Monday, August 23, 2010

Товч намтар гэв үү

-Товч намтар гэв үү? За би хариулъя: 1940 онд төрсөн. Луу жилтэй, охины орд. Бага дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн. Роман, тууж өгүүллэг, хошин зохиол, нийтлэлийн хорь гаруй ном бичжээ. Мөн уран зохиолынхоо завсар чөлөөгөөр шог зураг зурах хоббитой, шог зураг маань эдүгээ хэдэн зуугаар тоологдох биз ээ. Монгол улсын төрийн шагнал, Соёлын гавъяат зүтгэлтэн, Д. Нацагдоржийн шагнал, олон улсын хошин шог зохиолын “Алеко” уралдааны “мөнгөн зараа” шагнал хүртэж явсан азтай толгой. Ухаажсан уншигчийн сэтгэлийг уярааж, ходоодыг гижигдэж, инээд нулимс хоёрыг холих дуртай. “Өрөвдөх сэтгэлээ хошин аясаар өнгөцхөөн хучаад үзгээ барь” гэж өөртөө захидаг. Инээхгүй юманд инээх дургүй учраас ухаарч инээцгээе гэж уриалдаг. Уншигч цөөрөөд зохиолч олшроод буйд харамсдаг. Би тэмцэгч биш өчүүхэн мэдрэгч нэгэн. Авъяастай байх томоотой байхаас хэцүү гэж бичсэн удаа бий. Ухаантан олшроод өрөвч сэтгэлтэн цөөрч буйд эмзгэлдэг бөгөөд энэ эмзэглэл зохиолын сэдэв болох нь бий. Амьдрал бол явж явж нулимс. Амьдрал дан инээд биш. Амьдрал нулимсаар төгсдөг. Нас өндөр боллоо. Нэг мэдэхнээ өөрийн эрхгүй энэ сэдвээр бичиж эхэлжээ. Шударга нь шударга бусыгаа дийлээсэй гэж би залбирдаг. Шударга бус нь шударгыгаа дийлэхэд шаналдаг. Энэ шаналал миний уран бүтээлийн эрэл болдог. Тэгээд ч би гол төлөв гарц хайсан шүүмжлэлт зохиол бичжээ. Би хар багаас ямар нэг юм өөд тэмүүлээд буй юм шиг амьдарсан хүн. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ? гэж эдүгээ тунгаахад “шударга нь шударга бусыг дийлдэг нийгмийг” энэ яваа насандаа нүдээрээ үзэхсэн гэж тэмүүлсэн болтой. Миний уран бүтээлийн өнгө аяс “Тоншуул” сэтүүлийн нийтлэлийн бодлогод яв цав тохирсон болтой. Би тус сэтгүүлийн зохиолч нь, зураач нь, эрэн сурвалжлагч-сэтгүүлч нь, дизайн нь, орчуулагч нь, хянагч нь, нийлэгч нь болж, залхуу заваан, худалч хулгайч, бэртэгчин луйварчин, хүнд сурталтан, бялдууч матаач нартай үзэж тарж явлаа. “Тоншуул” сэтгүүлийг авъяаслаг 5 хүн сард 2 удаа гаргаж, захиалга нь 120 мянга хүрч, жилд МАХН-ын санхүүд 400-500 мянган төгрөг оруулж явсан учраас бид тав нүгэлгүй орлогоор амьдарчээ. Би бээр 18-аас 70 нас хүртлээ нийгмээ цэвэр байлгах гэж 52 жил зохиол зураг нийтлэлийн сэдэв хайж, эдүгээ чамгүй олон “юм” бүтээжээ. Ардчилсан Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж миний 52 жилийн хөдөлмөрийг 70 насанд минь цэгнэж соёлын гавъяат хэмээх алдар хайрлав. Насны минь тайлан гавъяат цол хүртсэнд сэтгэл тэнийж гүйцлээ. Хийсэн бүтээсэндээ үхэхийн өмнө Төрөөр дүн тавиулж сэтгэл ханалаа. “Тоншуул” сэтгүүл болон Зохиолчдын хороонд хашиж байсан албаныхаа гадуур уран бүтээл туурвихаар том жижиг олон зохиол бичсэн бөгөөд түүний дундаас “Тэнгэр дуургарахын өмнө” тэрслүү тууж, уянгын хоёр, хошин хоёр өгүүллэгт минь Горькийн сургуулийн бүтээгдэхүүн зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Ерөнхийлөгч Н. Энхбаяр уран зохиолын өндөр мэдрэмжээрээ төрийн шагнал хүртээж, миний хувьд юутай ч зүйрлэшгүй азын тэнгэр гийсэн билээ. Гялайлаа.

3 comments:

  1. ondor tovshind uhaantai bichjee

    ReplyDelete
  2. тэнгэр дуугарахын өмнө хэмээх зохиолыг та юу гэж дүгнэдэг вэ?

    ReplyDelete
  3. маш гое болсон байна.

    ReplyDelete