Thursday, August 26, 2010

Нялх унага ба асман хүрэн

Жугамтын Гозгор өөд нарийхан ногоон судгууд модны мөчир мэт салаалан асчээ. Судгуудын бяцхан чийг нөмрийг бараадаж ногоо түрүүлж цухуйдаг. Хаврын шувтрагт сөхөртлөө доройтсон хонио би гүнзгий судгийн нөмөр дагуулан нялх ногоо амсуулж явтал судгийн наранд ээвэр хүнхэр мушгаанд нэг байдас унагалчихаж. Нөмөртэй чухам болдог газраа олж унагалж дээ. Унага нь хараахан тэнцээгүй хөл дээрээ босох гэж өндөлзөн шургачин унаж газар өнхөрнө. Эхийн халуун хэвлийгээс хүйтэн шороон дээр ойчсон нойтон унага хаврын хайрууд дагжтал чичирнэ. Түүнийг би босгож, эхийн нь халуун уургийг соруулах юм билүү? гээд дөхөж очвол эх нь үрээ надаас хамгаалж, өөдөөс хазахаар дайрч, урд хоёр хөлөөр самарснаа, эргэж хойт хоёроороо тангарч, хамраа тачигнуулан айж сандарч, зүй дүрсгүй цамнав. Хамаг хөх мах нь чичирч, шүдээ тап тап тачигнуулах агаад нүд нь хорсолтой гялалзана. Амьтны эх болно гэдэг чухам энэ дээ! Анх уналгалж буй байдас хэрнээ унагандаа бүр амь тавьжээ. Унагыг нь өргөж босгох гэвэл намайг хазаж, тангарч сүйд хийх янзтай. Дөнгөж эх болж буй энэ жулдрай байдсанд үрээ ингэж амь тавин хамгаалах хайрыг ямар амьтан зааж өгөв өө? “Нялх төлд дайсантай хорвоо шүү!” гэж бүр ясанд нь хадсан бололтой. Гайхмаар юм. Эзгүй ганганд унагаа сахьж ганцаараа хоцорсондоо цочирдсон байдасны айдас өөрийгөө гэсэн бус “Нялх үрээ бариад идчих дайсан хаанаас дүүлээд ирдэг бол?” гээд байж ядан зүрхээ дэлбэртэл айх нь өрөвдмөөр! Ижил олон сүргийн нь бараа ойр хавьд алга! Хэний байдас вэ?.. Лазан Чогдонгийн имтэй байдас байна. Чогдон адуугаа цуглуулах биш! Таран бутарсан тэдний адуунаас сарваа байдас мэт нь хаа сайгүй ингэж хаягдаж, боохойн хоол болдгийг манай нутгийнхан андахгүй.
Чингэтэл ганга өгсөөд нэг бараан адуу улаан галзуу айсуй. Дурандвал залхуу Чогдонгийн асман хүрэн үрээ гурван хөлөн дахь чөдрийнхөө тасархайг савчуулан давхих зуур бас азаргасаж, хангинатал унгалдахаа мартсангүй. Чогдон адуу цуглуулж, морь юүвлэхээс жигтэйхэн залхуурна. Тэгээд нэг барьж авсан морио олон хоногоор харшиж үхтэл нь чөдөрлөж унадаг, өрөвдөх сэтгэлгүй нэгэн. Гуч дөхөтлөө сумын төв сахьсан тэр бээр ихээхэн хотжуу агаад нэгдэл тарахад хөдөөлсөн аж. Чөдөрлөж унасан морио сөхөрч унатал нь солихгүй. Гаднаа олон хоног чөдөрлөж унасан морь нь харшаад хамраараа газар хатгаж ойчвол арга буюу тарсан адуугаа хүнээс сураглаж, унаажихаас аргагүйд хүрнэ. Адуу цуглуулна гэхээс үстэй толгой нь арзайж, эхнэр хүүхдээ хядчих шахна. Харин Чогдон энэ азарган үрээг жил тойрон чөдөрлөж унаад турааж бараагүй юм гэдэг. ЁЁстой чулуу шиг бөх адуу.
“Залхуу Чогдон чөдөртэй хүрнээ алдаж дээ янз нь” гэж би дурандах зуур ганцаараа ярьж суулаа. Хязаалан үрээд хөнгөлөх үед энэ хүрэн үрээг дотуур засаатай юм гэлцэж байсан. Үрээ агдалж байсан хүмүүс өрөөсөн төмсгийг нь аваад өрөөснийг нь эрээд олоогүй юм гэдэг. Гэдсэн доторх өрөөсөн засаатайгаа үлдсэн энэ хүрэн азаргасуу гэж дайчин. Бүр нэмэртэй. Чөдрөөсөө сулрах л юм бол хавьтсан адуугаа үймүүлж, айлын азарга барьж, гүүнүүдийг нь булааж хураана. Дайсантай, их дайсантай. Гурван хөлдөө чөдөртэй жилийн дөрвөн улирлыг дэвхцэж барахдаа асман хүрэнгийн дур тачаал ямагт бадарна. Дотроос нь тамлаж байдаг түүний энэхүү эмгэнэлийг хүн малаас нэг нь ч ухаарахгүй. Эр зоригондоо тэр сүгээр үхэхгүй. Бяр тэнхээ гэж хачин! Тэгээд ч нутаг нугынхан “асман хүрэнгээ залхуу Чогдон бүү тавиасай!” гэж залбирна. Хүрэн үрээ хааяа Чогдонгоос чөдөртэйгөө ингэж оргоно. Түүний хэвлийд нуугдсан тэр гайны гажиг булчирхай хөөрхийг ёстой амьдаар нь тамлаж буй юм. Харсан азарга бүхэн түүнийг химлэнэ. Бүх бие нь нил шарх. Зовхи уруул ахар сүүлний нь арьсыг азарганууд ураад санжуулчихсан. Гүүнүүд хүртэл түүнийг биедээ ойртуулахгүй, барааны газраас хажиглан бөөнөөрөө довтолж, хазна тангарна. Лайтай амьтан. Хүмүүс бол бүр дэндүү! Хараана зодно, адуун сүргээсээ таслаж, ганцаарангий нь мотоциклээр хөөж бахардуулж унагана. Эзгүй саравчинд хүлж хаячихаад хэд хонуулж, харангадааж алах шахна. Ингэлээ гэж азарган хүрэн тоох ч үгүй, хаширах ч үгүй! Босоод л гүү байдас сүргээс нь таслан хөөж, нууц жалганд хэд хоног хорьж, жаргалаа эдлэнэ. Эцэст нь залхуу Чогдон нэг бариад авбал хамаг биеий нь баглаад, толгой тархигүй модоор нүдэж, жил тойрон талхина.
Гурван хөлдөө чөдрийн тасархай савчуулсан асман хүрэн ийш тийш адууны бараа харж, унгалдаж, саагалсаар, манай хонин дундуур зүсэж, дөнгөж унагалсан байдас өөд ухаангүй тэмүүлэв. Би мориндоо мордож, туранхай байдас, тэнцээгүй нялх унага хоёрыг түүнээс хамгаалах юм боллоо. Би гүүгээ харамласан азарга аятай асман хүрэнг амдаж, унагатай байдсаа тойрч сүр бадруулав. Азарганаас ялгаатай нь би “хайя хайя!” гэж хүний хэлээр чимээ өгч явлаа. Өө өө тэгэхнээ азарган хүрэнд намайг хүн гэж тоох янз алга. Ороо нь үргэлж ороостой явдаг тэр галзуу намайг золтой л морьтой минь хамт дайраад уначихсангүй. Нөгөө муу байдсан дээр шууд саагалж очоод бузар чонын хоол чинь дөнгөж унагалсан амьтныг бүр гишгэх гэдэг байгаа. Байдас түүнийг чадлаараа тангарч зугтахын хамт нялх үрээ мартсангүй, унаганаасаа холдож чадахгүй эргэж дайрлана. Нөгөө мунагийн галзуу асман чинь ядмаг байдасны хоёр бөөрнөөс өмөртөл хайр найргүй хазалсаар манай хонин дундуур элдлээ. Өнөөдөр дулаан өдөр байсан тул хургандаа ногоо үнэрлүүлэхээр эхийг нь дагуулж, хоньтой цуг бэлчээсэн тул хар хурдаараа хөөцөлдөгч асман хүрэн байдас хоёрт нялх хурга ишиг гишгүүлчих вий гэж айлаа. Азарган хүрэн нөгөө байдасны араас хоёр талаар нь ангайлж элдсээр бөөгнөрсөн хонин дундаас арай гэж гаргаж, нэгэн зүгт хөөв.
Тэгтэл манай нэг хэнздүү хурга эхээс салж, айж уулхирдсандаа нөгөө хоёрын хойноос цахилчихлаа. Мал дагаж ингэж цойлсон нялх хурга яагаад ч салдаггүйг би мэднэ. Яадаг билээ? Нялх хургаа ингээд хаялтай нь биш хойноос нь шогшлоо. Харшсан хонины моринд минь нөгөө хөөцөлдөгч гурав гүйцэгдэх янз алга. Азарган хүрэн дуртай зүг рүүгээ байдсыг залан хөөх гэж улайрчээ. Тэр бээр хүчирхэг цээжээр годгор байдсыг түрчиж, элдэхийн хамт бас давхиут дундаа харайлна. Унага руугаа хургасан байдсанд азарган хүрэн аймаар уурлаж, бөөрний нь арьсыг урж, унаганаас нь холдуулсаар. Хар хурдаараа хөөцөлдөгч тэр хоёр адуунаас манай хэнз хурга хоцрохгүй цахилах нь “хурга яасан хурдан юм бэ?” гэж гайхмаар. Би тэднийг гүцэхгүй нь ээ гүйцэхгүй нь. Хайран хөөрхөн хурга. Нутагт ганц өөдгүй хүн байхад л мундар нь ингээд багадахгүй юм даа. Ашгүй байдас надаас тусламж горьдсон мэт нааш тэмүүлэв. Түүний араас асман гайхал, гайхлын хойноос манай хурга. Хажуугаар эрчээрээ зөрөх тэрүүхэн агшинд би урт шилбүүрээрээ хургаа уургалж амжив. Бахардатлаа айсан нялх хургаа би элгэндээ тэвэрвэл түүний хамар нүд оромгонож, зүрх нь чимээтэй еэ оволзож, хариугүй дэлбэрэх нь. Би айж амьсгаадсан хургаа тайвшруулахын тулд өхөөрдөм хушуугий нь хацартаа наасаар хонин дундуур эхий нь эрж баахан тэнэв. Эхий нь олж, тавьж өгөхгүй бол энэ нялх хурга айж бахардсандаа хаашаа ч хамаагүй цойлно. Эрсээр явж эхий нь оллоо. Эх нь хургаа үнэрлэн майлав. Хурга тайвшраад эхийнхээ мээмийг хөхлөө.
Энэ зуур надад нөгөө хоёрыг хаачив? гэх ухаан орж, нүдээ ойр хавьд бэлчээвэл нөгөө азарган хүрэн чинь нөгөө муу байдсаа Гашууны гол руу тоос гозойлгон элдэж яваа харагдана. Залхуу Чогдонгийн байдас үрээ нялх унага гурвын хувь тавилан энэ!
Хаягдсан унаган дээр очив. Унага биедээ ахлуудсан толгойгоор газар аймаар чанга чанга савж, шороо орсон нүдээ анивчиж, шүдгүй амаа ангалзуулан хөөрхөн уруулаа цөрвөлзүүлэн эхийнхээ хөхийг хайна. Эхийнхээ халуун уургийг амсах л юм бол дөрвөн хөл дээрээ дажгүй босох цартай. Энэ нялх унагыг би одоо яах вэ? Эзгүй хээр ингээд орхивол мөдхөн чонын хоол болно. “Морин дээрээ дүүрээд харья” гэхэд насан өндөр болсон миний тэнхээ хүрэхгүй. Тэгээд бас унаганд хүн хүрч бохир үнэрээ шингээвэл эх нь голоод хавьтуулахгүй. Адуу бол үхэр биш, салхинаас бусдыг биедээ хүргэдэггүй онгон мал. Эхдээ гологдсон унаганд харангадаж үхэхээс өөр зам үгүй. Яадаг билээ? Дөнгөж цухуйхчаа аядсан ногооны үнэр авч жалга довоор хоёр гурваараа тарж, хушуугаа газраас салгах мэдрэлээ алдсан хонин сүргээ зэлүүд ууланд тэр чигт нь орхиод азарганд хөөгдсөн айлын байдасны араас явж тэвчимгүй. Ногооны амт авч ухаан алдсан хонь дэргэдэх хонио чоно барьж идэхийг анзаардаггүй юм. За байз нялх унаганы амийг яаж аврах вэ? Юу ч гэсэн орой хонио гэр лүүгээ дөхүүлэх хүртлээ унагыг хоньтойгоо давхар харж, чоно нохойноос хамгаалъя гэж түр шийдэв.
Нар уулын толгой руу тонгойлоо. Хонио гэр өөдөө дөхүүлэх болов. Нөгөө унага тэнцээгүй, толгойгоороо газар савчаад, өлсөж харангадсандаа эхийнхээ мээмийг эрж, хэлээ шов шов хөхнө. Ер тэнхээ нь нэлээд суларчээ. Харанхуй шөнө дөхөж байдаг, түүнийг эзгүй ганганд хаях цаг болж байдаг. Би хөөрхий нялх амьтныг орхилоо. Хонио яаравчлан туусаар гаднаа дөхүүлээд, харж байхыг хөгшиндөө даалгав.
Малд үнэн голоос хайртай хөгшин эхнэр минь надад,
-Унаганы амийг болж өгвөл заавал авраарай! гэж захиад шээзгий үүрээд хонь руугаа хазганалаа.
Би морио гуядаж, аминдаа давхисаар гол ортол асман хүрэн нөгөө байдсыг мухар эрэг рүү шахаад хорьчихож. Байдас унаганыхаа зүг толгой цогнойлгон жингэнэтэл янцгаасаар. Би очоод хоёуланг унага хаягдсан газар луу туух гэсэн чинь юун надад туулгах. Хилэгнэсэн азарган үрээ намайг бараг барьж идэх нь. “Дотуур засаатай, өөдгүй муу асман!” гээд би түүнийг шилбүүрээрээ тас тас ороолгож, элдэх гэвэл түүнд надаас айна гэдэг хөгжилтэй наадам ажээ. “Ороолголоо” гээд азаргассан хад чулуу шиг бие нь өвдөх нь бүү хэл бүр таашаал авч байх шиг. Над руу дайрч аймаар тас тас хийсэн том том шар шүдээрээ эгээтэй л өвдөг хуу татчихсангүй. Намайг ингэж буй юм чинь тэр муу байдсыг эрхэндээ оруулах юухан байхав. Хүчирхийлэлд автсан байдас намайг далимдуулаад түүнээс бултах гэж хэд хэд оролдоод чадсангүй. Хөөрхий байдсыг асман хүрэн яг л арслан шиг дарангуйлж, бас өөр сувай гүү хайж, ийш тийш галтай хар нүд бэлчээж, дэлгүй занхар толгойгоо сэгсчинэ. Тэгснээ хөл дорх хэсэг хатсан хомоолыг үнэртэж, сүрхий нь аргагүй шинжилснээ эргэж, нөгөө хомоолууд дээр өөрөө хэдэн хомоол онолдуулан унагаад түрүүчийн хомоолтой өөрийнхөө шинэ нойтон хомоолыг харьцуулан үнэрлээд ааш нь ихээр үелзэж, толгойгоо сэгсчиж, гишгэх гүү байдас мөрөөдсөндөө хий аяндаа гунигтайгаар уулсын оргил өөд янцгаах нь тэр бээр дотоод их зовлонгоо хорвоод зарлах мэт ажгу. Дотуур засаатай болж төрөөгүй сэн бол аль хэдийнэ морь болчихсон амар тайван сажлах сан. Энэхүү хувь заяагүй, зовлонтой талаас нь түүнийг ямар ч амьтан авч үзэхгүй нь харамсалтай!
Яаж ч чадахгүйгээ мэдээд би Чогдонгийнд очихоор шийдэв. Харанхуй болж байдаг. Эзгүй судагт чонын аманд хаясан унагыг өрөвдөөд болдоггүй.
Чогдон хөнжилдөө орчихсон хэвтээгээрээ том аяга овоолон цуйвин үмхлэнэ. Би түүнд “Одоо явж үрээ байдас хоёрыг саравчинд оруулж, үрээгээ барьж, бөхөөхөн ногтоор агдалж уяад, байдсаа хөтөлж унаган дээр аваачиж, унаганд халуун уургыг нь хөхүүлэхгүй бол танай тэр хөөрхий нялх унага үхлээ” гэвэл,
-Тэр муу унаганы чинь байгаа газрыг би үзээгүй юм чинь олохгүй шүү дээ! гэж шалтаг зааж нялхамсав.
Би түүнийг шавдуулж,
-За бос, бос! Унага байгаа газрыг би заагаад өгье! гэлээ.
Чогдон тооноороо харанхуй болж буй тэнгэр өөд харснаа,
-Хав харанхуй болж байхад хаа холын ууланд байгаа унаган дээр чинь одоо яаж очих юм бэ? Тэгээд ч та намайг орондоо орчихсон хэвтээг харахгүй байна уу? Одоо би яаж босох юм бэ? Хотын өвгөн болохоороо та их хачин юм ярьж байна шүү. Маргааш л явахаас гэв.
-Маргааш гэхээр чинь өнөө шөнө хөөрхийг чоно идчих нь шүү дээ.
-Идвэл ид нь л биз. Тэр муу усан унага яадгийм! Би түүнийг хаясан биш асман хүрэндээ л хэлэхгүй юү та! Надад ямар буруу байгаа юм бэ? Өдөржин муу асман хүүрийг хайж, явган алцганасаар яваад хүн ядраад бүр үхэх гэж хэвтэхэд битгий ядаргаатаад бай! Муу асман новш чөдөр тасдуулаад, тэгээд бас ууланд очиж унагатай байдас түйвээж явна гэнэ ээ. Хайран чөдөр! Ганц хайртай чөдрөөс минь салгачихлаа!
-Чи хайртай чөдрөндөө харамсаад нялх унагаа бүр тоохгүй байх шив? Уг нь чөдөр, нялх амьтны амь хоёр ялгаатай сан. Чи чөдрөө өөрийнхөө амьтай зүйрлэж чадах уу?
-Та яасан хачин юм ярьдаг өвгөн бэ? Би юу гэж амь насаа муу чөдөртэй зүйрэлдэг юм бэ? гээд намайг “та чинь тэнэг юм уу хаашаа юм бэ?” гэсэн аятай хараад, -Тэр муу чинь унаад бүр алхахаа байсан шир байгаа юм. Тэгээд яаж азаргасаж чадаж байгаа сөдрөг вэ? Чөдөр уруулаад бас дээр нь нялх унага эхээс нь салгажээ! гэв.
-Өрөөсөн засаатай азарга хойно азаргасах нь хэр шүү дээ. Түүний дотуур засааг аваад хөөрхийг амраагаад өгдөг малын эмч байдаггүй л юм байх даа.
-За гайгүй ээ чамай мууг маргайдар шонгийн модоор цохиж унагаад гэдсэн доторх тэр айхтар нууц төмсгий нь суга татаад нохойд шидэж өгье өө би.
Эзгүй хээр хаягдсан хөөрхий унагыг өрөвдөөд яаж ч болдоггүй. Чогдонг “явъя” гэж дахин шаардаж байж түүний уурыг асаачихав. Чогдон нэгдлийн ерөнхий нягтлан ахаараа гул барьж, хувьцаагаар олон мал луйвардан авч баяжсан этгээд. Луйвры нь би сөхөж “Малтай явах буянгүй амьтан” гэж орхитол Чогдон надад баярхав. Баярхахдаа юу гэж баярхсан гээч:
-Үхэж байгаа муу байдасны усан унаганд царай алддаг гуйлгачин би биш! гээд намайг гэрээсээ бараг түлхэж гаргав.
Харанхуй болсон хойно би жалга судаг товцог толгод тэмтэцсээр гэртээ харилаа. Шөнө нойр хулжаад юун унтах манатай. Нөгөө хөөрхөн унага сэтгэлээс огт гарсангүй. Өглөө эртлэн морио барьж унаад бяцхан унаганы байгаа гангыг айсаар айсаар өнгийвөл хөөрхий минь амьд байж байна. Би олзуурхан түүнийг хамгаалж, дэргэд нь Чогдонг иртэл хүлээхээр тухлав. Чогдонг монгол хүн байна даа унагаа өрөвдөөд эхийг нь хөтөлж ирнэ гэж би итгэсэн хүн. Би нэг л зүйлийг жигтэйхэн их хүсэв. Тэр нь юу вэ? гэвэл Чогдонг эхийг нь хөтлөөд ирэхээр өлсөж, осгож үхэх гэж буй нялх унаганы аманд эхий нь чинэсэн хөхийг шургуулж, халуун уургийг нь амсуулах гэж би үнэхээр их догдолжээ. Голын наадахь “Дөрвөлжин” хэмээх ухаагийн шилийг сэтэртэл харуулдаад залхуу Чогдон ирсэнгүй шүү. Үд өнгөрлөө. Орой болов. Бараа ч байдаггүй.
Тэссэнгүй! Би давхисаар тэднийд очвол Чогдон алга. Хаачсан бэ? Байдсаа хөтлөөд унага руугаа явчихсан уу?.. Үгүй гэнэ ээ!.. Сумын төв орох УИХ-ын гишүүний гайхам гоё машин харуут жийпэнд заавал сууж үзнэ гэж туйлсаар байгаад, суугаад арилдаг хүн гэнэ. Өнөөдөр буцаж ирэх үү? Буцах морьгүй болохоор далиманд нь “Халтар царайт” киноны цувралаас хэдийг үзэж байж наашлах биз ээ гэсэн таамаг гэргий нь тавьж байна.
Юу ч гэхэв дээ?! Орой нь би нөгөө унаган дээр очвол нүдий нь хэрээ онгойтол ухчихжээ. Гэхдээ хөөрхий минь муухан голтой, дөрвөн бядгүй хөлийнхөө газар гишгэж үзээүй цэлцгэнүүр шиг туурайгаар хатуу газар нэлээд ухсан харагдана. Амь нь гарах гэж аймшигтай тарчилж буйн хэрээр л түүнээс тийм чадал гараа вий. Нэгэнт сэхэхээргүй болсон тэр нялх амьтныг би арга буюу орхиод явахдаа өөрийгөө Чогдонгийн адил буруутайг ухаарав. Аргалбал арга байсан л баймаар! Эмгэнтэйгээ хоёул морьтой очоод тэр муу асман үрээг байдастай нь хамт хоёр талаар нь ангайлан элдсэн сэн бол тэр муу асман бид хоёрт дийлдэж, саравчинд орох ч байсан юм билүү? Чогдонд найдахын оронд самгантайгаа хамссан бол унаганы амийг аварч чадах байсан юм биш үү? Хөөрхий тэр амьтны үхэлд би л буруутай аж. Миний унага биш Чогдонгийн унага тул заавал эзнээр нь амий нь авруулах гэхийн хэрэг юу байв аа? Минийх биш Чогдонгийнх байсанд хөөрхий унага буруутай гэж үү? Хэнийх ч байсан дөнгөж бүрэлдсэн нялх амь адилхан! Хөгшин толгой би буруутай. Хувьцааны хэддээ халуурсан мунхаг бүдүүлэг Чогдонтой барьцах нь зохиолч хүнд нүгэл! Тэр өөдгүй залуу хилэнцэд унах унахгүй нь түүний хувь заяа. Түүний сэтгэлийг зөөлрүүлэх увидас надад заяагаагүйгээс хойш, түүний хилэнцийг сэдрээхгүйг л хичээе. Ганцхан нялх унага л хөөрхий!
Хамгийн гол нь нүдээ шувуунд ухуулсан унаганы тухай малд ухаан заяа алддаг хөгшиндөө би юу гэж хэлнэ ээ?!
Денекамп. Голланд. 2008-5-1

1 comment:

  1. Чогдон баагийг хотод таарвал тавиад унаганаа!

    ReplyDelete