцагийн дургүйг хүргэлээ. Эцэстээ Лантуу захирлын архины газрын талаар хэл үг дэгдэж, аймгийн хувьсгалт намын Хороо гишүүн Лантуудаа анхааруулахад тэр бээр хувьсгалт намаас гарснаа зарлав.
Нэгэн өдөр ардчилсан холбооны бие төлөөлөгч аравдугаар ангийн сурагч шиг хүү ирлээ. Тэр хүүтэй хамгийн түрүүнд уулзсан хүн Лантуу бөгөөд ирсэн залуу ардчилсан холбооны сумын салбарынхантай уулзаад төгсгөлд нь үзэл бодлоо эрс өөрчилөн хувьсгалт намаас гарч ардчилсан намд элссэн, удирдах ажлын нөр их туршлагатай Лантуугаар ардчилсан холбооны сумын салбарын ахлагч тавиад буцсан юмсанж.
Харсаар суугаад алтан мөрөөдөл ардчиллаа хувьсгалт намынханд алдчихсан Мугалцаг багш гутарсандаа ажлаас гарч авдар эрээлэх гэр угалзлахаас эхлээд араг савар авс хүртэл хийх бизнес хөөцөлдөж, хэдэн малтай болсон бөлгөө.
Хоёр мухар хуц солир мэт мөргөлдөхөд тавган сүүл нь далбагасхийж, шээгтэй халтар хонго нь онголзоно. Мугалцаг багш хоёр хуцны нүцгэн дух ягхийх бүрд нүдээ анивчисхийн цочсоноо эвэршиж сайртсан хурууныхаа ширүүн өндгөөр магнайныхаа сорвийг үрнэ. Хоёр хуц алсаас дүүлэн ойртмогц чихээ дэрмийлгэн толгойгоо гилжийлгэн нүцгэн духаараа яг тулах гэтэл нэг хуцны нь зориг шантарч хажуу тийш зайлан зугтлаа. Дийлсэн хуц дэлдийснийгээ элдэж, хавирга дал руу нь нудчин түншив. Цаадахь нь үнэнхүү хулчийсан тул мөргөлдөх сэхээгүй түүнээс зугтлаа. Ялсан хуц ялагдсаныгаа "Чи бол хуц биш эм хонь" хэмээн доромжилж буй янзтай араас нь харайж мордож дээрэлхэнэ. Ялагдсан хуц "Би эм хонь биш. Би хуц, би эцэг мал" гэж жигтэйхэн сэжиглэж буй авч түүнд мөргөлдөх тэнхээ үнэхээр мохсон учир эм хонь мэт хуцанд гоомоодуулж бухимдан зугтлаа.
Мөргөлдөөний төгсгөл Мугалцаг багшид таалагдсангүй.
Энэ зуур багшийн хэдэн хонь үргэж бөөгнөрлөө. Юу болов? Чоно нохой юу? гэж Мугалцаг ийш тийш хартал гуйвж дайвсан нэгэн морьтон довтолгон айсуй. Ойртож ирвэл хувьцааны баячуудын нэг "амьтан" хочтой Балбар ажээ. Амьтан Балбар шал согтуу. "Балбар чинь амьтандаа ямар амьтан юм бэ?" гэвэл "Амьтны хувьд яах аргагүй амьтан, гэхдээ чухам ямар амьтныг бүү мэд. Лав л хүн биш" гэж Мугалцаг багш бодно.
Тарган хул морь айж сандарсан төгрөг хар нүд гялалзуулан хамраа сарталзуулж, дэлбэртлээ уухилахад төмөр дөрөө нь гүлмээ цохилон үл мэдэг жингэнэж байлаа. Балбар албаар ухаангүй согтсон дүр гаргаж, том ташуураа далайсаар Мугалцагт дөхөж ирээд,
-Аа яа яа! Сэхээтэн гуай хонь сайн хариулж явна уу? Эрдэмтэн багш хүн хөдөөний бүдүүлэг маньтай ижил болно гэж арай баймгүй яа! гээд Мугалцагийн дал мөрнөөс татан гэдрэг унагав. Хүндэтгэж өмөөрч явдаг малчдынхаа нэгэнд энэ удаа Мугалцаг багшид хэлэх үг олдсонгүй. Балбар хэрсэн бух адил том улаан нүд эргэлдүүлснээ багшийг заамдан авч,
-Чи муу дуугарахгүй юундаа их зан гаргаав? Муусайн дарга сэхээтэн нарыг одоо малчид бид дарлах цаг ирсэн. Мэдэв үү? гээд Мугалцагийг өнхөрч унатал алгадав.
Багшийн хулхи дүлийрээд газар дэлхий шарлан дайвалзлаа. Дүлийрсэн чихэнд Балбарын эгдүүтэй хөхрөх чимээ бүдэгхэн сонсогдоно.
-Чи муу намайг зодлоо гээд яваад сураарай. Дарга нарыг хаацайлж, малчдыг шоронд хийж байсан тэр цагдаа шүүх прокурор чинь одоо миний халуун хамууд болсон. Би нэг хамдаа тарган сувай үнээ өвлийн хүнсэнд өгөхөд л бүх юм минийхээр шийдэгдэнэ. Ойлгов уу? гээд Мугалцагийн хавирга руу хүчтэй өшиглөв. Тэгээд морь луугаа явахдаа,
-Чи муу юутай гуйлгачин бэ? Одоо малчин бидний ээлж ирсэн, ойлгов уу? Дарга явсан муусайн нохойн хоолнуудтай одоо тооцоо бодно доо. Муусайн дарга нар? Бодохоос харахаас өшөөгөө авмаар хорхой хүрч бие загатнах юм. Намын гишүүн дарга нарыг өмөөрч малчин биднийг шийтгэдэг тэр хууль чинь сөнөсөн гэж мэдээрэй! гэж хамраа сарталзуулснаа, -Чамайг ер нь алчихсан ч яадаг юм бэ? Эзгүй хээр гэрчийн этгээдгүй байна, нохойн хоол минь! Хувалз шиг пиндийсэн дарга нар малчин биднийг яаж яллаж байлаа? Одоо та нараас хариугаа авна. Багш ч гэсэн адилхан бас л маньдаа дарга л явсан! гээд амьтан Балбар ханцуйгаа шамлан бүдүүн ташуураа зангасаар дөхөж ирлээ.
Мугалцаг багш,
-Балбар чи хүн биш аргаүй л амьтан юм даа! гэж дөнгөж бувтнаад юу болохыг хүлээн хэвтлээ.
Хашаат. Архудагийн өвөлжөө. 1994

No comments:

Post a Comment