Thursday, August 26, 2010

Олигтойхон эрийн хөөрөг

1980-аад оны зун. Дашинчилэнгийн шатахуун түгээгүүрт арай ядан хүрч очлоо. “Зил-130” машины бүхээгт чихцэлдэн суусан бид кабины хаалгаар бараг л асгарчихав. Хүүхэд багачуудын бялчир нь кабины хаалгаар ойчоод газар өнхрөлдөж харагдсан. Нар шатаж, бүгчим бүхээгт айраг цагааны үнэрээр хар ялаа бужигнаад амьсгал авахад бэрхтэй. Бүтэж үхэх шахсан бид сэрхрээ залгиж, ухаан сийртэл шатахуун түгээх газар нэг л ер биш угтлаа.
Шатахуун авахаар дугааралсан тэрэг маш олон байсны дээр бүгд дохиогоо хангинуулж, тэнд хүмүүс хоорондоо үг сольж чадахгүй бие биеийн чихэнд хашигчих авч ам нь ангалзахаас үг нь үл сонсогдоно. Юу болов? Ямар хэрэг мандав? Арай шатахууны аварга торхнуудад гал авалцаж, юу юугүй тэсрэх гэж байгаа юм биш биз? гэсэн айдас сэрхийж, юуны өмнө бензиний торхонд таван хүүхдээ ойртуулахгүй юм шүү гэж болгоомжлов.
Тэгтэл аварга том том цав цагаан торхнууын өмнө төмөр торон хашааны үүдэнд өндөр индэр шиг юман дээр нэг час улаан царайтай цээж нүцгэн эр олон машин хүмүүст хандан бархирч үзэгдэнэ. “Амь авар” гэж орилоод байгаа юм болов уу? гээд чагнавал тэр бээр чанга дуугаар,
-Донгос. Солиор. Муусайн тостой жолооч та нар намайг дөнгөхгүй. Яваад сур гэж нөгөө индэр дээрээсээ уран илтгэгч мэт гар гозолзуулан агсрах ажээ. Тэгснээ нөгөө эр чинь,
-Та нарт бензин өгөхгүй. Бензин өгсөнгүй гээд хөлөө хүрэх газар заргалдаад үз. Муусайн тостой жолооч та нар юу юм бэ? Юу ч биш шүү дээ. Олигтойхон эрийн хөөрөг гэдэг чинь тостой жолооч та нар шиг юм байдаггүй юм байна. Би үзлээ. Тэгэхээр та нарт дусал ч шатахуун өгөхгүй. Яасан ч өгөхгүй мэдэв үү? Та нар шиг ийм өчүүхэн амьтдад тийм хөөрөгний ашиг байхгүй л байхгүй юу. Бидэнд тийм ашиг бий гээд надад дээр дэгдээд ирэх сачийтай жолооч та нарын дунд байна уу? Байвал би нармайгий чинь цааш нь чихээд өгье гээд нүцгэн цээжээ пад пад алгадан урагш хүчтэй тэмүүлж, өндөр индэр шиг юмныхаа хашилга дээгүүр эгээ л савж унасангүй тогтох нь тэр бээр нэг бол согтсон нөгөө бол солиорсон нэгэн харагдлаа.
Тэгтэл нэг жолооч залуугийн омог шар хөдөлж,
-Чи муу ер нь биднийг яаж доромжлох гээд байна? Жолооч хүмүүс хүн биш юм уу? Новш минь, чи ер нь юу гэх гээд байна? Шатахуун өгөхгүй улсын чухал тээвэр хэдэн цагаар тасаллаа. Ерөөсөө чамайг сэргийлэхэд барьж өгнө гэвэл шатахуун түгээгч эрийн хөх инээд хүрч,
-Чи муу баривчлаад өг л дөө. Тэр муу сэргийлэхийн чинь дэргэд олигтойхон эрийн хөөрөг чинь хөөрөг байдаг юм байна. Өнөөдөр би үзлээ. Муусайн напрааснууд минь, та муусайнд ерөөсөө бензин өгөхгүй. Олигтойхон эрийн хөөрөг чинь чи бид хоёр шиг юм байдаггүй юм байна напраасаа гээд нөгөө залуу жолооч руу нулимснаа цөхрөнгүйгээр толгой сэгсэрч гуниглаж байна уу гэлтэй хоолой чичрүүлэн уйлав. Харваас тэр шал согтуу ажээ.
Учир явдал тодорвол өнөөдөр Баянмөнх аварга үүгээр дайрч өнгөрөхдөө шатахуун авсан юмсанж. Шатахуун түгээгч энэ эртэй аварга танилцаж, хосгүй хөөргөөрөө тамхилсан болтой. Дэндүү сайхан хөөрөг үзэж, сэтгэл нь догдолсон өчүүхэн энэ эр аваргыг явсны дараа архидаж согтоод энэ жүжгийг тавьж буй юмсанж.
Тэр бээр жолооч нарт зангидсан гараараа заналхийлж,
-Олигтойхон эрийн хөөрөг гэдэг чинь гэж бархирснаа, -Ээ чааваас хэмээн духаа шааж, -Олигтойхон эрийн хөөрөг гэдэг чинь. Ерөөсөө би та нарт дусал ч бензин өгөхгүй. Тийм хөөрөг та нар үзээгүй харин би бол үзсэн. Үзэх байтугай би энэ муу гартаа атгаж үзсэн толгой. Муусайн жолооч та нар яаж ч чадахгүй шүү дээ, яаж ч чадахгүй гэж уйлсаар байлаа.
Ууралсан жолооч нар дохиогоо зай завсаргүй хангинуулна. Олон тэрэгний дохио тасралтгүй янгинах чихэнд чийртэй агаад Дашинчилэнгийн амгалан тал хөндий эзээгүй арвиндаа л тэсэж байх шиг. Газар газар сонин сонин хүн байх л даа. Гэвч энэ хүн надад таагдашгүй оньсого мэт санагдаж билээ.
Манай жолооч “Энэ ерөөсөө бүтэхгүй нь. Лүн орж л бензин авахаас” гээд бид хөдлөв. Шатахуун түгээгүүрийн зүүн тарган гүдэн даван давтал бидний ард олон тэрэгний дохио жингэнэж, хүмүүсийн хэрэлдэх бахиралдах дуу хадсаар хоцорсон агаад нөгөө эрийн “Олигтойхон эрийн хөөрөг гэдэг чинь” гэсэн үгс бусдаас гоц чанга ялгарч байв.
Бидний шатахуун харанхуй шөнө Долоон даваанд дуусаж, авгай хүүхэдтэйгээ Бор хөндийн шумууланд бариулан хээр хэвтэхдээ би “Олигтойхон эрийн хөөрөг, олигтойхон эрийн хөөөг” гэж үглэн шумуул алсаар хонож билээ.
Дөрвөлжингийн хоолой. 1999

No comments:

Post a Comment