Thursday, October 28, 2010

Эзгүй хээрийн өнчин суварга

Хоёр гэр урт саравчны баруун зүүнд зайдуухан. Цас хайлмагтсан хаврын ховорхон налгар өдөр атлаа тэнгэрийн хаяа цаагуураа нэг л дүнсгэр дүлий. Баруун гэрт дөч орчим насны шандаслаг хүрэн эр Жүгдэр ганцаараа “Үнэн” сонин гарчиглана. Багийн дарга санаатай юм. Тэгтэл зүүн гэрийн хаалга дотроосоо үл ялим онгойж, гуч гаруй насны Жавзан эрэвгэр сэрэвгэр нүдээр хавь ойрыг нууцхан тагнав. Тэртээ баруун хамрыг шээжгий үүрсэн аргалчин хүүхэн давж, толгой нь торолзсоор далд орлоо. Жавзан үс гэзгээ янзалж, бүсээ шавхийтэл ороогоод саравчны араар мяраасаар баруун гэрт орохын өмнө бас ойр хавийг эргүүлдэн судлав.
Жавзанг орж ирэхэд Жүгдэр инээмсэглэн сонингоо хойш хаяж, нөмгөн дээлээ нэлмийлгэн босоод,
-Цаадхийнхаа барааг сайн харсан биз? гээд орон дээрээ хэвтэв.
-Аргал ховор болохоор баруун ухаа даваад бүр арилаад өглөө гээд Жавзан нүүрээ дарж, “Ёо ёо, ямар муухай юм бэ?” гээд ичих аальгүйтэхийг хослуулав.
...Сархиалаг толгодын завсар дахь ташуу хондонд ганц гэр айл бараантах агаад Зундуй өглөө сэрж ядна. Тэгтэл Зундуйн чихэнд гэргийн нь дуу аялах зөөлхөн чимээ сонсогдлоо. Гэргий нь дууны аяыг мөн ч гоё олно шүү. Тэр их бүдэг аялж байна. Түүнийхээ сонсогдох төдий бүдэг авиаг үүрд алдчих гэж буй мэт Зундуй нойрон дундаа чих тавин чагнав. Их ч хөөрхөн дуу юм, их ч хөөрхөн дуулж байна. Гэнэт Зундуйд юусан билээ? гэсэн бодол төрмөгц дотор нь зарсхийв. Бурхан болоод хэдэн жил өнгөрч буй ханиа санаад цочлоо.
Тэгтэл охин нь гэрийнхээ гадаа хаяаг налаад ээжийнхээ дуртай дууг зөөлхөн аялж суугаа юмсанж. “Охин минь ээжийгээ санаад гиеүрч сууна. Ээжтэйгээ яасан адилхан дуутай юм бэ? Адилхан ч гэж дээ, ерөөсөө яг л ээж байна шүү дээ” гэж Зундуй сэм уулга алдаад өөрийн эрхгүй нулимс унагав.
Өнчин хүү нь сумын сургуулийн дотуур байранд эгчээсээ илүү ээжээрээ битгэрч суугаа. Мал төллөөд хүүгээ эргэж чадалгүй өчнөөн сар өнгөрчээ. Ерөөсөө өнөөдөр муу хүүгээ эргэе гэж Зундуй шийдэв.
Хүү нь аавыгаа харуут гүйж ирээд хүзүүгээр нь тас тэврээд уйлчихлаа. Зундуйд хэлэх үг олдсонгүй. Аавыгаа алдчих вий гэсэн шиг хүү нь чанга чанга тэвэрч урт урт санаа алдана. Зундуй хүүгээ зөндөөн үнсэж эрхлүүлэв. Хоёулангий нь дотор овоо уужрах шиг. Ойрд төв орж ирээгүй болохоор Зундуйд сэтгэл сатаарах юм мундаагүй ч тракторч Бадарчтай уулзаж, жаргал зовлонгоо хуваалцсан нь гойд байлаа. Бадарч олон жилийн өмнө хар нялхдаа бас Зундуй шиг ханиасаа хагацаж өнчирсөн эр. Бадарч саявтар ханьтай болсон гэнэ. Зундуйг гэртээ аваачиж дайлав. Хоёул хөөрхөн халлаа. Ганцаараа хорвоог туулна гэж Бадарч уг нь өөртөө андгайлсан юмсанж. Гэсэн хэдий ч чадсангүй гээд Бадарч санаа алдаж байна. Тэр хоёрын зовлон ижил тул яриа их таарна. Хань хамжаатай болсон нь дээр юм байна гэж Бадарч Зундуйд үг цухуйлгав. Хоосон хорвоо юм ч үгүй мөртлөө яасан ч хатуу юм бэ гэж хоёул халаглаж, халамцуу эрсийн зангаар уярцгаав. Хүү нь дагаад салдаггүй. Зундуй хүүдээ чихэр боов авч өгч аргадаад “Миний хүү аавыгаа дагаж битгий уйлаарай. Эр хүн уйлах муухай” гээд салахад хүү нь нүд дүүрэн нулимстай ч “Аав аа би уйлаагүй ээ. Эр хүн уйлах муухай” гэж хоолой чичрүүлсээр хоцров. Зундуйг хөдлөх зуур хүү нь “Аав аа” гэв. Зундуй эргэж, “Юу гээв, миний хүү” гэвэл хүү нь жаахан халгаснаа “Аав та Бадарч гуай шиг хөөрхөн ээж бидэнд аваад ирэхгүй юм уу?” гэлээ. Зундуй юу гэхээ мэдсэнгүй.
Зундуй буцахдаа нэг шил архи аваад өвөртөлчихөв. Зам салдаг хөтөл дээр дөрөө мулталж, овоонд чулуу нэмээд, тамхи татаж, бодолд орж нэлээд суулаа. “Жүгдэрийнд буух уу, болих уу?” гэж тунгаав. Шороо манарсан хар хаврын тэнгэр их л судгар. Зундуй “тэнгэр бүрхчихэв үү, миний нүд бүрхчихэв үү?” гэж эргэлзэнэ. Хэдэн жил түүний нүдийг нулимс бүрхэж яваа билээ.
...Алсхан гарч арагаа хөх аргалаар дүүргэсэн Сүрэн гэрийн зүг шуудрав. Сайхан аргал түүсэндээ тэр бээр урамтай. Дүүрэн шээзгий нуруунаас дарж, үүрэвч хоёр мөр холгох авч Сүрэн тоосон шинжгүй гунхалзана. Бас амандаа шинэ дуу гиншинэ. Нас гуч гарсан ч хүүхэд төрүүлээгүйгээс онгон галбираа бараг алдаагүйн дээр бие эрүүл чадал залуугаараа ажээ.
Гэрийн хаяанд Сүрэн шээзгийтэй аргалаа түг хийтэл буулгахад Жүгдэр давхийн цочиж, данхтай цайгаа бүлээн эсэхийг шалгаж, алгаа наав. Сүрэн арагаа налж суугаад хэсэг зуур нуруугаа амраав. Жүгдэр гэрт байж суухаа олж ядсанаа гарч эхнэрээ нүүр дүүрэн баяслаар угтаж,
-Өө чи минь, ямар сайхан аргал түүгээв? гэхэд гэргий нь,
-Аргалын сайхан азтай хүнд олддог юм гэв.
Жүгдэрийн дотор пал хийсэн авч тэр бээр,
-Ийм сайхан аргал ойр хавьд үлдсэн юм байжээ? Ийм аргал хаанаас түүснээ чи Жавзанд бүү хэлээрэй. Цаадахь чинь одоохон гүйж очоод хамчихна шүү гэж хэлчихээд, амнаасаа унасан үгэндээ уур нь хүрэв.
Сүрэн хаврын хавсарганд нүүрээ муухай болчихно гээд шилэн алчуураар ямагт битүүлж аргал түүдэг бөгөөд зангидсан алчуураа авч аргалын үйрмэг болсон гоёхон цагаан хүзүүгээ арчаад Жүгдэрийг гэнэн хөөрхөн нүдээр энхрийлэн харлаа. Жүгдэр уртаар санаа алдав.
Орой болжээ. Тэнгэр бүрхэж бүдийсээр. Жүгдэр босож,
-Ерөөсөө адуугаа бөөгнүүлье. Тэнгэр муухайрах нь шиг байна. Хаврын тэнгэр хартай нь дээр гээд унинаас хуйваа авч бүсэндээ хавчуулж зогстол хэн нэгэн “Нохой хорио” гэх чимээ өгөв.
Сүрэн,
-Орой болсон хойно хэн манайд ирдэг билээ? гэвэл, гарах гэж үүдэндээ зогссон Жүгдэр буцаж суугаад,
-Дуу нь Зундуй шиг л байна. Чацуутан маань ойрдоо манайд ирээгүй. Ирж уулзана гэж яриад явна гэсэн. Өдөр болгон хонь хариулаад зав нь болдоггүй биз. Өнөөдөр нэг мултарч дээ гэв.
Сүрэн нохой хорихоор үүдээ сөхөөд,
-Зундуй чинь дүрээрээ! гээд инээд алдсаар гарлаа.
Зундуй босго алхуут Жүгдэрийг харж жуумалзсанаа,
-Зээ-ээ мэнд сайхан уу? гэж уянгалуулсаар баруун хоймор гарав.
Жүгдэр тулганы урдуур тойрч очоод Зундуйтай гар зөрүүлж золгох гэтэл халамцуухан Зундуй “Ах нь дүүгээ үнснээ” гээд найзыгаа үнсэх гэхэд Жүгдэр толгойгоо бултуулаад “Ийм жоохон хүүхэд ахыгаа тэгдэггүй юм. Харин өвөө нь дүүгээ үнсье” гэж тэр хоёр ноцолдлоо. Хоёул наргианаа болиод тухлан сууцгааж, хөөрөг гарган тамхилав. “Мал сүрэг мэнд, тарган тавтай хаваржиж байна уу?” гэж мэндлэх зуур хоёулангий нь дүрсгүй хүүхэд зан хөдөлж, “За сунигар Зундуй гуай хаа хүрэх гээд сунийлгаж явна” гэхэд нөгөөх нь “Нэг муу тайлаг алдчихаад. Түүнийг хайж явна” гэж дамшиглав.
Тэр хоёрын тоглоом тохуунд Сүрэн дургүйцэж,
-Одоо та хоёр ямар хүүхэд биш бие биеэ хочилдгоо болимоор юм даа. Тэнэг зангаа орхиж, жаахан тохь суудаг болоосой. Өөрсдөд нь тийм сайхан байдаг юм байх даа гэх нь зөвхөн хөнгөн маяг гэлтэй.
-За больё больё Сүрэн минь гээд Зундуй, -Өнөөдөр төв орж хүүгээ эргээд. Цагаан сараас хойш гэрээс гараагүй. Малгайн утаа сэргээж явна. Төв дээр муу Бадарчтайгаа уулзаж, зовлон жаргалаа хуваалцах зуур пийшингээ жаахан галалчихлаа. Болно биз дээ Сүрэн гуай? гэв. Зундуй,
-Би цагаан сараас хойш хатуу юм амсаагүй л дээ. Тэгээд төвөөс чигээрээ харих юм билүү гэснээ танай энэ муу Тайлагтай, тайлаг гэнэ Жүгдэртэй уулзмаар санагдаад бүр болж өгсөнгүй. Жолоогоо нааш нь даялуулсаар байгаад хүрээд ирлээ. Жүгдэртэйгээ уулзаж ярьж хонох сон гэж уг нь их бодогдсон золиг байгаа юм гэснээ өврөө суйлан нэг лонх архи гаргаж ширээн дээр тавиад, -Ерөөсөө үүнийг гаргаад тавьчихъя. Өврөөс хайраад ч байна гэлээ. Жүгдэр,
-Чи ганцаараа биш хоёулаа яваа юм аа гэхэд Зундуй,
-Ярианы чимэг болж магадгүй гээд өвөртөлчихсөн юм гэв.
Тэгтэл хажуу айлын Жавзан хүүхний хүү Нэргүй орж ирж, мэнд ус солилоо. Тэнгэр муухай тул Жүгдэр тооно өөд хялалзсанаа,
-Зундуй минь тэнгэр аягүйрхаж магадгүй нь. Би эртхэн явж, адуугаа цуглуулж авчраад шуурга шуурвал хашчихъя. Идээ эзнээ таних биш чи Сүрэнтэй хуучлангаа наадхиасаа хүртээд сууж бай. Би удахгүй ирнэ гэв.
-Тэгээ хөө. Хэрэг хартай нь дээр. Баараагүй бол сайхан.
Тэгтэл Нэргүй,
-Би адуугаа аваад ирье. Та хоёр тайван хууч хөөр! гэхэд Зундуй олзуурхан,
-Нээрэн тэгэлгүй яахав. Ийм хүүхэд байхад энүүхэнд байгаа адуунд давхиулалгүй яах вэ? Өөрөө явъя гэж байгаа нь овоо доо. Бид хоёрыг ганц гожингоо тухтай ууг гэж бодож. Ухаантай хүү байна. Яв гэхэд явахгүй хүүхэд бий шүү. Ийм юманд би их уярамтгай болсон хүн. Дорхноо уйлна гэж үгсэв.
Нэргүйг гарах хооронд Жүгдэр түүнд адууныхаа цаагуур наагуур жалга судаг руу сайн өнгийгөөрэй. Гүү унагалаад хаягдаж магадгүй гэж захилаа.
Хоёр найз баярлан тухлав. Зундуй,
-Нээрэн өнөөдөр танайд ирж хуучилж хономоор санагдаад бүр болж өгсөнгүй. Гэрийнхээ зүг мориныхоо амыг хэд хэд эргүүлэх гээд чадсангүй наашаа татагдсаар хүрээд ирдэг байна шүү гэхэд Жүгдэр,
-Ээ мэдэхгүй чи надад татагдав уу манай айлын Жавзанд соронздуулав уу? гэж дооглов. Сүрэн,
-Зундуй чи нээрэн манай Жавзанд санаатай ирсэн дэг шүү. Тийм биз? Чи түүнд санаатай гэдгээ ноднин Жүгдэрт дурссан гэсэн биз дээ? Жавзан та хоёр нийлбэл хэн хэндээ зүгээр дээ гэв.
-Үгүй тэгээд юу ч гэмээр юм бэ дээ. Заримдаа янз бүрийн юм толгойд орох л юм. Хорвоог барахад бас арай болоогүй санагдана. Та хоёроос нуугаад яахав. Сүрэн чи энэ Жавзанд миний бодлыг цухуйлгавал яана.
-Надаар хэлүүлэх юу байсан юм бэ? Та хоёр ямар хүүхэд биш.
-Хүүхэд биш тусмаа зовоод байх юм.
Жүгдэр эвгүй хувирсан царайгаа дүйвээлж худлаа хөхрөөд,
-Жавзан та хоёр хүүхэд биш ч гэлээ ямар өвгөн эмгэн биш. Зундуй минь гялалзуулаад өгнө өө хөө гэлээ.
-Гялалзуулахаа алд. Нэг л эвгүй оргиод байна. Сайхан ханиасаа хагацаад ингэж явах ч гэж дээ гээд Зундуй архи уув. Тэгснээ,
-Өнчирсөн хүн хааяа үеийнхээ нөхөдтэй ингэж сэтгэл сэргээмээр санагдах юм. Гэхдээ архинд толгой мэдүүлж хоёр хүүхдээ зовоохгүй шүү. Холоо хэвтэнэ гэж бардангуй ханхалзлаа.
-Тэгж бодох чинь тун зөв. Охин хүү хоёр чинь овоо өсчихлөө.
-Яахав дээ зайлуул, овоо л болцгоосон. Охин минь онц сурдаг байлаа. Багш нар нь сургуульд явуулах гэхэд аавдаа тогоо шанагий нь барьж өгнө гээд сургуулиасаа гарчихсан. Ээж шигээ малчин болно гэдэг охин доо. Нялх бага байхад аав ээжээс өнчрөх хэцүү л байлаа. Хүний хань гэдэг еэ бас хэцүү юм даа. Миний сэтгэл таг унтаж байхдаа л амарч байдаг байх. Би өглөө болгон Дулмаагаа амьд юм шиг санаад сэрдэг. Тэгээд юусан билээ? гэж бодуут дотор өмрөөд явчих нь. Хорвоод гомдож, толгой дээгүүрээ хөжлөө нөмрөөд хэсэг уйлна даа. Мал хуйгаа бэлчээхээс өгсүүлээд ажил төрлөө бодоод босно. Яг өдөртөө бол гайгүй ээ. Өглөө сэрэх л их хэцүү.
-Одоо тэгээд яах ч билээ дээ, сэтгэлээ л барьж явахаас.
-Сэтгэлээ нүү? Сэтгэлээ их барьж байна аа. Хөөрхий миний охин аавыгаа гялайлгаж байна. Ээжтэйгээ адилхан болж байгаа гэж жигтэйхэн. Ярьж байгаа дуу нь заримдаа ээжийнхээ дуутай цочмоор адилхан сонсогдоно гээч. Би мэдсээр байж цочоод байдаг юм. Охиныхоо амьдралыг бодохоор сургуульд явуулмаар. Охин минь аавыгаа ганцаарангий нь орхиод сургуульд явахгүй гэж хатуу шийдсэн болтой. Тэгж бодохоор ханьтай болдог юм билүү гэдэг санаа төрдөг болчлоо. Түүнээс биш миний авгай авна гэдэг юу байхав. За би биш болж байх шиг. Больё, өөр юм ярьцгаая. Урьд мөн сайхан байж? Тийм ээ хөө Жүгдээр? Пэлдэн чи бид гурав ёстой нэг дошин дээр тоглож өссөн дөө. Пэлдэн маань сургуулиар явж, одоо бүр их хурлын гишүүн гээд даналзаж байдаг. Мал дагасан бид хоёрын байж байгааг. Чи ч бас намайгаа бодвол багийн дарга гээд том золиг доо.
-Жүгдэр та хоёр Пэлдэнгийн хаана ч хүрэхгүй шүү дээ.
-Пэлдэн гэснээс, Пэлдэн бас золгийн хүүхэд байж билээ. Тийм ээ Жүгдээр? Чоно тарвага болж тоглохоор Пэлдэн заавал чоно болно, чоно болохгүй бол тоглохгүй гээд хэвтчихнэ. Ганц удаа тарвага болооч гэхэд яасан ч тарвага болохгүй, заавал чоно болно. Чоно болгохгүй бол би яасан ч тоглохгүй гээд зүтгэчихээрээ дийлдэнэ гэж ёстой байхгүй. Жүгдэр бид хоёр яахав тоглохын эрхэнд түүнийг дандаа чоно болгоно. Пэлдэн чоно болоод бид хоёрыг барихдаа жигтэйхэн хөөрдөг хүүхэд байж билээ. Ухаандаа бид хоёрыг барьж идэж байгаа чоно юм биз дээ. Тэгтэл тэр сургуулийн мөр хөөгөөд одоо тийм том дарга болчих гэж. Юм гэдэг онилгүй золиг юм даа.
Сүрэн гарч Жавзантай элбэж хонио хашчихаад орж ирэв. Тэгээд,
-Нэргүй адуугаа бөөгнүүлээд наашлуулж яваа харагдана. Тэнгэр зүүн урдаасаа урьж байна. Одоохондоо гайгүй байх аа гэж хуучилж суугаа хоёрыг тайвшруулав.
Зундуй аль болох наргиантай юм хуучилж, найзындаа ирж хонож буй хэргээ гүйцэд бүтээх гэж, бас хөгжилдөж, ганц орой ч болохноо сэтгэлээ сатааруулах гэж хорхойсож байв. Тэгээд,
-Урьд нэгдлийн мал маллаж байх үед дарцаг Дансран тэргүүн туршлагаа бидэнд яаж ярьсныг та хоёр мартаагүй биз дээ? гэхэд нөгөө хоёр дарцаг Дансрангийн тэргүүн туршлага гэж сонссоноос биш юу гэж ярьсныг нь бид хоёр тодорхой мэдэхгүй юм байна гээд Зундуйг яриач гэжээ. Зундуй ярилаа: урьд нам засаг тэргүүн туршлага гэж хяргачих гэж байхад Дарцагийн ямаа самнадаг туршлагыг манай бригадын мань хэдэд нэг удаа яриуллаа. Олон хүний өмнө ярьж ерөөс үзээгүй мань мэт ялгаа юу байхав мань хүн эхлээд юу ч ярьж чадахгүй хар хөлс нь чийхарч хоолой нь чичрээд бүр баларсан. Ганц нэг үг хэлсэн боллоо. Бид муу золгийг чинь өрөвдөөд “Болж байна. Сайн болж байна. Цааш нь илтгээд бай” гэж зориг оруулсан чинь Дарцаг цаашаа бүр хийсгээд өглөө шүү. Муу золиг чинь сүүл рүүгээ бүр улангасаад ингэж байна: Ямааг самнаж дууссаны дараа Вандан дархны хийсэн хүүхнүүдийн гэзгэндээ шигтгэдэг цагаан дицин самаар чихний нь уг, сахал, хуухнага зэргийг нарийвчлан сайн самнаад ямаагаа тавилгүй үхрийн зэлнээсээ уяж хэсэг амрааж байгаад оройхон дахиад самнахад хот Лувсангийн сүүлчийн эхнэр Үүлэнсолонгын өмсдөг өдөн малгай шиг нарийн цагаан ноолуур хормой дүүрэн гардаг гэж залсан юм даа.
-Худлаа худлаа. Дансран хөөрхий тэгж яриагүй. Наадахь чинь даваадуулж байна гээд Сүрэн учиргүй инээх нөхрөө голонгуй харав.
Тэнгэр гэнэт жигтэйхэн налайчихав. Сүрэн хаалгаа нээж тэнгэрийн байдал харснаа,
-Тэнгэр ёстой сайхан намуухан болчихож. Зүүнээс урихаа болчихож. Цэлмэг тэнгэрт од гялалзаж харагдана гэж дуулгав.
Санаа нь амарсан Жүгдэр,
-За ашгүй. Тэгвэл адуугаа хашихгүй ээ. Хөөрхийс минь нэг шөнө ч гэсэн тааваараа бэлчиж хоног. Адууг нэг шөнө хашаад хоноход өнгө зүс алдаад шийд муухай хярвайчих юм гэв.
...Тэгтэл гэнэт ширүүн хуй салхи шүрхийн дайрч хүчтэй нөөлгөнд гэр овсхийн яндан хоргондоо тачигнаж, цасан пүргэдэс тооноор хуйлран орж ирлээ. Сүрэн ухасхийн гарах гэтэл хаалгаар өөдөөс нь цас хүчтэй олгойдов. Хаалгаар шагайсан Сүрэнгийн дуу бүдэрч,
-Пээ ямар айхтар аюул бэ? Хашаа саравч үзэгдэхгүй шуурга хуйларч байна! гэх нь тэр.
Жүгдэр ухасхийн босож, лоовуузаа хулгавчлангаа,
-Адуу харагдана уу? гэхэд гадаа бүслүүрээсээ зуурсан Сүрэн салхинд хахаж цацан,
-Юун адуу харагдах манатай. Юу ч үзэгдэхгүй нүх шиг харанхуй шуурга, тэгээд ч нүд харж болохгүй цасан шуурга ороолгож эхлэлээ гэх нь бүдэг бадаг сонсогдлоо.
Жүгдэр гарах зуураа,
-Нөгөө хүүхэд хэцүүдлээ. Наанаас нь явахаас гэсээр гарав.
Шуурга исгэрэн шуугьж, гэр дэрвэж, унь тооно шажигналаа. Зундуй “бурхан минь” гэж залбираад охин минь ганцаараа сүйдлээ. Хөгшин дух би ямар юмаа ёрлоод нааш гарав аа? гээд орлихоо шахав. Түүнд гадаа шуурган дунд ярих хоёрын дуу муухан дуулдана.
-Үгүй ер, ийм шуурга гэж байдаг аа? Яасан харанхуй юм бэ?
-Ийм шуурганд чи яваад нэмэр байна уу? Чи ёс л төөрнө дөө.
-Явахгүй яаж болох вэ? Айлын хүүхэд сүйд хийчлээ. Энэ шуурга мөн айхтар гэнэдүүлэв ээ?
-Хөөе Жүгдээр. Чи хаана байна аа? Намайг салхи хийсгээд аваад явлаа. Гэр хаана байна аа? Гэр минь алга.
-Би энд байна. Наашаа наашаа. Алив миний гараас чанга барь.
Зундуй гэрт яах аа мэдэхгүй болчихов. Саяхан ялимгүй тавирч, зовлон шаналлаа түр зуур мартагнаж асан түүнд гэнэтийн хүнд цохилт бууж, хорвоо хуурамчаа үзүүлж эхлэв. “Яадаг билээ? Мөн тоогүй юм болов оо?” гэж Зундуй хувь заяагүй өөрийгөө зэмлэж гаслав. “Би ер нь юу үзэх хүн бэ? Энэ аймшигт шуурганд ганц гэрт ганц охин минь юу болдог бол? Үхсэнээ хийх гэж би наашаа зүглэв ээ? Бас хажууд нь энэ хот айлд би ямар гай дагуулж ирэв ээ?” гэсэн ёргүй сэжиг түүнийг багалзуурдлаа. Зундуй юу ч гэсэн гарахаар босов.
Хүчтэй салхи шуурганы исгэрээн дунд хүний хашгирах дуу бүдэгхэн гарах шиг боллоо. Бүдэг дуу дахин гарав.
-Хөөе цаана чинь хүн хашгирах шиг боллоо.
-Харин тэгэх шиг боллоо.
Зундуй “ашгүй нөгөө хүү ирж байна уу?” гэж горьдов. Сүрэнгийн дуу хадаж,
-Жүгдээр цаана чинь хүн дуудаад байгаа юм биш үү? Чи өөдөөс нь дуугарч чимээ өгөөч.
-Хөөе наашаа яваарай. Бид энд байна.
Холхон эмэгтэй хүний бүдэг дуу ялимгүй тодорч,
-Би байна аа. Та нар хаана байна? гэсээр ойртлоо.
-Бид хоёр энд байна. Наашаа наашаа дөхөөрэй.
-Би Жавзан байна аа. Танайд орох гэж гараад салхинд хөөгдөөд арилах шахлаа. Юу ч үзэгдэхгүй байна. Жүгдээр Сүрээн чимээгээ өгөөд байгаарай. Шуурга намайг хийсгээд алхуулахгүй байна.
-Наашаа зүтгээрэй.
-Бид хоёр энд байна. Миний дуугаар сөрөөд бай, сөрөөд бай.
Жавзан иржээ. Түүний дуу гарч,
-Нэргүй ирсэн үү? гэхэд Сүрэн,
-Ирээгүй ээ. Тэгээд Жүгдэр бид хоёр гадаа хараад зогсож байна гэх нь шуурган дунд гарч байна.
-Ийм шуурганд гаднаа харж зогсоод яахымбэ? Тэр одоо төөрөлгүй яахав. Та нар орой эртхэн тосох нь яав даа. Хөөрхий хүү минь ийм аюулд төөрч үхэхгүй өөр яахав. Яадаг билээ таминь. Нялх томоогүй хүүхэд ийм харанхуй шуурганд яаж гэрээ олж ирэх билээ? Айлынхаа хооронд би сая төөрч арай гэж ирлээ шүү дээ. Ямар хүйтэн шуурга вэ. Хацар хорсоод байна, хөлдчихөв үү яав.
-Жавзан минь яадаг билээ. Ийм аюул санаандгүй болчихлоо.
Маш хүчтэй шуурга тэднийг ийш тийш дүүгүүрдэж, харанхуй хүйтэн гэж хачин. Дэргэд байгаа хүнээ тэд үзэхгүй шахам болжээ. Цасан шуурга тэднийг хийсгэж явчих гээд байсан тул тэд гэрийн бүслүүр зэргээс чаргууцалдаж, “чи хаана байна, би энд байна” гэж орилолдов. Харанхуйд Зундуйн бархирах дуу тасалдан байж,
-За байз яахав? Тэр хүүхэд ийм шуурганд ирж чадахгүй нь тодорхой. Хойноос нь явбал гарцаагүй төөрнө. Нэг юм заавал бодох хэрэгтэй гэхийг хэн ч тоосонгүй.
-Хөөе Жүгдээр чи яачваа? Жүгдээр чи хаана байна? Дуугараач.
-Одоо Жүгдэр яваад ямар ч тус болохгүй. Харин өөрөө төөрнө. Нэг хүн төөрөх байсныг хоёр хүн болгочив доо чи. Яасан гайтай юм болов оо? Надаас шууд боллоо. Хэрэв хүн явбал Жүгдэр минь би явна. Ийм үед яриагаа сайн хийж буурь суурьтай хөдөлнө шүү. Надаас болоход ч бүр шийд болж орхилоо. Би ер нь үхвэл таарна.
-Ийм хүйтэн шуурганд муу хүү минь яаж тэсэхэв. Би одоо яана аа. Ганц хүүгээ харанхуй шуурганд төөрүүлчээд зүгээр суугаад байх гэж үү? Яах вэ, ах дүү нар минь. Хүүгийн минь амийг авраад өгөөч.
-Жүгдэр алга аа, яваад өгч. Саравчин дотор уяатай байсан морь нь алга.
-Юу гэнэ ээ? Яаж байгаа хүн бэ, цаадахь чинь. Хэл үггүй арилаад өгөх. Ийм харанхуйд бие биеэ яаж олох юм бэ. Хоёр хүн төөрөх байсан юм бол нэгэнд нь би төөрөх ёстой хүн. Би л гай болсон. Уг нь гай тарих гэж ирээгүй юм сан.
-Алив Зундуй чи надтай яваад саравчинд өлгөөтэй дэнлүү асаалцаад аль.
Сүрэн тэр хоёр бие биеэс зууралдан арай чамай саравчинд орж, дэнлүү асаагаад ирлээ. Жавзан тагнай ташин зогсолтгүй гаслана.
-Одоо хий үймрээд ашиггүй. Юм яагаа ч билээ? Гурвуулаа гэрт оръё. Алив Жавзан минь ор. Алив Зундуй ор.
Шуурганд гэр дотроосоо оволзоод хийсчихмээр тул тэдний сэтгэл дээрдсэнгүй улам хямрав. Тэд хэсэг зуур дуугарсангүй. Эцэст нь Жавзан тэссэнгүй,
-За байз би гэдэг хүн яадаг билээ? Энэ шуурга өдөр шөнө хоёр лав арилахгүй. Ийм нүдгүй шуурганд Нэргүй Жүгдэр хоёр хоорондоо яаж таарахав? Таарахгүй! гэж орилов.
Гайхаш нь тасарсан Зундуй,
-Жүгдэр дулаан хувцас өмсөөгүй биз? гэвэл Сүрэн,
-Өмсөж байсантайгаа л явчихаж гэлээ.
-Нэргүй ч гэсэн өмсөж байсантайгаа л явсан даг гэж Жавзан сэлбэлзэв.
-За байз юу л болох нь нэв дээ. Миний энэ хөх толгой юу ч үзэж мэдэх толгой шүү. Жүгдэр ядаж хэлсэн ярьсан үггүй явчихлаа.
Жавзан хаалга онгойлгох гэтэл үүдээр өөдөөс нь бөөн цас хуйлран гэр лүү олгойдоод тэр арга буюу хаалгаа арай гэж хаав.
-Нурамтаас наашилж явсан адуу зүүнтээгээс шуурсан шуурганд уруудахад аяыг нь олбол Доржийн саравчинд хоргоох аз таардаггүй л байх даа.
-Шуурганы чиг уг нь тэгж таарч болох л юм.
-Дэргэдэх хүн үзэгдэхгүй шуурганд тэр саравчийг олж ганцаараа адуу хашна гэдэг ч ёстой дэмий байлгүй. Гэвч чадах нэг нь чадах байх л даа. Миний хүүд бол санашгүй даваа.
Сүрэн хаалга сөхөж, өөдөөсөө шуурах шуурга сөрөн зүтгэж, толгойгоо гадагш цухуйлгавал Жавзан,
-Шуурга улам ширүүсч байх шив дээ? гэж цөхрөнгүй асуув.
-Ширүүсч байна.
-Цаг арав болж байна. Хүүгийн минь дээл хаврын энэ нойтон цасанд аль хэдийнэ нэвт норчоо. Нойтон хувцастай хүүхэд ийм хүйтэн шуурганд тэсэх үү? гэхэд хэн ч дуугарсангүй.
Жавзан уйлж гарав:
-Нойтон хувцастай хүн ийм хүйтэнд одоо осгож байгаа биз. Хүүгээ үхэж байхад би ингээд дулаан гэрт сууж байх гэж үү? Яая даа байз? Би ерөөсөө хүүгийнхээ араас явъя гэхэд Зундуй,
-Жавзан минь жаахан азна. Тайван үзнэ шүү гэв.
-Хүн амиа алдаж байхад тайван байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чиний буйр суурийг миний хүүгийн амь хүлээхгүй. Үр хүүхдээ шуурганд төөрүүлчээд яаж тайван суух юм бэ. Чи үр хүүхэдтэй, бас зовлон үзсэн хүн юу яриад байна аа?
-Жавзан чи одоо яваад бас л төөрнө. Хэд алхаад л хаашаа ч үгүй болчихно. Ингээд гурван хүн аюулд учирна. Уг нь би Жүгдэрийн оронд явах байсан хүн. Энэ гай ерөөсөө надаас болсон юм чинь. Надаас болсон гэдгийг би хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байна. Жүгдэрийн явдаг л илүү юм болчихлоо. Одоо ганц Нэргүй биш, бас Жүгдэр төөрчихсөн яваа. Дахиад гурав дахь нь төөрмөөр байна. Гэвч ухаантайхан бодох юм бол та хоёрын зовлон нэмэгдэнэ үү гэхээс хорогдохгүй л байх.
-Үгүй ер өө, ганцхан миний хүү төөрөөд, амиа алдах ч юм билүү, та нар архиа гударч суудаг байж л дээ. Яаж хэлж болж байна аа.
-Гайгүй байгаа, бурхан минь. Ингэж байгаад тэнгэр арилахыг хэн байг гэхэв. Үгүй ер орой тэнгэр яг ормоор болсноо гэнэт жигтэйхэн гоё цэлэмчихсэн юм. Од гялалзаж байгаа нь хүртэл харагдаж байсан. Бид тэгээд назгайрчихсан юм. Тэнгэр орох янзаараа байсан бол Жүгдэр аль эрт Нэргүйг тосохгүй юу. Тэрүүхэн хооронд хагас цагийн хугацаа ч болоогүй.
-Хүн үрэгдэж байхад тэнгэрт буруу өгөх маань ч яамай.
-Хаврын тэнгэр биднийг айхтар гэнэдүүллээ дээ. Жүгдэр бас төөрчихлөө. Явсан болгон төөрнө гэж би хэлсэн шүү дээ. За байз яадаг юм билээ? Энэ нэг л биш боллоо шүү гэснээ Зундуй ухасхийн босож, малгайгаа авч хулгавчлаад, -Ерөөсөө би явъя. Хоёрын хоёр хүн сүйд хийчээд би ингэж сууж чадахгүй юм байна. Ёстой муухай юм чинь энэ байна. Юмыг яаж мэдэхэв, хэн нэгтэй нь би таарч магадгүй. Аз байхад нарийхан юман дээр хувь заяа золгоно шүү. Та хоёр намайг битгий хориорой. Би та хоёрын үгэнд орно гэж байхгүй.
-Зундуй минь жаахан харзная.
-Зундуй чи надад уурлаад явж үхье гэж байгаа юм биш биз? Би эх хүн үрийнхээ хойноос зовохгүй байж үнэндээ чадахгүй сууна. Нэгэнт ийм явдал болсон хойно чи төөрч үхсэнээр миний хүүгийн амь аврагдахгүй.
-Би явахад ч явна аа. Би газрын баримжаагаар төөрдөггүй хүн. Гайгүй биз. Танайханд би гай тарихад л тарьсан гээд Сүрэнгийн өгсөн хүрмийг давхарлаж өмсөөд гарлаа.
Галзуурсан цасан шуурга үүдээр олгойдон орж байна. Ингээд хоёр хүүхэн хоцорлоо. Гэрт жавар хургах тул Сүрэн өдрийнхөө түүсэн хөх аргалыг өрдөнө. Зуухны амаар гал улалзана. Бурхны өмнө өргөсөн том цөгцтэй зул анивчин хийснэ. Хоёр эзэгтэй таг дуугай нэлээд суув. Тэгснээ хоёул бурхандаа мөргөлөө. Шөнө дунд өнгөрөв. Тэр хоёр байж сууж ядна.
-Шуурга эхлээд арваад цаг боллоо. Нойтон хувцастай хүн ийм хүйтэнд арван цаг яаж амьд байхав дээ. Яагаад ч амьд байхгүй. Нэвт норсон хүн ийм хүйтэн шуурганд тийм удаан тэсэхгүй. Тодорхой хэрэг. Энэ хүйтний байгааг бод гээд Жавзан чангаар уйллаа.
-Гайгүй байгаа.
-Гайгүй байгаа гэнэ шүү. Яаж гайгүй байх юм бэ? Чи намайг хуурч яах нь вэ? Ийм хүйтэн шуурганд нэвтэрсэн нойтон дээл дэрийтэл хөлдөөд хамаг биеий нь хайрч байгаа. Хөөрхий хүү минь, юу бодож яваа бол? Нялх хүү минь. Хэн миний хүүг адуунд явуучихав аа? Ээждээ адуунд явна гэж юу ч дурсаагүй шүү дээ. Танайд орохоор л гэрээсээ гарсан хүүхэд. Хүүг минь шуурганы өөдөөс мордуулдаг нь яаж байгаа улс бэ? Хайран хүү минь өдийд өнгөрөө биз? Ээждээ гомдож, байдаг чадлаараа намайг дуудаа биз? Би тэгэхэд дулаан гэрт сууж байдаг. Миний хүүг юунд явуулав даа та нар.
Сүрэн юу ч хэлж чадсангүй. Сүүлийн хэд хоног энэ хот айлын радио шинэ зайтай хэрнээ дуугарахаа больжээ. Тиймээс цаг агаарын мэдээ сонсож чадсангүй. Сүрэн босож үүдээ дэмий л сөхсөнөө шуурганд цохигдон буцаж суугаад,
-Яасан нэмэртэй шуурга вэ? Ядаж ойрдоо радио таг болчоод цаг агаар сонсож чадсангүй. Манай нутагт ийм аюул болно гэж радиогоор зарлаа даа. Мэдсэн бол хаанаас ингэхэв. Нөгөө Зундуй бас төөрч орхилоо. Бас жаахан халамцуу яваа шүү ядаж гэхэд Жавзан,
-Уудаг өдрөө ч олж дээ. Ерөөсөө Зундуй л ирж байж хүү минь ингэчихлээ. Хэрэв хайш хэрэг болбол би Зундуйгаас салахгүй. Жүгдэр ч гэсэн бас яагаа ч билээ? Бүгд Зундуйгаас гайтаж байгаа хэрэг. Чи ч гэсэн Зундуйтай л ярих хэрэгтэй гэлээ.
-Жавзан минь ингэж ярих арай эрт биш үү? Бидний ярих Зундуй ирээ ч билүү, яагаа ч билээ.
-Чи юундаа Зундуйг өмөөрөөв? Би ер ойлгохгүй байна.
-Би юу гэж Зундуйг өмөөрөх вэ? Бүгд адилхан төөрчихлөө шүү дээ. Хэн нь ч яагаа билээ? Элдэв эвгүй юм ёрлох арай эрт бус уу гэж байна би.
-Чи их сийрэгхэн тайван байгаа хүүхэн байна. Би ганц хүүгээ шуурганд алдчаад галзуурах гэж байна. Бүтэн шөнө шал нойтон хувцастай хүйтэн шуурганд балбуулсан хүүхэд одоо яаж амьд байхав. Чи бод! Өдий болтол миний өөдсөн чинээ хүү яаж тэсэхэв? Үүнийг чи ойлгомоорсон гээд цурхиран уйлсанаа, -Ийм харанхуй шуурганд эзгүй талд миний хүүг аврах юу таарахав? Юу ч таарахгүй. Гадаа дэргэдэх хүн үзэгдэхгүй байгаа биз дээ? Ийм нойтон цас ийм хүйтэн шуурганд яаж амьд байх юм бэ? Яаж амьд байх юм бэ? Ерөөсөө гайны Зундуйгаас боллоо. Гайны амьтан манайханд юугаа эрж салгалж ирэв ээ? Хөөрхий үр минь. Би одоо яах вэ? Чи надад хэлээд өгөөч. Би одоо яах вэ? гэж дэлбэрч, багтран ориллоо. Тэгснээ,
-Чи намайг хүүгийнхээ төлөө ориллоо гэж дургүйцээд байгаа юм уу, хаашаа юм бэ? гэж давшлав.
-Үгүй дээ, яалаа гэж би тэгэх вэ? Тийм дотортой хүн байна гэж чи яаж бодож чадаж байна? Ямар ч аргагүй аюул болчоод байна шүү дээ.
-Чи ч Зундуйд миний хүүгээс илүү зовж байх шиг ээ.
Сүрэн доош тонгойн нууцаар сэм уйлав. Жавзан,
-Түрүүнээс хойш чи аль орой төөрчихсөн миний хүүг дурсахгүй мөртлөө Зундуйг яриад байсан биз дээ. Би буруу юм хэлчихсэн бол өршөөгөөрэй. Миний хүү танайхаас болсон шүү. Та нар архидах гэж миний хүүг адуунд явуулсан. Би өөр юманд бол ингэж ярихгүй, тэснэ! Харин хүүгийнхээ амь насанд тулбал би юу ч хэлэхээс буцахгүй. Юу ч хийхээс ичихгүй. Намайг ингэлээ гэж юу гэж буруутгана тэр надад огт хамаагүй. Би тэнэг мунхаг эм. Хүүгээ осолдох юм бол надад амьд явах хэрэг ч байхгүй.
-Зөв өө зөв. Чиний хэлж байгаа түмэн зөв. Би бүгдийг ойлгож байна.
-“Зөв өө зөв. Түмэн зөв” гэж байгаа үгэнд чинь нэг өнгө цухалзаж байна. Үг өнгөтэй байдаг юм.
-Үгүй би тэгээд юу гэж хэлэх вэ, Жавзаан?
-Хүүг минь төөрүүлчээд зовохгүй байхдаа яахав дээ. Та нараас болж миний хүү осолдож байгааг чи ойлгож байна уу, үгүй юү?
-Ойлгоод зовохын ихээр зовж байна шүү дээ. Би чиний өмнө түмэн буруутай. Түмэн буруугаа үглээд яах юм бэ? Танай хүү аргагүй л манайхаас боллоо. Чи намайг хүүгийнхээ араас явуулах гэсэн юм уу? Тэгвэл би явъя л даа. Би төөрөхөөс айхгүй байна. Зовж шаналсан чиний дэргэд ингэж сууснаас явсан минь надад дээр ч биз.
-Би чамайг хүүгийнхээ араас явуулж төөрүүлэх гээгүй. Чамайг би хүүгийнхээ төлөө сэтгэл зовсонгүй, надтай хамт сэтгэлээ зовоогооч гэж гуйж байна.
-Миний сэтгэл зовж байна шүү дээ.
-Чиний сэтгэл зовж байгаа. Би чиний сэтгэлийг зовоогүй байна гэж хэлээгүй. Гэхдээ чи миний хүүгийн төлөө яагаад бусдаас илүү зовдоггүй юм бэ? Чи яагаад миний хүүг Зундуйтай адилхан хэмжээнд өрөвддөг билээ? Миний хүүг Зундуйгаас илүү өрөвдөх ёстой биш үү? Тэр чинь нялх хүүхэд. Архи уух гэж түүнийг явуулсан. Тийм хөөрхөн нялх амьтны амь насанд гай тарчихсан улс түүнийг бусдаас илүү өрөвдмөөр сөн.
-Хүүд чинь би бусдаас илүү зовж байна шүү дээ.
-Үгүй ээ, чи миний хүүд бусдаас илүү зовоогүй. Бусдаас илүү зовж байгаа хүн чамд нэг бий. Чи түүнд Жүгдэрээс ч илүү зовж байгаа юм биш үү?
-Жавзан минь бузар гээд Сүрэн нүүрээ дарав.
Жавзан,
-Би ер нь юу болоод байна аа? Учраа ч олохоо болилоо. Хүү минь нэвтэрсэн нойтон хувцастай хүйтэн шуурганд өчнөөн цаг боллоо. Өнөө өглөөхөн хүүгээ унтаж байхад дэргэд нь очоод духы нь үнстэл хүү минь сэрээд “Ээж яаж байгаа юм бэ? Сайхан зүүдэлж байхад цочоочихлоо” гэж уцаарлаж байсан юмсан. Юугаа зүүдэлсэн юм бол доо хүү минь. Би ингээд хүүтэйгээ дахиж уулзахгүй юм гэж үү?
...Зундуйд унаж яваа морины нь чих ч үл үзэгдэнэ. Аймшигтай хүчтэй цасан шуурга түүнийг морьтой нь хийсгэх ажээ. Түүнд шуурга уруудахаас өөр арга байсангүй. Цасан шуурга нүүр нүдгүй шавхуурдаж, хамаг хувцсыг нойтон цас шавлаа. Бүх хувцас нь нэвтэрсэн тул тэр дорхноо осгож, эрүү шүд нь тачигнан хавшиж, хамаг бие нь дагжин чичирч эхлэв. Зундуй осгож үхэхээ мэдсэнээр Нэргүй Жүгдэр хоёрыг үхсэн гэдэгт эргэлзэхээ болив. Ингээд өнгөрдөг байжээ. Өнөөдөр хүүтэйгээ уулзсан. Хүү нь өөрөөс нь салж чадахгүй байсан нь ийм учиртай байгаа юу? Охин минь ганц гэр энэ аюултай шуурганд яасан бол? Би үхсэн хүүрээ хийж айл доншуучлав аа? Надад одоо эхнэрийн хэрэг юу байна аа? Бузар бодлоосоо болж хичнээн хүний амь сүйтгэх бузар толгой вэ, би? гэж Зундуй өөрийгөө зүхсээр осгов. Хуруу гар нь час часхийж байснаа сүүлдээ мэдэгдэхээ болив. Гагцхүү морьтойгоо хүчтэй салхинд дэгдэж буйгаа нэг мэдэж, нэг больж явна. Ухаан нь орж гарч байх шиг. Амьд явах эрхээ тэр бээр аль түрүү Жүгдэрийнд байхдаа алдсанаа ухаарсан билээ. Түүнд үхэх шийд хангалттай хуримтлагджээ. Гагцхүү хүү охин хоёроо бодохоор гайхаш барагдана. Бас Нэргүй Жүгдэр хоёрыг хөнөөснөө ойлгож үхэл рүү зориглоно. Нэг мэдэхнээ тэр явган явж байгаа ч юм шиг. Нэг мэдэхнээ мориндоо чирэгдээд яваа ч юм шиг. Нэг мэдэхнээ голоос нь халуу буцлаад буй ч юм шиг. Зундуй нэлээд халамцуу тул амархан осгов. Архины халуун хуурамч байдаг учраас архи уусан хүн амархан осгодог ажээ.
...Жүгдэрийн үүдэнд машин тулж зогслоо.
-Машин! гээд Сүрэн ухасхийв. Сумын дарга жолооч Нэргүй гурав орж ирлээ. Жавзан “Чи минь амьд уу?” гэж бахираад хүүгээ тэвэрч авав. Нэргүй ээжийнхээ нулимс шүлсийг хацраасаа арчиж, нэрэлхсэндээ,
-За за ээж минь больж үз гэхэд Жавзан,
-Ээжийн нь үнхэлцэг эгээ л хагарчихсангүй гээд уйллаа.
Нэргүй,
-Жүгдэр гуай хаачсан бэ? гэхэд,
-Жүгдэр чиний хойноос яваад удаж байна гэцгээв.
-Яаж байгаа нь тэр вэ? Зундуй гуай бас хаачсан бэ?
-Бас л чиний араас гарсан.
-Тэднийг харанхуй шуурганд явуулж зэрэг зэрэг төөрүүлдэг нь яаж байгаа юм бэ? Нэг нь төөрвөл болоо биш үү? Ээжийн хийж байгаа ажил даа энэ гэхэд сумын дарга,
-Одоо тэгвэл хоёр хүн эрэх болжээ. За яахав тайван бай гэхэд “тайван бай” гэсэн үг Жавзангийн тархи руу цохих шиг болж тэр бээр энэ үгийг хэлж байсан Сүрэнгийн өөдөөс харж гэмшингүй хулмалзав.
Сумын дарга,
-Хамгийн гол нь хоёуланг олох хэрэгтэй. Маш хүйтэн байгаа нь гол аюул. Осгоно шүү! гэснээр яриа дуусаад бүгд бодолд оров.
Сүрэн Нэргүйгээс,
-Чи машинтай яаж таараа вэ? гэвэл Нэргүй,
-Би адуугаа уруудахаар Дорж гуайн саравч руу чиглүүлсэн маягтай даялуулаад явсан чинь сохор азаар яг саравчин дээр орчихсон. Тэгээд яахав, хашаанд орж сурсан адуу өөрсдөө саравч руу давхиад орчихсон гэж баяртай мэдээ дуулгав.
-Чи тэгээд даарав уу?
-Гайгүй ээ. Тэдний төлийн пүнз бараг гэр шиг юм. Би нороо ч үгүй. Пүнзний аман дээр гал өрдөөд сууж байтал шөнө дундаас хойш машин миний галын гэрлээр давхиад ирсэн. Харин бид наашаа гараад гэрээ олохгүй зөндөөн төөрлөө. Бид сая гадаахь дэнлүүний гэрлээр ирэв гэхэд сумын засаг дарга,
-Цаг агаарын онц аюултай үзэгдэл болно гэж радиогоор зарлаад байсан шүү дээ. Танай багийн нутагт радио долгион барихгүй байгаа юм байж л дээ. Орой шуурга эхлүүт багуудад хүмүүс гарсан. Харанхуй шуурган дунд гал гялсхийх шиг болоод. Юу вэ гээд хүлээтэл гал дахин гялсгээд алга боллоо. Тэгээд бид Нэргүйг оллоо л доо гэж ярьснаар тэд Жүгдэр Зундуй хоёрын эрэлд гарлаа. Нэргүйн араас Жавзан “Хөөе Нэргүй, чи бас явах нь уу?” гэхэд хүү нь дуугарсангүй гараад явчихав.
Мэдээж хоёр хүүхний байдал нэлээд өөрчлөгджээ. Гал түлж суусан Сүрэнд Жавзан дөхөж очоод,
-Галыг чинь найз нь түлье гэснээ хэлэх үгээ олж ядан, -Энэ тэнгэр гэнэт арилчихдаггүй л юм байх даа. Жүгдэр хөвөнтэй дээлтэй л явчихсан биз? Ядаж дулаан хүрмээ давхарлаж өмсөх нь яав даа гэв.
-Хүний хүүхэд төөрүүлчээд тэр үед дээл хувцас солих ухаан Жүгдэрт ороогүй биз. Надад ч тийм ухаан орсонгүй.
Жавзан санаа алдсанаа,
-Зундуй ер нь өнөө орой манайханд яах гэж ирсэн юм бол? Тэр бас хөөрхий яав? Хоёр өнчин хүүхдийн нь заяа түших байгаа. Жүгдэр Зундуй хоёр ерөөсөө явалгүй гэртээ Нэргүйг хүлээгээд сууж байдаг байж. Тэгсэн бол Нэргүй ирээд өдийд хичнээн сайхан байхав гэлээ.
...Нохой хуцах бүдэг чимээ гарах шиг болов. Нөгөө хоёр хаалгаар чихцэлдэн гарлаа. Шуурга ялимгүй сийрсэн ч юм шиг. Нохой хуцах чимээнээр нөгөө хоёр дөхөж очвол Нэргүйн үүдэнд нохой нэг юмыг сүрхий боргон ээрч байх шиг. Тодорхой юм үзэгдсэнгүй. Тэгтэл хүн дуугарах шиг болов. Нөгөө хоёр бие биеэ нудраад анирдлаа. Дүнгэр дүнгэр ярих чимээ яах аргагүй гарч байна. Хоёр хүүхэн айсаар айсаар дөхлөө. Нохой нь нэг юмыг бүр урчих гээд дайраад буй чимээ тодров. Жавзан түрүүлж очсоноо буцаад Сүрэн рүү гүйж ирээд,
-Яана аа. Манай гэрийн үүдэнд нэг хүн урагшаа харж суучаад ганцаараа яриад байна гэхэд Сүрэн,
-Нөгөө хоёрын чинь нэг л байлгүй гэхэд Жавзан,
-Биш ээ, үгүй ээ, биш байх аа. Нохойд хуцуулан ганцаараа яриад сууж байсан. Аймаар харагдсан гэлээ.
Сүрэн,
-Тэр хоёроос өөр хэн байдаг юм бэ? гээд тийшээ явав.
Жавзан тийшээ дахин ойртохоос халгаад үлдэхдээ Сүрэнгийн араас,
-Сүрээн, тэр хоёрын хэн нь ч биш байх аа гэхэд Сүрэн,
-Биш ч байлаа гэсэн шуурганд төөрч осгосон хэн нэгэн байна биз дээ гэж уцаарлаж буй нь бүдэгхэн сонсогдов.
Сүрэн нохойгоо зандарч дуугүй болгоод өөрөө чимээгүй болчихлоо. Жавзан ганцаараа ярьсан хүнээс цочсондоо одоо хэр тайвширч чадсангүй. Тэгтэл Сүрэн түүнийг дуудлаа. Зундуй дан өмд цамцтай ямар ч ухаан мэдрэлгүй ганцаараа гүвэр гүвэр ярьсаар сууж байна. Хоёр хүүхэн түүнийг дамжлан гэрт оруулав. Түүний зүс царай аймаар болжээ. Бөмбөгөнөтөл чичрэх зуураа дэмийрнэ. Үг нь сайн мэдэгдэхгүй аж. “Яасан халуун юм бэ?” гэнэ. Тэгснээ “Халууцаад байна” гэлээ. “Хүйтэн ус өгөөч. Хүйтэн ус” гэж үглэв. Нөгөө хоёр хэрхэхээ мэдэхгүй сандарлаа. Юутай ч дулаан дээл нөмрүүлэв.
-Халуун цайд шар тос унагаад өгөх үү?
-Осгосон хүнд цэл хүйтэн ус өгдөг гэл үү, яадаг гэдэг билээ?
-Жавзан минь шалавхан ор зас. Үстэй дээлээр дарчихъя.
-Хөөрхий, хөл гар нь хөлдчихсөн бол яана аа?
Зундуйд мэдрэл алга. “Яасан улаан юм бэ” гэнэ. “Яасан халуун нар вэ” л гэнэ.
-Архи балгуулах уу?
Зундуй тооно өөд нэг юм барьж авах гэж буй мэт гараа сунган сарвалзаад,
-Дулмаа! Дулмаа! Надад хүйтэн юм өгөөч! гэснээ дэргэдээ зогсож буй Жавзанд хандсан маягтай амьгүй нүдээр эвгүй гөлрөөд, -Чи хөөе, Дулмаа юу? гэхэд Жавзан айсандаа займарч зогсов. Галгүй амьгүй аймаар нүд Жавзан руу гөлөрсөөр. Зундуй архи балгаж чадсангүй, цацаад асгачихлаа. “Дулмаа. Чи хаана байна аа? Үүр цайчихлаа. Босох болоогүй юү?” гэж дэмийрнэ. Жавзан,
-Ийм юм болох гэж бас байдаг аа? Надаас л боллоо. Жүгдэр одоо ийм болчихсон яваа байх, яана аа. Сүрэн чи Жүгдэрийг явуулахгүй гээд зүүгдчихгүй даанч яав даа? Би тэр үед Нэргүйдээ зовоод өөрийн ухаангүй байжээ. Одоо бодоход өөрийн ухаангүй байсан болтой. Надаас бүх юм гайтлаа. Би яасан нүгэлтэй эм бэ? гэж уйлагнахад Сүрэн,
-Чиний буруу гэж юу байхав. Үрийнхээ хойноос зовохгүй эх гэж яаж байхав. Би үр хүүхэд төрүүлээгүй ч гэсэн чамайг бүрэн ойлгож байсан гээд Зундуйд бүлээн юм балгуулах гэж оролдоно.
-Осгож үхэж байж хамаг хувцсаа тайлдаг нь яаж байгаа юм бол?
-Хүн осгохоороо хувцсаа тайлдаг гэдэг үнэн юм даа. Доторх амь халуун нь үхэх дөхөхөөрөө гадагшаа гарч, амь нь тэмцэтлээ халууцдаг гэж сонссон шиг байна. Эцэстээ нэг их халууцаад амь тавьдаг гэсэн.
-Бурхан минь, тэгвэл наадахь чинь яг үхэх гэж байжээ?
-Жаахан азнасан бол амь тавих байсан байх. Ийм харанхуй шурганд яаж гадаа ирэв ээ? Ёстой сохор аз таарч дээ.
-Хөөрхий, өөрийн ухаангүй болохоор үүдэнд ирсэн хэрнээ гэрт орохоо мэдсэнгүй. Халтар нохой хуцаагүй бол манай гадаа хаяанд өнгөрөх байж. Тэгсэн бол яана аа. Хүмүүст юу гэж хэлнэ ээ?
-Бидний хүмүүст хэлэх үг ч яамай. Азтай улс ч ингээд хүрээд ирдэг байж. Азгүй нь яадаг юм бол доо? гэснээ Сүрэн эвгүй үг хэлсэндээ гэмшиж, -Жавзан минь, би чиний сэтгэлийг зовоох үг хэлчвүү дээ. Совин татаад байна. Миний дотор удахгүй онгойх байгаа гэхэд Жавзан би түрүү Сүрэнгийн сэтгэлийг ингэж засах минь яав даа гэж харамсав.
Тэр хоёр Зундуйн аманд халбагаар бүлээн цай балгуулж, хөрсөн хөл гарыг барилна. Зундуйн царай цэл хөхөрч амьсгал холдон холдон бүдгэрсээр. Хоёр хүүхэн яах учраа олохгүй ч Зундуйг ноолсоор ажээ. Зундуй үе үе дэмийрч “Би ханьтай болоод охиноо сургуульд явуулна. Миний охин онц сурна. Би авгай авна. Жавзаан чи” гэж их тод хэллээ.
Жавзан сандарч,
-Наадахь чинь юу гэнэв ээ? гэлээ.
-Орой Жүгдэр бид хоёрт тэгж ярьж байсан юм.
Жавзангийн дотор нэг юм оров янзтай нүд нь сортолзлоо.
Тэгтэл радио гэнэт цочтол хашгирав. Долгион орж ирж, радионы дуу нэг тодорч нэг бүдгэрч чимээ тасарснаа дахин паржигнаж гарлаа. Хань хамжааны хүслэн болсон хоёр хүүхэн гэнэт тэнгэрээс аврагч бурхан гэрт заларсан аятай догдолж, эгээ л Жүгдэрийг аварсан тухай тэр хоёрт мэдээлэх гэж Төр засаг долгион зориуд цацсан юм шиг горьдох нь өрөвдөлтэй. Харамсалтай нь радио тасалдаж паржигнаад энэ тэндээс ганц хоёр үг сонсогдов. Оюу толгой Таван толгой гэснээ унтарч Сайншандын цогцолбор гэж дуу тавиад бүр паг. Хуушуур хайрах мэт шажигнаснаа хэвтээ тэнхлэгийн төмөр замаа Таван толгойгоос Улаангом Өлгий Цагаан нуур гээд овоо яримаар болсноо гацчихав. Хоёр хүүхэн гэнэтийн шуурганы талаар л сонирхсон нь мэдээж. Таван толгойгоос зүүн тийш Сайншанд Чойбалсан хүртэл төмөр зам гээд амьсгал хураав. Хоёр хүүхэн гомдолтой хоцорлоо. Тэгтэл дахин дуу хадаж, Дөргөн Тайширын усан гэснээ цэр нусандаа хэсэг цацаад сэргэхдээ бага оврын атомын цахилгаан станц гээд дахин бөглөрөв. Намын амлалтын ээлжит нэвтрүүлэг таарчээ. Үйлдвэржилт дээр нэмэх нь цахилгаанжилт, нэмэх нь төмөр зам гэж донгосоод шуурганы талаар ганц үг ганхийсэнгүйд гамшигт нирвэгдсэн хоёр эмэгтэй гомджээ.
Аюулт үзэгдэл нөмөр хоргогүй нүцгэн талыг шөнө өдөр хоёр хуу арчаад гэнэт эхэлсэн шигээ гэнэт арилчихав. Цасанд дарагдсан хахир талаас өндийж ирэх амьтай голтой хүн мал үлдэж үү? Шуурганд гөлчийтөл үлээлгэсэн нүд алдам хов хоосон тал гялалзан цайвалзах нь даанч дээ гэмээр яасан цэвдэг яасан харгис вэ?
Тэнгэр арилмагц өл алдсан хонь хашаандаа майлалдаж, Сүрэн тэднийг хашаанаас гаргаад хойноос нь түлш дууссан тул хөр цасан дотроос аргал түүхээр шээзгий үүрээд дагав. Ухаан ороогүй Зундуйг Жавзан арга буюу бөөцийлөн гэрт ганцаар хоцорчээ. Сүрэн хонин сүргээ даган ойр хавьдаа арай өндөрлөг товцог дээр гарав. Эргэн тойрон дун цагаан. Шуурганы дараахь амьдралгүй хов хоосон орчлон. Тэнгэрийн хяхуу арилах яагаа ч үгүй тун ч жихүүн агаад салхины эрч тийхнээрээ. Хаяа хязгааргүй чив чимээгүй цасан тал дээгүүр бүсгүй хүний хоёр хөөрхөн хар нүд түгшүүртэй еэ бэдэрнэ. Нулимс хурсан хоёр гоё нүд шинэхэн цасан далайн дунд торойх цэг хайна.
Нүд алдам мөртлөө торойх бараагүй дун цагаан хоосон тал үүлгүй тэнгэрийн хурц наранд цавцалзан гялбалзаж, нүд царгих агаад хаа ч юм бэ орших ганц цагаан суварга цасан дотроос үл ялгарна. Хоосон хөндийн өнчин суварга дориун сүрлэг агаад шив шинэхэн. Өнгөрсөн аюулт шуурганд суварга ажраагүй бөгөөд харин нөмөрт нь зузаан хунгар овоорчээ. Суварганы нөмөрт тогтсон зузаан хунгараас хүний залбирсан мэт хоёр гар дөнгөж цухуйж буйг эзгүй их талд хэн яахан олж харах билээ. Шуурганд осгож ухаан мэдрэл алдсан нэгэн чулуун суваргыг гэр байшин хэмээн горьдож, хаалга үүдий нь олж орж амь гарах гэж тойрон тэмтэрсээр сөгдөн унасан агаад галзуурсан догшин шуурга түүнийг зузаан хунгараараа сайтар хучаад нойрсуулжээ. Суварга годил мэт цул байсан нь даанч харамсалтай. Алтан тоногтой цоо шинэхэн суварганы нүнжиг бузгай хөрөнгөөр бүтсэнээ илтгэнэ. Суварганы нүүрний гүнгэрваанд залсан алтадмал бурхан түүнд минь хань болсон биз ээ гэж үлдэгсэд нь сэтгэл юугаа хуурах л үлдэж дээ.
...Хэд хоногийн дараа Жүгдэр сумын эмнэлэгт ухаан орсон юм. Түүнийг ухаангүй байхад эхнэр нь хэд хоног нойргүй сахижээ. Сар гаруй эмчлүүлэв. Хөлдсөн хоёр гараа тайруулах байх гэж айж байсан нь өнөөдөр эмч нар тайрах шаардлагагүй болсныг мэдэгдэв. Хэд хоноод эмнэлгээс гарах гэнэ. Жүгдэр Сүрэн хоёр дуу алдан хөөрч хүүхэд шиг тэврэлдлээ. Баярласан Жүгдэр уртаар санаа алдаад,
-Хань чинь үхээд бослоо доо, хонгор минь. Одоо хоёулаа гэртээ амар мэнд харих боллоо. Манай гэрийг сахиж суугаа Зундуй Жавзан хоёр өдийд хоорондоо бузгай дасаа биз. Жавзангаа Зундуйнтай айл буу гэж хоёулаа очоод ятгана аа хөө. Тэгээд Зундуйн охин хөөрхий сургуульдаа яваг гэж албаар хөгжиж, сэтгэлийнхээ буртгийг арилгахыг хичээв. Тэгснээ уртаар санаа алдаад Сүрэнгээ хайрлан үнсчээ.
Зуд зулагтай гэж... Эргэн тойрон нов ногоон. Хязгааргүй цэл ногоон орчлон. Далайн тэвш шиг нүд цуцам хөндийг бялхан цэлэлзэх ариун дагшин агаар мандалд Жүгдэр Сүрэн хоёр хос загас адил умбаж, аргамаг хүлгийн эрчээр гэр өөдөө хурдалж явна. Юутай сайхан! Юутай их аз заяа гээч вэ? гэж Жүгдэр нууцхан уулга алдаад хойшид хормойн бузаргүй ариун журамтай явахаа цээжнийнхээ мухарт андгайлж, хөөрхөн Сүрэнгээ өрөвдөн уучлалт сэм гуйж гэмших тусам хөөрхөн Сүрэн нь улам хөөрхөн харагдаж, Жүгдэрийн дотор зумарч явав. Ухаалаг гэргий нь Жүгдэрийн хайрыг мэдэрч итгэл цацруулсан харцаар хариу төөнөх нь тэсэхийн аргагүй. Энгүй тэнгэр, газран далайн завсар зовох өдөр байвч жаргах өдөр бас ирдэг ховорхон нутаг даа.
2010-05-30

Хэцүүхэн хэд хоног

Тавхай уг нь хурдан морь нэг их сонирхдоггүй нэгэн. Тиймээс хурдан морь уяж сойж үзээгүй эр. Тавхайнтай саахалт нутагладаг Саарай гэж нэг хурдан морины өвчин бий. Саарай хамаг мал хөрөнгөө хурдан моринд өгнө. Тэглээ гээд үнэлж авсан морь нь олигтой давхиж түүнийг баярлуулахгүй. Саарайн тэр их дурыг дагаад сойсон морь нь ядаж айрагдахгүйд нутгийн ах дүү түүнийг өрөвдөнө. Саарай Өөлдөөс нэг цуутай хурдан авчээ. Ямар үнээр авав гэхэд тэр нэрэлхээд хэнд ч хэлсэнгүй. Үсэргээ сунгаанд Саарайн үнэтэй хурдан өнгөлж түүнийг урамшуулав. Тэгтэл Тавхайн хонины хүүхэд унаж явсан хээр үрээгээр үсэргээний морьдын хажуугаар сайн дураараа уралдаад тасархай хол түрүүлжээ. Тавхайн хонины хээр үрээг Саарайн нөгөө үнэт хурдан ч гүйцсэнгүй. Хонины номхон хээр үрээ эгэлгүй хурдан хүлэг болох нь ингэж илэрлээ. Тавхай морь уях дургүй юм чинь хээр үрээгээ уясангүй. Тэдний хээр үрээг Саарай уяжээ. Хээр үрээ хэдэн жил нутагтаа ямар ч ажнайд гүйцэгдсэнгүй. Ямагт түрүү магнай болов. Хээр үрээ насанд нийлээд улам олон түрүүллээ.
Морио дандаа түрүүлээд байхаар Тавхайд хурдан морины дур орж эхлэв. Орон нутагтаа төдийлөн анзаарагдаж яваагүй Тавхайн нэр “хурдан морьт Тавхай” хэмээн хэдэн суманд алдаршлаа. Уулзсан таних танихгүй хүн болгон Тавхайг хүндэлж, зарим нь бүр долигноно. Тавхайд “үгүй бас хачин юм аа” гэсэн бодол төрсөнгүй, тэгсгээд аархах, бусдын морийг басамжлах зан дотор нь оволзсон авч түүнийгээ тэр бээр нууж чадахтайгаа нэгэн билээ. Сумын нам захиргаанаас сүүлийн жилүүдэд албан журмын мах сүү ноос ноолуур арьс шир нэхэх нь гаарч толгой өөд татах аргагүй болсон цагт Тавхай хурдан хээрээрээ бухимдаж гунихарсан сэтгэлээ хуурдаг болжээ. Тиймээс хурдан моринд Тавхай мал өсгөх маршал Чойбалсангийн төлөвлөгөөний хажуугаар үйлийн үргүй дурлав.
Тэднийх овоо хэдэн хөөрхөн малтай. Жилд хорь гаруй ирэг, арваад сэрх, дөрөв таван шараа хоршоонд өгнө. Тэглээ гээд харамсахгүй. Яагаад гэвэл бүх айл эр сувай малаа хоршоонд өгч байгаа юм чинь. Тавхай нам засагт гомдоод л, хээр морио уяад л, хээр морь дандаа түрүүлж түүнийг баярлуулаад л, нэг иймэрхүү маягтай амьдарч байв. Сүүлийн үед Тавхай нам засгаас болсон уу, хурдан хээрээсээ болсон уу, архи олдвол уух сонирхолтой боллоо.

Эмгэнт

Нэг ч уулгүй нүцгэн талд Эмгэнт хэмээх дориун сархиатай ганц шовх заяажээ. Хавь ойрдоо онцгой сүрлэг учраас их содон харагдах энэхүү шовхын огцом эгц барзгар хадан энгэрийг гүнзгий хар хар ангал хөгшин хүний нүүр шиг атираа нугачаа цацруулан зүсэж, бэлд буусан хойноо тэнийж, цэлийсэн тал болж номхорсон нь ямар аугаа хүчээр оргилон буцлан байж бүтсэн хангай вэ гэж дуу алдмаар. Ханалж үелсэн цохионоос бүтсэн уулын элэг шороогүй хадан хөрстэй тул ногоорох ургамалгүй. Гэвч хад байц нэвтлэн ургасан аварга шүхэр шиг хэдэн нэлмийсэн хайлаасыг харсан хүн “Энэ хайлснуудын үр анх зөөлхөн торгон үзүүрээрээ яаж ийм мунадаг хаднуудыг цоолж чадав аа” гэж хайр нь хүрч нулимс унагамаар. Их гүнзгий гол гол хавцлаас хомсхон булаг ундрах аядах төдий агаад гялтганасан хүйтэн ус доош урсаад жожиг шовхын цангасан хормойд дөнгөж хүрээд ширгэнэ. Шандын урсгал шингэсэн тэр чийгтэй хавтгайг “Ус тардаг” гэх агаад тэнд таана сугсайтал ургана. Ус тардгийн таананд оруулсан малын өвчин аяндаа эдгэрдэг нь ёс. Шанд болгоны адагт ус тардаг бий. Ус тардаг бүхэн таанан талбай. Эмгэнтийн энгэрт өвс үзэгдэхгүй ч хадны завсраас цухуйсан тачирхан аагтай ногоо нь чанарын хувьд малд хүчтэй эм л гэсэн үг. Үнэр гэж дэндүү. Түүнийг үнэрлэсэн ядарч доройтсон мал дорхноо нүд нь сэргээд, аргаль янгир мэт үргэж цойлоод эзэндээ ойртохоо болино. Эмгэнтийн ар бие чухам л малын жаргал. Нарийн монгол ногоо халиурсан хад чулуугүй цэлгэр амууд газрын дээд өөд өндийж, дээшлэх тусмаа жалгууд болон нарийсч, арц хүж ханхалсан жалга судаг зэрэгцэн өгссөөр Эмгэнтийн оройд ойртох тусам цөм бие биедээ уусаж, ноёлох оргилын ар дагзанд тулаад замхарчээ. Энэ нутгийн бүх хөндий хоолойг Эмгэнт эргэн тойрноосоо өөртөө татан цуглуулж, оройдоо хумьж атгасан ноёлох өндөр юмсанж. Эмгэнтийн ар дагз өндөр учир сэрүүн. Үүл манан салахгүй. Чухамхүү тэр хүйтэн дагзанд хэдэн бут яргай заяажээ. Говьчууд тэр хэдэн бутаа шугуй гэнэ. Ойрын зуун км-ийн тойрогт ой мод, тэр ч байтугай, хайлаас яргай нэг ч үгүй ээрэм говь атал гагцхүү Эмгэнтэд энэ хэдэн хайлаас буйлс яргайг хэн авчраад ургуулчихав аа? гэж нутгийн хүмүүс үе дамжин гайхсаар иржээ. Тэднийг үнэхээр гайхаж байна гэж бодож байна уу? Үгүй шүү. Тэд өнгөн дээрээ гайхсан дүр эсгэх авч дотроо бол буйлс яргай хайлаасыг Эмгэнтийн лус ургуулж буйд огт эргэлзэхгүй. Гэвч энэ итгэл бишрэлээ хүнд донгосохоо хатуу цээрлэнэ. Хайрхандаа хайртай ч гэж жигтэйхэн. Дэргэд нь нэрийг нь хэлэхээ цээрлээд хайрхан л гэнэ. Хур борооны үүл, хагассан цөл, халсан агаар гатлан энд ирж чадахгүй. Замдаа улайдсан тэнгэрт ууршаад алга болно. Эмгэнт хайрхан нь л биедээ үүл татна даа. Бороо орж, ногоо дэлгэрэх хувь заяа ганцхан Эмгэнтийн буян. Тийм учир Эмгэнт хайрхандаа хайртай байхаас ч яахав. Ямагт дээжээ өргөнө. Тэд Их хурлаас Эмгэнтээ илүүд үзнэ. Хязгааргүй мэлтийх талд ганц хадан шовх алсаас их л бараа сүртэй. Бараа сүрэнд нь бишрэх авч бас эмээнэ. Жалга болгон нь зудаас аврагч өвөлжөөтэй.
Яагаад Эмгэнт гэснийг бүү мэд. Мэдэхийг хүсэх ч үгүй. Мэдэх ёстой нэг зүйл бол Эмгэнтийн лус савдаг догшин гэж аймшигтай. Хариугаа тэр шөнөдөө л авна. Үүнийг батлах олон домог бий. Домгууд хүн бүрийн зүрхэнд хадаглагдах агаад гадны хүнд туслах зорилгоор заавал ярьж өгдөг заншилтай. Энэ бол энэ нутгийн бичигдээгүй хууль. Хадны завсар нэг эмгэн сууж байдаг бөгөөд зарим учиртай төрсөн дан биш давхар хүнд харагдсан домог үе дамжин буухиална. Эмгэнтийн эмгэн нүдэнд харагдвал хойт насандаа бурхан болдог хуультай. Ийм л ертөнц, ийм л хангай. Өөр ямар сургаал хэрэгтэй юм бэ?
Домог: Сэмбэн мориноос унахдаа гаансныхаа модыг хугалчихав. Гаансгүй болохоор тамхи татаж чадахаа больжээ. Эрт урьдын цагт зэлүүд нутагт янжуур гэж байсангүй, бас цаасанд тамхи ороож татахыг мэдэхгүй. Цаас ч байсангүй. Насаараа тамхи татаж, тамхинд орсон Сэмбэн шаналж гүйцэв. Гаансны мод хайлаа. Олддоггүй. Говьд юун гаансны мод. Хятадын барааг Монголд оруулахыг Оросууд хаачихсан цаг байж. Харамсалтай нь, зарах гаансны мод Орост ширхэг ч байсангүй. Эмгэнтийн буйлсны нэг бутанд гаансны мод яг болмоор шув шулуунхан өчүүхэн буйлс байхыг Сэмбэн харжээ. Тэгээд яахав, ямар огтлолтой нь биш. Гэртээ харилаа. Хэд хонолоо. Тамхи татмаар санагдаад бүр тэсэхээ болилоо. Нөгөө буйлс бодогдоод салдаггүй. Сэмбэн тэсэлгүй хэдэн удаа Эмгэнт өөд морио шавхан хадан дундуур авиран байж нөгөө буйлсан дээр очжээ. Эргэж тойрч зөндөөн үзлээ. Маани мэгзэм уншиж Эмгэнтийн хүйтэн шороонд халуун духаа хөртөл мөргөв. Тэглээ гээд зориг хүрдэггүй. Ерөөс тамхиа хаяад, энэ буйлсыг бодохоо больё чиминь. Одоохон мориндоо мордоод давхиж харих минь. Гэсэн ч нэг л болж өгсөнгүй. Эцэст нь нөгөө буйлсыг огтлоод авчихав. Хатаахаар униндаа хавчуулжээ. Тэгтэл тэр шөнөдөө ганц хуруутаад хонолоо. Хуруу хумс нь луг лугхийн идээлээд өвчин орж эхлэв. Айсан Сэмбэн шалавхан нөгөө бутны огтолсон ёзоорт гаансны мод хийхээр авсан буйлсаа эвэнд нь тааруулж хадгаар янгинтал боогоод Эмгэнтээ аргадан залбирсаар харьжээ. Хуруу нь өвчин орж байгаа гэж жигтэйхэн. Идээлсэн хуруу нь бохирдож, идээ бээр нь судсандаа орж, үхдэгийн даваан дээр буйлс огтолсон муу хуруугаа сүхээр тас цавчиж байж амь гарчээ. Өвчиндөө халуурч дэмийрсэн түүний нүдэнд айхтар догшин эмгэн гэрт нь дэвхэрч цовхроод гарахгүй байсан гэнэ гэсэн яриа таржээ. Үнэхээр тэгсэн юм уу, нутгийнхан нь зохиосон юм уу, бүү мэд. Эмгэнтийн буйлс өтгөрч ар дагзны нь хэдэн яргай олшроод буйг нутгийнхан анзаарч, гэрт орж дэвхэрч цовхордог Эмгэн лусаас улам жийрхэнэ. Яргайнд ойрхон очихгүй, очвол хоорондоо ярихгүй, холдож байж зөөлхөн дуугаар шивэгнэн үг солилцоно. Яргайнд гар хүрч бузарлахгүй бол их өтгөн шугуй болж, тэлнэ гэж домог амлана.
Домог: Бамба өвгөн Эмгэнтэд хонь ногоолуулж яваад энгэрийн нь нэг шанднаас морио усалжээ. Халуун наранд цангасан морь булгийн ус руу хар тэнхээгээрээ зүтгэлэн залгилж эхлэх тэр агшинд Бамба өвгөний шээс хүрээд өмдөндөө золтой дусаачихсангүй. Морио хөтлөн булгаас холдож шээх гээд цулбуураасаа угзарсан боловч хүйтэн ус ухаангүй залгилах цангасан мориныхоо хүнд толгойг эргүүлж хүч хүрсэнгүй. Яадаг билээ? Морио сул орхиод өөрөө хол очиж шээвэл ааш муутай егзөр хөгшин морь нь хэд хоног чөдөрлүүлж унагдсандаа өширхөж, өвгөнийг ёс явгална. Хоёр хөгшин бие биеэ харилцан дөнгөж явсан түүх олон. Арга мухардсан Бамба яаж ч чадалгүй өмдөө шувтлан мориныхоо цулбуураас барьсан чигтээ булгийн дэргэд шээв. Тэгтэл шээс нь газрын уруу булаг руу орохоор урсав. Ихээр хураагдсан өвгөний шээс гарч дуусдаггүй. Өвгөн айсаар сарьсаар суув. Шээсээ булагт арай хүрэлгүй наана нь газарт шингэх байгаа гэж Бамба горьдож байтал нэг харахнаа шээс нь булагт орж явна гэнэ. Маш муухай нүгэл үйлдлээ гэж Бамба их айжээ. Эмгэнтийн догшин лусын толгой руу сарьсан тул хилэгнэж таарна. Бамба айсандаа нүглээ наминчлан өдөр шөнөгүй залбирлаа. Тэгэвч тусыг эс олов. Түүний хамаг биеийг яр идээд тарчлан үхжээ. Бамбаас хариугаа авсан шанд ариусаж, хүн мал ундаалсаар мөнхөрсөн гэж домог ятгана.
Домог: Уртхан шилбүүрээ уурга болгон хурга ишиг шонгийн мод зэргийг уургалж томчуулд загнуулаагүй хүүхэд хөдөөд байхгүй биз. Энэ нь том эр болж морь уургалж сурах гэж яарч дасгал хийж буй царай нь. Эмгэнтэд өвөлжсөн хот айлын хэдэн жаал Эмгэнтийн хаданд тоглож яваад нэг дүрсгүй нь морины аргамжааны гадас шиг нэг чулууг уургалаад татчихсан чинь нөгөө чулуу байрнаасаа ховхроод газрын уруу өнхөрчээ. Өнхөрч өнхөрч тогтсон гэдэг. Хүүхдүүд энэ явдлыг үл тоосон тул хэнд ч ярьсангүй. Тэгтэл орой нь үхэр зэлэндээ орлиод, ноход Эмгэнтийн хамгийн том оцон цохио өөд харж улиад, нөгөө хот айлыг сандаргажээ. Хуй салхи дэгдэж, чихэнд хий юм нүжигнээд нэг л биш. Томчууд яав ийв? Лус савдаг хэн аягүйцуулав? гэсэн мөрдлөг байцаалт явуулж, чулуу уургалж, булга татсан бяцхан этгээд баригдав. Томчууд булга татсан чулууг нөгөө жаалуудаар заалган олж, сууринд нь сүү дусааж, тарина хангинуулж, нөгөө чулууг ариулж аргадаад, байсан байранд нь яг хуучнаар нь сайтар суулгаж чадсан учир арай гайгүй өнгөрөв. Буйлс огтлогдсон, булгийн ус бузартсан тул өршөөл байгаагүй. Харин сууринаасаа ховхлуулсан чулуу буцаад байрандаа бат бөх суурилагдсан тул өршөөгдлөө гэж малчид Эмгэнтийн шударга шүүхийг бишрэн тайвширчээ. Домог үе дамжин яригдсаар.
Тэгтэл яасан гээч? Зах зээл эхлүүт үл таних хэдэн этгээд ирээд Эмгэнтийн нөгөө хэдэн яргайгаар ташуур хийж зарна гэжээ. Нутгийн хүмүүс яргайнд гар хүрвэл Эмгэнтийн лус савдаг тэр дор чинь сүйд хийнэ гэж нөгөө домгуудаа ярьж өгчээ. Наймаанд улангассан хэрмэл эрчүүд “Ёс мэддэггүй хүмүүст ёр халддаггүй юм” гэж цэцэрхээд Эмгэнтийн хэдэн яргайг цахилгаан хөрөөгөөр хяргаж аваад арилав. Эмгэнтээ бишрэгч нутгийн малчид яаж ч чадалгүй амаа ангайгаад хоцров. Наймаачдыг Эмгэнт яаж тамлах бол гэхээс зарим хорссон нэгний хөх инээд хүрчээ. “За гайгүй ээ. Муусайн шуналын микропууд биднийг дээрэлхэж чадсан ч Эмгэнтийг дийлэхгүй” гээд хүлээв. Тэгэвч наймаачид сүйрсэн тухай шар мэдээ ч дуулдсангүй. Эмгэнт маань яачихав аа гэж гайхахад хүрлээ. Хүн нь олон, нийгмийн бужигнаан замбараа алдсан учир жижиг наймаачдын үхэл мэдээллийн их шуурганд булагдаад өнгөрөв. Түүнээс биш Эмгэнт авах ёстой хариугаа аль эрт авчих аа гэж малчид оношлов.
Эцэст бүр хачин юм боллоо. Эмгэнтийн алтыг ухахаар нэгэн компани төмөр техник хангинуулан давшиж ирээд, хадан хөрсийг нь аварга шүдтэй ган шанагаар торох ч үгүй утган, там болтол ухаад, хад асгатай холилдсон шороог трактораар түрж овоолов. Дараа нь овоолсон шороогоо хад чулуутай нь тээрэмдэн үйрүүлээд, нөгөө хэдэн муу шандны ундрагыг газрын гүнээс ховх сорж, тээрэмдсэн чулуу шороогоо угааж эхлэв. Хэдэн сарын өмнө алх барьсан тас хар царайтай хэдэн муухай бадарчин Эмгэнтэд асч, алхаараа хад тоншоод явсны гай ингэж иржээ. Энэ бүхнийг малчид эсэргүүцэв. Компани тоосонгүй. “Эмгэнт тэднийг зүгээр өнгөрөөхгүй. Та нар бүгд лусын хорлол болж, аль муугаа үзнэ” гэж дотночилоод нөгөө хэдэн домгоо ярьж өгөв. “Компанийн ард их гарын драп залуурдаж буй тул түүнээс танай муу лус савдаг сүүлээ хавчаад нутгаасаа зугтсан” гэж дооглов. Лус компани хоёрын том зодоон дэгдэх нь зайлшгүй болжээ. Лус савдаг нэг муу компанийг дийлэх нь мэдээж. Удахгүй лусын хорлол амсах компаний ажилчид хөөрхий еө. Эзэн боссыг нь хамгийн чанга шийдгэхээ догшин савдаг мэднэ. Лусад арын хаалга, авилга байхгүй.
Дэлбэлэлтэд Эмгэнт тэр аяараа доргиж, үхэр чулууд газрын уруу өнхрөлдөж, замдаа таарсан байц цохиог бут мөргөж, хөх гал маналзах ердийн үзэгдэл болов. Доргионд Эмгэнтийн торгон орой дахь дэл хаднаас хэдэн цохио ан цаваараа салж, доош хар хурдаар өнхөрч мөр дээрээ таарсан компаний хүнд машин техникийг цөм мөргөж, хэдэн хүн няц дайрав. Хүний амь үрэгдсэнд малчид ихээр цочирдож, Эмгэнтээ тогтож хайрла гэж аргадлаа. Уг нь компаний буруу болохоос Эмгэнтийн буруу биш л дээ. Сүйрч буй ганц ууландаа гашуудсан малчид Эмгэнт хариугаа авч эхэлбэл “Эмгэнт минь ажиллаж эхэллээ” гээд алга ташиж, тавлана гэж анаж байв. Тэгсэн чинь нөгөөдүүл маань хүний амь үрэгдмэгц алт олборлогч нөхдөөс нь илүү харамсан гашууджээ.
Чингэтэл газар сэндийлдэг дэгээ төмрөө барьсан сүрэг нинжа уулгалан дайрч, догшин савдагт Эмгэнтийн байц цохионуудыг олны хүчээр газрын уруу онхолдуулж, асга хадыг ховхчин, онгойсон суурийг сэдрээн ухаж, нөгөө догшин булгийн устай мөнгөн ус цианит натри хольж, жирэлзэн урсах голдирогт нь шороо угааж алт ялгаж эхлэв. Малчид нинжа нарт нөгөө хэдэн домгоо ярьжээ. Нинжа нар юу гэсэн гээч? “Бид лус савдаг гэгч гэнэн домогт итгэдэг харанхуй малчид биш. Бид ХХI зууны даяарчлагдсан нинжа нар байна” гэж сайрхаж байгаад хэд хэдээрээ шороонд дарагдаж үхжээ. Шороонд даруулж үхсэн нинжа нарыг малчид ихээр өрөвдсөн ч гэлээ Эмгэнтээ биширч байсан нь мэдээж.
Уул ус хөнөөгч задарсан компани болон нинжа нарын сүрэг лусын хорлолд хэрхэн сүйрэхийг нүдээр үзэж, лус савдгаараа бахархана гэж хонзогнож байсан малчид хүн осолдоод ирэхийн цагт тун эвгүй байдалд орлоо. Гайхалтай нь амиа алдаад буй хэрнээ улайрсан алтчингуудад явах шинж алга. Алт алт гэж амандаа үглэн уул усыг хайрлах сэтгэлгүй онгичиж, бузарлав. Хэдэн сар боллоо. Эмгэнт сүр сүлдгүй хамуутай тэмээ шиг ноолорчээ. Догшин Эмгэнт хариугаа авах тэнхээгүй боллоо гэж үү? Ноолуулаад л доромжлуулаад л байна. Яачваа? Компаний нууц ноёнтноос савдаг айна гэж арай баймгүй яа.
Төр засагт хандлаа. Хариу алга. Одоо тэгээд яахав? Сумын дарга нар бүгд хортой бодисоор шороо угаахыг нууцаар зөвшөөрч хуйвалдсаны төлөө ашиг хүртдэг тул тэдэнд хандах утгагүй. Малынхаа бэлчээр онгон дагшин хангайгаа харсаар суугаад хөнөөлгөх даанч хэцүү. Малчид лус савдгийнхаа домгийг цагаан хоолойгоор өдөр бүр өглөө оройгүй ээлжлэн ярьж залхааж эхэлсэнд тэдний амыг таглах арга сийлж, цуурхал тараав. Цуурхалд “алт угаахад хэрэглэж буй бодисонд Эмгэнтийн савдаг-эмгэн хордоод мажийсан” гэжээ. Эмгэнт эмгэнгүй болсон гэж доромжилж буй ухуулга. Уур нь бадарсан малчид УИХ-д хандав: “Алт угааж буй хорт бодисонд хүн мал хордоод зогсохгүй Эмгэнтийн лус хордож үхсэнийг алт олборлогчид өөрсдөө батлаж байна. Лус савдгийг хүртэл хөнөөж буй хороор алт ялгаж буй аюулт ажиллагааг таслан зогсоож, бидний амьдралын охь манлай-баян хангайг минь аварч өгөөч” гэж Төрөөс гуйжээ. Эрхэм гишүүд цианит натрит лус савдаг хордож үхсэн хэмээн зарга мэдүүлсэн тэнэг харанхуй малчдыг шоолон элгээ хөштөл хөхрөлдөж, Эмгэнтийг сүйтгэгч алтны компаний нууц эзэн-эрхэм гишүүнийхээ дал мөрийг алгадаж, таашаал авч өгөлцөх нь, аргагүй л тансаг байлаа.
Эмгэнт хайрхны яргай, буйлс, хайлаас, байц цохионы үзэсгэлэнт тогтоц, ааглаг шүүслэг агь ганга, булаг шанд, Ус тардагийн таана бүгд юу ч үгүй хувхайрав. Аюулт хоронд нэвчиж өвчилсөн Эмгэнт хайрханд үүлс хуралдахаа больж, ган болж, элсний нүүдэл мөр дээрээ таарсан үндэс бүрийг үхүүлж, салхинд хийсгэн арилгасаар Эмгэнтийн ам, жалга бүрийг өгсөж, юунд ч тээглэхгүй улаа манаруулан давшиж эхэллээ. Хужирлаг цайдмын мараатай хонхруудаас, цэлгэр талын налуугаас, Эмгэнтийн хормой өргөгдсөөр ногоон хөндий хоолой болон салаалж, дээшлэх тутам аагтай ургамал аривжуулсан нөмөр сайтай жалга судгууд болон нарийссаар Эмгэнтийн ноёлох оргилд зангилагдаж, их тал, говиос зүтгэн тэмүүлсэн хүслэнгийн агуу хүчээр тэнгэрийн хаяанаас хурын үүл урин цуглуулж, эх нутгаа хураар тэтгэдэг хангай байсан сан. Энэ нутагт лус савдгаа дээдлэн амьдардаг байгальд ээлтэй малчид байсан сан. Аяа, юутай гамшиг вэ?
2010-10-20

Танил биш буун дуу

Амар амгаландаа налгар назгай нь дэндсэн Гашууны голынхон түүхэндээ нэг хачин юм үзэв. Ямагт ганц гэрээр зөдгий нутагладаг аварга том хөлөөрөө “хөл” Бадгай гэж алдаршсан зожиг эр нэг шөнө гутлаа алдчихаж. Шивэр ханхлууллаа гэж эхнэрээ загнаад байхаар Бадгай зуны бүгчим шөнө хоёр аварга гутлаа сэврээхээр түрийгий нь салхи сөргүүлээд гэрээсээ нэлээд зайдуу тавьсан юмсанж. Өглөө босоод Бадгай гутлаа өмсөх гэтэл гутал нь алга. “Айл амьтнаас алс хол нутагт миний гутлыг хэн хулгайлдаг билээ?” гэж гайхах гэтэл дэргэд нь хөл Бадгайн аварга гутлаас том уу гэхээс багагүй хоёр муухай маахай хэвтэж байв. Бадгай тэр гутлыг шохоорхов. Аргагүй том хөлтэй хүний эд ажээ. “Үгүй ер, ертөнц дээр надтай адилхан хөлтэй хүн бас байдаг байжээ” гэж тэрбээр ижил хөлтнөө олсондоо баярлаад өмсөж үзэж суутал авгай нь гүйж ирээд, “Пээ яасан муухай том гутал бэ?” гэж дуу алдсанаа ам хамраа ханцуйгаараа таглан сэжиглэж, “Танихгүй хүний бузар гутлыг тайл. Яасан ойгуургүй барам бэ, чи чинь? Хөлөө угаахгүй бол чамтай цуг унтахгүй шүү” гэлээ. Тэгснээ нөгөө гутлыг эм хүний ов живээр эргүүлж тойруулж үзсэнээ Бадгайг нударч “Ул нь цоорхой гутлаа чиний бүтэн ултай гутлаар сольчихож. Чамаас бусад эр хүн ийм л айхтар зальтай байгаа юм даа” гэснээ нэгийг санав янзтай “Гутлынхаа улыг ингэж элээснийг бодоход явган оргодол манай гадаа ирсэн байна даа” гээд сэрэмжлэн ийш тийш сэлбэлзлээ.
Эзгүй нутагт харанхуй шөнө хэн ирж гутал сольж авав? гэсэн айдас ганц гэрийн эзэгтэй Бүжинхандыг зовоов. Орхисон гутлын нь тамтгаар шинжвэл тэр задарсан хулгайч биш ядарсан оргодол байж таарна. Хөөрхий ийм гутлын эзэн яаж олигтой явхав гээд өрөвдөж ч бас үзлээ. Ядаж тэдний ганц нохой нь зөнөөд саяхан үхсэн учир шөнө гадаа хүн ирэхийг мэдсэнгүй. Явган оргодол бол манайхаас холдож чадаагүй энүүхэн хавьд нуугдаж байгаа байх. Яадаг билээ? Шөнө дахиж ирээд хоолой огтолчих байх шүү. Бүжинхандыг ингэж түгшихэд хөл Бадгай тамхиныхаа утааг толгойгоо үзэгдэхгүй болтол багиулаад,
-Үгүй тэр бас азтай оргодол оо? Орхисон гутлаар нь бол түүний хөл багтах гутал манай суманд нэг ч байхгүй. Тийм том хөлтэй оргодол миний гуталтай харанхуй шөнө яаж таарав аа? гэж толгой сэгсрэн гайхаад өөрийг үл бодно.
Махчин шувуудаас айсан хэдэн болжмор гэр бараадан үе үе дэрхийн нисэхээс ондоо анир ганц айлын гадаа гарахгүй. Бүжинханд тогоотой сүүгээ юүвэлж, тогооныхоо ёроолын бор хусмыг хусаж аваад гадаа нэг чулуун дээр шороодолгүй эвтэйхэн тавив. Зөнөг нохой нь хусманд их дуртай сан. Тогоо хусах чимээнээр үүдэндээ ирж зогсоод сүүлээ годгонуулан чихээ сээтийлгэн толгойгоо далжигнуулан хорхой нь хүрсэндээ байж яддаг сан. Нохой нь үхсэнээс хойш өглөө яг энэ цаг мөчид хоёр хэрээ нисэн ирж, эзэгтэйн бэлдсэн хусмыг идэж сураад буй юмсанж. Хоёр хэрээ ч хусмаа зооглохоор нисээд ирлээ. Том хөлт оргодлоос айж байхад хоёр хэрээнээс ондоо хань болох амьтай голтой юм энэ эгцэгтэй өглөө үзэгдсэнгүй. Бүжинхандын сэтгэлээс хоёр муухай том гутал салдаггүй. Хөл Бадгай “Тэр мөн азтай оргодол оо?” гэж толгой сэрсэрч баахан тамхи баагиулаад, ярих шинэ соргог мэдээтэй боллоо гэж олзуурхаад, хонь хариулах нэрийдлээр ганц нэг айлаар бууж аяга тагш юм эргүүлэхээр яваад өгөв.
Бүжинханд үнээгээ сааж үхрээ бэлчээгээд, зэлээ цэвэрлэж, шар аргал дэлгэж баахан гойгроод эцэст нь тугалаа залж явлаа. Эргэн тойрон чив чимээгүй. Өрөм шиг шар тал налайна. Тэгтэл юу болсон гээч? Буун дуу тасхийж, эзэгтэй суун туссан боловч цус асгарсангүй. Чимээ нь үгүй налгар орчлонд буун дуу яасан аймшигтай цуурайтна вэ? Гэхдээ нэг л хачин танил биш буун дуу ойрхон тас хийснийг Бүжинханд хожуухан авч санав. Тарваганы арьс үнэд орж, анчид тэдний хаяаны тарвагыг агнадаг болсон юм. Тарвагачдын буун дуу Бүжинхандад танил болсон ажээ. Харин сая гэрийн нь хавьцаа дуугарсан буун дуу нэг л хачин танил биш, янзын буун дуу байв. Ганц гэр. Ганцаараа. Маажгий гутлын солио. Явган босуул?! Хэдий тайван нутаг ч гэлээ нэг л биш ээ. Айж үзээгүй, айж сураагүй эхнэр яахаа мэдэхгүй гайхаж, ойр орчмыг түгшүүртэй нүдээр тагнав. Танил биш буун дуу яах аргагүй гарсан боловч эзний нь бараа байдаггүй. Нэг л ёргүй. Явган оргодол ойрхон бүгчээд Бүжинхандыг ажиглаад ч буй юм шиг. Тэнэг хар хүнээ хэрэггүй явууллаа гэж танил биш буун дуу гарснаас хойш л санадаг гэж байгаа. Мөн ч цагаахан байна даа. Оргодол хулгай муу юм үзээгүй учир гэнэджээ. Ойр хавийн ганга судаг руу өнгийх гээд зүрхэлсэнгүй. “Том хөлт оргодол дэрсэн дунд хэвтчээд байгаа юм биш биз? Харганы ёроолд суугаад байна уу? Тарваганы нүхэнд орчоод толгойгоо дөнгөж цухуйлгаад намайг ажиглаад байвал би анзаарахгүй ш дээ. Тийм том хөлтэй хүн тарваганы нүхэнд арай багтахгүй байгаа” гэх мэт Бүжинханд олон янзаар эргэцүүлэв. “Шөнө унтаж байхад орон доогуур орж нуугдчаад, одоо гэрт хүнгүйг далимдуулаад тооноор буудаж, намайг зайл гэсэн дохио өгч байгаа юм биш биз?” гэж бодохоос сүүлдээ Бүжин гэртээ орж чадахаа болив.
Айсандаа гэрээ баахан тойрлоо. Чагналаа. Гэрт юу болж буйг бүү мэд. Гэртээ сэмхэн ойртоод чихээ туургандаа нааж чагнав. Шүүсэн аарцны шар ус шод шод дуслахаас ондоо чимээ алга. Үд өнгөрөв. Ойр хавьд айл байхгүй, хаачдаг билээ? Эцэст нь айсаар айсаар гэртээ орсон авч орон доогуураа шагайх нь бүү хэл тийшээ эгцэлж харж зориглосонгүй. Орон дороос нь аварга том хоёр хөлний арван хуруу дөнгөж цухуйгаад арваганаж байх юм шиг санагдаад горьгүй. Дэмий л цай уухаар халуун саваа сэмээрхэн автал дүүрэн халуун цайтай орхисон халуун сав нь хар аяндаа хага буудаж орхижээ. Нөгөө танил биш буун дуу нь халуун савны нь хачин дуу байсныг мэдэж Бүжинханд ганцаар хэрнээ ичиж, баярласандаа нүүрээ дарж байгаад аальгүйтэн хөхөрчээ.
Том гутлын эзэн гараагүй өнгөрсөн бөгөөд энэ явдлаас хойш хөл Бадгайн мал сүрэг зад өссөн тул Гашууны голынхон эзнийхээ сайнд мал нь өсөөгүй, тэр том гутлаас болж баяжсан гэж сэм үгсэх нь, нутгаасаа хүн алдаршихад атаархдаг зэлүүд нутгийн цөөвтөр хүний янзын зан хөдөлсөн болтой. “Гутал гэдэг дээшээ харсан сав. Тийм том гуталд мөн ч их буян багтана даа?” гээд саахалтынхан нь жөтөөрхөж, нэг хүүхэн эр нөхрөө хөл Бадгай шиг хөлтэй төрсөнгүй гэж загнасан сурагтай. “Том хөлтэй төрсөн бол том гутал хайж явсан оргодол Бадгайн гутлаас өмнө чиний гутлыг олж өмсөөд өдийд манайх баяжихгүй юу” гээд нөгөө хүүхэн хар хүнээ голж, инээдэм наргиан болсон түүхтэй.
Жилийн дөрвөн улиралд малынхаа аяыг дагаж ганц гэрээр нутгийн соргогт отор хийж явдаг айлын мал уг нь өсөхөөс ч биш өөр яалтай билээ.
2010-08-12

Дөнгөж цухуйх үүлс

Баруунгар Зүүнгар хаант улсын баруун гэр зүүн гэр айл байжээ. Үлгэрсэн бол ингэж эхлэхсэн. Гэвч би эдүгээ цагийн баруун гэр зүүн гэр айлын тухай өгүүлэх гэж байна.
Гадаад далайн давалгаа мэт хязгааргүй зэрэглээнд ганц бор гэр дэгж дэрвэн янз бүрийн хэлбэр дүрсээр тонгочин бөртөлзөнө. Ганц гэрийн гадаа бяцхан охин чулуугаар тоглоно. Чулуугаар дандаа тоглохоос охин уйджээ. Хэдэн чулуунаасаа уйдлаа гээд яахав, өөр тоглоом эзгүй талд олдох биш. Тэгээд ч тэр хэдэн хөөрхөн чулууг охин хээрээс шилж түүсэн юм чинь. Хөөрхөн чулуу олохоороо охин яаж баярладаг сан билээ. Чулуугаа гомдоож болохгүй ээ. Солонго ноднин зун айл зуссан айлынхаа Хонгорзул охиныг их санана. Түүнтэйгээ тоглож буйгаар зүүдлэв. Өтгөн ногоо битүү халиурч өнгийн цэцэг алаглана. Аварга нуур мэлтэлзэх агаад түүнд шумбахаар хөлөө дүрж үзвэл бүв бүлээхэн. Бүлээн устай нуурын хөвөөнд Солонго Хонгорзул хоёр торгон элсээр наадна. Ингэж зүүдлэх гоё.
Гиеүрсэн эзэгтэй гунигтай дуу үл мэдэг аялангаа айл гэрийн нэгэн төрлийн уйтгарт ажлаа зогсолтгүй хийнэ. Хийхгүй аваас амьдрахгүй. Элбэг устай сан бол хамаг юмаа зулга угаах сан гэж хүүхэн хүний цэвэрч зангаар бухимдана. Эр нөхөр нь адуу хонь үхэр тэмээн сүргийнхээ хооронд тас хар царайлан шогшсоор туйлдах авч дотор сэтгэл баярхуу. Ядаргаатай ийм өдөр маргааш дахин давтахаас ондоо ирээдүй тэднийд байхгүй. Тэр гуравт өнөөдрийнх шигээ маргаашийг хүлээхээс илүү мөрөөдөл хэзээ ч төрдөггүй нь ямагт амар амгалангаар бялхах хувь заяаны нь ундарга ажээ. Хүсэн хүлээдэг ганцхан мөрөөдөл бий. Тэр нь тэнгэрийн хаяанаас борооны үүл цухуйх.
Тэнгэрийн хаяанаас бөөн бараан үүл цухуйлаа. Тэгтэл тэр зүгээс салхи сэрхийхтэй уралдан борооны үнэр ханхийв. Аав ээж охин гурав бороо ханхалсан сэрхрээгээр аргасан цээжээ сэнгэнэтэл амьсгалах зуур гар тосож, тэнгэрийн хормойноос өндийх борооны үүлнээс хур гуйлаа. Борооны үүл ингэж цухуйснаа доош яргачихдаг хуучтай болоод олон сар болж буй тул нөгөө гурав хурмастаас алгаа тосож бороо гуйсаар үүл өөд дөхөв. Тэнгэрийн хаяанаас өнгийсөн үүл аажуухан өндийж томорлоо. Нөгөө гурав алга тосож тэр зүг улам тэмүүлсээр. Цангасан сүрэг борооны үнэртэй сэрхрээнд хөтлөгдөн толгой сэгийлгэн салхидав. Тэр ч байтугай борооны үнэртэй үүлийг ангаж өлссөн тал халуун мандлаараа дуудан урьж, хур чийгээр үнсэлцэхийг гуйна. Тунирхуу үүлийг салхи бас бүх тэнхээгээрээ хагссан тал руу хөөж хөгжөөнө. Алсад тэнгэр нүргэлэх сонсогдлоо. “Бороо” хэмээн хүн мал газар дэлхий үр үндэс хорхой шавьж бүгд дуу алдах шиг. Байдаггүй ээ, нөгөө үүл титмээ дөнгөж цухуйлган хэсэг зуур горьдоогоод доош суучихлаа. Салхи уурандаа ширүүсч улаан шороо дэгдээв. Хуйларсан догшин дором ээрэм талын өчүүхэн бор гэрийг хийсгэн авч явахаар дэрвүүлэхэд аав ээж охин гурав оромжтойгоо хоцрох гэж ана мана чаргууцалдлаа.
Шөнө дунд салхи сэгхийж нам жим болуут гэрийн дээвэр дээр под подхийх чимээ гарав. Юу вэ? “Бороо” хэмээн нөгөө гурав хөнжлөөсөө сугаран бослоо. Борооны дусал олширч буй чимээ бузгай шажигнав. Солонго охин,
-Ээ гялай, бороо орлоо гэж дуу алдахад аав ээж хоёр нь,
-Дуугай бай. Тэнгэр сонсоод бороогоо татчихна гэж сануулав.
Охин буруу үг хэлсэндээ гэмшиж, “Тэнгэр хангай миний үгийг сонсоогүй байгаасай. Бороогоо битгий татчаарай. Бороо их орвол манайх Хонгорзулынтай айл бууна. Намайг найзтай минь тоглуулж өгөөрэй” гэж хоймор мандах зулын гэрэлд туяарах бурхандаа сэмхэн залбирч дээвэр дээр хаа нэг унах борооны дусал чагнасаар зүүрмэглэж суутал бороо гэнэт ширхийн асгарлаа.
Охины хүслээр бороо зүсрэв. Дэлхий тэр аяараа ногоорон сэргэлээ. Борооны дараахь өглөөний хурц наранд бүлээнээрээ хоносон газрын хөрснөөс шүүдэр чийг мөнгөрөн суунаглаж, амьсгалах агаар тоосгүй агаад чийглэг, анхилуун, үнэр амт гэж янзын. Энгүй тэнгэрийн хишгээр газран далайн ногоо сад тавьж, ганц гэрүүд айлсаж, хүүхэд багачуудын хөл газар хүрэхгүй хөөрч, нийлсэн ижил буруу мал сүрэг шуугилдаж, ганц гэрийн жожиг ноход хэрэлдэж уулзав. Ногоонд цадсан мал гаднаас холдохгүй, мал сүргээ ээлжлэн хариулж, малчдын зав, жаргал хоёр зэрэг буулаа. Хүний мөрөөс болсон хүмүүс гэр гэртээ “цай уух” нэрээр зочилж, бэлэг зэлт солилцов. Эрчүүд адуу малынхаа дундуур явж морь мал шинжинэ. Эхнэрүүд авдраа уудлан гоёл заслаа харилцан шохоорхоно. Удахгүй наадам болж бүр олон хүн цугларна гэхээс нойр хулжина. Арга ч үгүй юм. Ноднингийн наадмаас хойш гурван зуу гаруй хоног хүнтэй уулзаж, сэтгэл тэнийтэл хуучилж, хөгжилдсөн нь ховор. Хүн юм болохоор оюун нь өлсөж, тэжээл нэхнэ. Айлтай айл бууна гэдэг юутай сайхан. Энэ нь наадмын урьдчилгаа билээ. Ноднин наадмаар өмссөн торгон дээлээр энэ жил дахин гоёх болсондоо охид харамсах авч хамгийн гол нь олон хүний дунд гунхалзах. Дээлээ сольж өмсөөд наадмын гоёо болгочих гарц нээлттэй байна гэж УИХ-ын гишүүдийн хэллэгийг элэглэж хөхрөлдөнө.
Өнөтэй өгөөжтэй зуслаа. Наадам ч болдгоороо сайхан болов. Тэгсхийгээд намаршиж эхлэв. Навч ногоо улам шим сууж, мал таргалж, шар нар ээх авч хоног хоногоор үе үе хонгор салхи хонгинож, сэтгэл гэгэлзүүлнэ. Мал ижилсэж, ноход дассан сан. Өглөө оройдоо жихүүцэм сэрүү татах болжээ. Гүү үнээ унага тугалдаа муухай аашилж эхлэв. Удалгүй хоёр гэрийн олон малын хөлөөр ойрын бэлчээрийн гандаж буй эмзэг ногоо талхлагдаж, идэш хомстсон тул мал уул өөд сөл хөөгөөд тохьдохоо болилоо. Тус тусын малыг дагаад айлууд салж нүүх цаг ирж буй нь энэ. Ямагт айлсаж амьдрах заяа дутаж буй нь бас энэ. Ямагт байтугай удаан айлсах бэлчээр хүрэлцэхгүйн гачлан. Солонго Хонгорзул хоёр ойрдоо дув дуугай бие биеийг гунигтайхан ширтэнэ. Аав ээжийн дэлгэр цагийн сайхан зан ааш яав ийв гэмээр хувирч байх шиг.
Жиндүүхэн өглөө зүүн гэрээс бяцхан охин гарч баруун гэрийн хүнд хаалгыг арай чамай нээж орвол сэрүүн гэрт жихүүцсэн эзэгтэй,
-За чи хар өглөөгүүр хаалга хавтас онголзуулаад юу гэж яваав? гэж аягүйцэхэд ялимгүй даарсан охин нусаа татсанаа,
-Тоглох гэж явна. Хонгорзул босоогүй юм уу? гэв.
-Босоогүй. Боссон ч тоглохгүй. Малдаа явна. Дандаа эрхэлж байдаг цаг өнгөрсөн гэлээ.
Эхийгээ хэдэрлэхэд Хонгорзул хөнжлөө ялимгүй сөхөөд, гэмшингүй бүлтэгнэн зогсох ув улаан хацартай Солонгоос уучлалт гуйсан аргадангуй харц илгээв. Хоёр охин ойлголцож сэм жуумалзлаа.
-Танай ээж өглөөнөөс хойш гэрээсээ цухуйхгүй юу гээчийг шуугиулаад байгаа юм бэ?
-Дээл оёж байгаа.
-Хэнд?
-Эмгэн нь өнгөрсөн Донир өвгөнд энэ өвөл өмсөх дулаан дээл хийж өгч буян үйлдэнэ гэж байна лээ ээж. Дараа нь аав ээж хоёр зүүн хотонд очиж, ахрын хониноос нь хяргалцаж өгнө гэж байна лээ.
-Танай аав ээж хоёр хэзээ тийм сүрхий болчоов? гэснээ нууцхан жуумалзаж, -Манайх ч гэсэн эсгийнээс нь хийлцэж өгнө гэв.
-Эсгийн дээр Хонгорзул очих уу? Би очно оо.
-Эсгий хийхэд хүүхэд нохой хоёр хэрэггүй гэдэг биз дээ.
Зүүн гэрийн нохой баруун гэр хавиар юм шиншилж яваад гэнэт орь дуу тавин гаслаад гэр өөдөө чавхадлаа. Баруун гэрийн эзэн гэртээ ууртайхан орж ирээд Солонгыг зааж, эхнэртээ,
-Эдний муу халтар улиа манай хаяагаар дандаа юм шиншилж явна шүү. Эднийх чинь нохойдоо хоол өгдөг айл уу? Би сая нохойгий нь гэнэдүүлж байгаад гайгүй сайн болгож орхилоо. Одоо дахиад манайд ойртохгүй биз гэлээ.
-Хонь барьж мэдэх гударга байна лээ дээ.
-Яаж байна? Хонь элдэж байна уу?
-Хараагүй л дээ. Гэхдээ сүүлийн үед эдний нохойноос хонь элдэж магадгүй шинж цухалзаад байгаа юм.
Энэ зуур мал гэр сүржигнүүлэн маажихад аав ээж хоёр айлын охин Солонгыг зандрангуй,
-Чи гарч гэр ураад байгаа хонь ямаа хөө гэв.
Охиныг гарсны дараа гэрийн эзэд “Эдний хэдэн годрон гэр урахдаа нэмэртэй юм аа. Эднийтэй удаан айлсвал манайх намар тийшээ нүцгэн гэртэй үлдэх байх шүү. Тэгвэл бид гурав энэ өвөл хөлдөж үхэх байлгүй” гэж ам өрсөлдлөө. Охиныг орж ирэхэд,
-Ямар хонь ямаа гэр урж байна? гэхэд охин,
-Танай том эвэртэй ямаанууд урж байна гэв.
-Харж байна уу, наадахь чинь их айхтар хүүхэд. Худлаа хэлж байхгүй юу. Манай ямаа гэр урж байхтай би л лав таараагүй юм байна. Өдий нялхаасаа энэ ямар хэцүү охин бэ? гэж ярилцахад Солонго мойл хар нүдээ тормолзуулан их л гайхаж байх шиг. Өөртэй нь тоглох гэж өглөө эрт орж ирж буруудсан найзыгаа Хонгорзул өмөөрч бас өрөвдөж, ээж аав хоёртоо дургүй нь хүрч босож тогломоор байсан ч ээж нь битгий босоорой гэсэн тул яаж ч чадахгүй бухимдаж хэвтлээ. Тэгэвч тэссэнгүй,
-Ээж ээ би босмоор байна аа гэж нялуурахад ээж нь,
-Галзуур! гэж охиноо зандраад, -Чи байтлаа айлын хүүхэд дурайх санаатай юу? Бас энүүн шиг ойрдоо хэлээ зажилаад ярьж чадахаа больсон байна лээ гэж нөхөртөө ховлов.
Хоёр гэрийн эзэд салж нүүхээс өөр аргагүй болсондоо тэнгэр хангайд гомдолтой биш, чаддагаар нь бие биедээ уцаарлаж эхлэх нь энэ. Бэлчээр хүрэлцэхгүйгээс хойш хойтон зун хүртэл ганц ганц гэрээр бараа бараагаа харахгүй шахам алс хол оторлож, уйтгарт ганцаардалд сүүлдээ цөхрөөд, бие биеэ санахын ихээр санаж, айлсахаар бүгд тэмүүлнэ. Гэвч айлсахыг тэнгэр-хангай шийднэ. Нүүхэд бэлтгэн гадаахь банз хашаа шон уурга шилбүүр чөдөр тушаа араг савар дээс шидмэсээ хүртэл нөгөө айлаа ачаандаа даруулаад явчих вий гэж дор бүрнээ хямагдаж, бас хардана. “Манай хүрзний иш эдний хүрзний ишнээс бөх шүү. Хүрз солигдчих вий” гэж эхнэр нь нөхрөө сэм нударна. “Ганц гэрийн жаргал гадуураа гэж сайхан шүү” гэж эхнэр нөхөр орондоо шивэгнэх авч дотор сэтгэл нэг л гунигтай. Хөршүүд хоорондоо эвгүй үг унагавал тэр дороо гэмшиж, бие биеэ тэвэрч аваад уйлмаар болно. Цаг уур бэлчээр нутаг тэднийг цаанаасаа тийм болгожээ. Ер нь тэдний ааш араншинг уул ус тэнгэр гурав нь өвөл зунд тохируулж жолооддог байх. Энэ нутгийн адайр аашнаас үүссэн хүмүүст газран далай энгүй цэнхэр тэнгэрийн хатуу зарлигаас хазайх хүч яахан заяах билээ. Ургамалд хамгийн тохиромжтой нь ургасан хөрс нь. Тийм хөрснөөс тийм ургамал шалгарч ургана уу гэхээс ондоо ургамал ургаж чадахгүй. Тэгэхээр энэ нутгийн ургамал энэ нутагтаа тохирсон байхаас ч өөр яахав. Хүнд хамгийн тохиромжтой нь төрсөн нутаг уу? Төрсөн нутгийн эрс тэс догшин араншингийн эрхшээлд аж төрдөг малчид жаргалтай гэж үү?
...Солонго Хонгорзул хоёр бие биеэ санасаар. Дүн өвлийн тэсгим хүйтэн өглөө алс хол өвөлжсөн Хонгорзулын нохой Солонгын гадаа ирчихсэн тэдний нохойтой хунгар цасан дотор хөөцөлдөн тоглож байв. Тийм хол газраас энэ нохой яаж тэднийхийг олж ирж чадав аа? Хоёр нохой цовхрон ноцолдож, бие биеэ зөөлхөн хазалж хөөцөлдсөөр битүү цагаан цан болжээ. Хоёр биеэ шиншлэн улам улмаар эрхлэж буй нь бие биеэ тун их санасан нь андашгүй. Солонгод энэ нохой шиг Хонголзулдаа гүйгээд очмоор санагдав.
...Баруунгар Зүүнгар-Империйн баруун гэр зүүн гэр эдүгээ иймэрхүү янзтай л аж төрж явна. Энгүй тэнгэр тоссон газран далай, хөрсөн дороо эрднээр арвин ч малчид жилд ганц удаа ургах тарчигхан ногоогоор нь амьдрах сургаалтай. Шонгийн нүх малтахдаа лус савдгаа аргадаж, газран далайгаа мөнхөд ариун дагшин байлгая гэж дээж өргөн залбирсаар өдгөөтэй золгожээ. Уул усандаа мөргөж амьдарна гэсэн тангаргаасаа нүүдэлчид няцаагүй юмсан.
Харанхуй сансрын цэнхэр нүдэн гаригийн өмнө нүүдэлчин малчид ямар ч буруугүй нь юутай их буян бэ?
2010-06-15

Харцанд цацрах баясал

Хөрст дэлхий хөрсөө алдав. Сул шороо хөөрөн тэнгэр харанхуйлж, ээрэм тал нилдээ бүүдийнэ. Амьсгалах агаараар аманд нунтаг элс орж, араанд шажигнана. Нүүгэлтсэн шороон их мананд тэнгэр газрын савслага бүдгэрээд харагдахгүй шахам. Үл үзэгдэм савслагын бүдэг зураанд ганц явган хүний дүрс үе үе сүүтэлзэнэ. Хүчтэй салхинд Жийжээ эмгэн туйлдаж, байн байн сөгчинө. Гэвч тэр тэнхээ нь тачсан хоёр хөлөөрөө салхи хагалан зүтгэх ажээ. Очих айл яагаа ч үгүй, их хол. Манарсан хязгааргүй цөлд алсын уулс нэг үзэгдэж, нэг болих нь бүдэг бадаг. Энэ тоост хорвоод Жийжээ ганц ач хүүтэйгээ хоцорсон эмгэн. Ганц ач нь ганзагын наймаанд яваад сураггүй. Насны эцэст сэтгэлийн гүн хямралд унасан хөөрхий эмгэнийг өрөвдсөн нутгийн ахан дүүс ач хүүгий нь сургийг гаргах гээд чадсангүй. Аргаа барсан эмгэн өмгөр гэртээ дэмий л нохой хуцахыг чагнасаар өдөр шөнийг элээнэ. Тэсэхээ болихоор нутгийн өвгөн Чойгоор мэргэлүүлнэ. Чой хүүгий нь сайн явна гэж магтана. Санаа нь ч нэг хэсэгтээ ёстой амарна даа. Чой дандаа сайхан амлана. Элэгдсэн есөн зоосны жингэнээнээс ондоо горьдох горьдлого эл хуль нутгийн эмгэнд алга болжээ. Есөн зоос Жийжээг баярлуулах бол уу, яадаг бол? Ийнхүү Жийжээ тамираа шавхан шавхан шороо хуйларсан хүчтэй салхи зүсэн нүдээ анивчин сөрнө.
Чой өвгөн цэл залуугийнхаа их хачин хүн. Алдсан малаа эрээд олохгүй олон хоног тэнэж яваа ядарсан хүний царайг харахаараа Чой түүнийг өрөвдөөд, эрж яваа малы нь тэнд энд ойрхон байна лээ, би үзэж харсан гэж худал хэлчээд ер болдоггүй хөгийн этгээд. Ингэж худал залахад эрэлчин хүний царай ямар сайхан болдог гээч. Чой тэгж их баярласан хүний царай харах маш дуртай, тэгээд төрчихсөн хүн гэлтэй. “Өө манай адуу тэнд байна уу? Чи үзээ юү? Ямар сайн хэрэг вэ? За яамай яамай. Сэтгэл бүр нэг амарлаа” гээд малийтал инээж буй эрэлчний харцнаас ямар гоё гэрэл цацардаг гээч. Чой тэр гоё гэрлийг хүний нүднээс олж харж байж таашаал авдаг золигийн өвгөн. Тийм гоё гэрэл хүний харцнаас даанч зөөхөн цацрах нь харамсалтай. Нөгөө эрэлчин Чойгийн сургий нь гаргасан газар очиж үзнэ. Эрж яваа мал нь юу гэж тэнд байхав. Чой худал хэлсэн юм чинь. Чойг арай тэгж худал хэлж хорлохгүй байгаа гэж итгэсэн эрэлчин “Саяхан энд байсан гэсэн мал хаашаа орчихов” гээд тэр хавийн уул толгодын жалга сархиаг нэг бүрчлэн нэгжиж үйлээ барна. Эрэлчинг малынхаа худал сургийг мөшгөхөөс өрсөөд Чой уг нь “Би худал хэлсэн юм” гэж зориглон хэлбэл хэн хэндээ амар өнгөрөх сөн. Тэр хулчгар юм уу хаашаа юм бэ, тэгж чадахгүй. Хүнд худал хэлж, малы нь буруу эрүүлсэндээ Чой гэмшиж, сэтгэлээр унаад хоол цай хоолойгий нь давахгүй аль муугаа үзнэ. Нөгөө хүнийг алдсан малаа олон олтол нойргүй болчихно. Чой өөрийн энэ гайтай зангаасаа ичиж, үүнээс хойш түүнээс цааш больё гэж өөртөө андгайлах нь олон ч ядарч зүдэрсэн хүн дахиад үзвэл “За байз, энэ хүнд юу гэж хэлээд санаагий нь түр ч болохноо амараачихъя даа” гэсэн өвчин түүний ходоодноос өөдөө огшиж, тэр хүний санааг худлаа ч болохноо түр амраахгүй бол өөрөө үхэх гээд байдаг тийм янзын, нэг бодлын өвчтэй төржээ. Түүний энэ гажгийг хүн яаж ойлгох билээ. Энэ базаахгүй зангаасаа болоод “худалч, солиот, далан тасаг, хүн биш” гэх мэт аваагүй хоч түүнд байхгүй. Тэр ч байтугай, худал хэлж, малы нь буруу эрүүлсэн хүнд зодуулсан удаа ч бий. Тэглээ ч гэсэн зовсон зүдэрсэн хүн харуут түүний зовлон зүдэргээг хөнгөлөх сөн гэхээс байж сууж чадахгүй, ийм нэг янзын өвчнөөр өвчилсөн амьтан. Заримдаа эмчид энэ тухайгаа хэлэх юм билүү гэж Чой бодно. Гэвч эмчээс ичээд хэлж зүрхлэхгүй. Чой ч бас яахав. Авгай нь түүний өмнөөс үхэтлээ ичиж зовохыг яана. Чой авгайгаа өрөвдөөд дахиж яасан ч худал хэлэхгүй дээ гэж худал залсныхаа дараа өөртөө тангараг тавьж гэмших авч хэлсэндээ хүрч байсан түүх нэгээхэн ч үгүй.
Малаа буруу эрэх бага хэрэг байжээ. Эдүгээ нутагт нь зовж шаналсан улс яасан ч олшроов дээ? Хүний бараа харахгүй шахам бөглүү нутагт арга нь тасарсан хүмүүс Чой өвгөний солиотой занг мэдсээр байж, түүнийг гуйж мэргэлүүлнэ гээч. Өрөвч сэтгэл нь дэндсэн Чой өөрийгөө ямагт баллана. Шийтгэлтэй нь биш, цөвүүн цагт одоо яая гэхэв, мэргэлээд л мэргэлүүлээд л сууж байхаас. Харин өргөл барьц гэгчийг зэлүүд нутагт хэн хэн нь мэдэхгүй.
Тэнгэрийн аягүйд тоосон дундаас Жийжээ торолзон торолзсоор хачин өрөвдөм амьтан Чой өвгөнийд чүү ай иржээ. Чойгийн самган Жийжээг өрөвдөж тэнхрүүлэв. Жийжээ сураг тасраад хэдэн жил болсон ачийнхаа амар мэнд явааг мэдэх гэж тэднийд зүтгэж ирснийг бодохоос нулимс асгармаар. Чой мэргэллээ. Жийжээ амьсгал даран Чойгийн сахалтай хушууг ширтэнэ. Чой айлдаж байна: ач чинь гадаад оронд сайн сайхан явна! гээд самганаасаа халган түүн рүү харвал самган нь “уухайс даа” гэсэн маягтай толгой сэм дохин догиож байна. Чойд зориг орлоо. Юу ч гэж залсан ямар ч гэсэн самган нь буруутгахгүй юм байна.
Холоос зүдэрч ирсэн Жийжээ нэг л ханасан шинжгүйд Чой,
-Хүү чинь эрүүл саруул олз омогтой явна гэж туулаа. Жийжээ,
-За яамай даа. Санаа бүр нэг амарлаа. Чой минь миний сэтгэлийг дандаа ингэж амрааж байдаг буян нь дэлгэрсэн хүн. Холоос явган зүтгэж ирсний хэрэг ганц сайхан бүтлээ. Одоо би намар тийшээ хүйт орохтой уралдан ирж, Чойгоороо хүүгээ мэргэлүүлж санаа амарна. Тэгээд тэр эрчээрээ ирэх өвлийг сэтгэл амар даваад хойтон хавар өдийд дахин ирж хүүгээ мэргэлүүлнэ гэж ямар их итгэлээр баясана вэ? Жийжээгийн сэтгэлийг засахаар худал залсан Чой улам түгшиж, миний хэлсэн бүтэхгүй болчихвол яадаг билээ гэж айв. Гэвч түүний айдас юу ч биш санагдаж, “хорвоог ингэж туулах ч гэж дээ” гэж Жийжээг улам өрөвдөж, “алс холоос шороон шуурга сөрөн яаж явган зүтгэж энэ хүрч чадсан юм бол” гэхээс эмгэнийг бүр гүйцэд баярлуулахаар,
-Хүү чинь удахгүй маш гоё машинтай давхиж ирэх юм байна. Чи минь хариад цайгаа чанаад тайван хүлээж суу гэв.
Тэгээд “би юу хэлчихэв ээ?” гэж ухаангүй айжээ.
Чой нойр хоолноос гарав. Энэ удаа эхнэр нь түүний зовлонг амьдралдаа анх удаа мэдэрч, ханиндаа зовлоо. Чой тэсэхээ болиод Эмгэнт Сантын оргилд гарч өдөржин мөргөдөг болов. Юу гэж мөргөдөг вэ гэвэл Жиижээ эмгэний ганц ачийг гэрт нь ирүүлж хайрла гэж Эмгэнт Сантаасаа гуйна. Нүдээ анин өөрөө ч итгэж чадахгүй байгаа хүслээ биелүүлж өг гэж эргэн тойрон цэнхэртэх уул нуруудаас гуйна. “Тэнгэр бурхан минь. Лус савдаг минь. Жийжээг би хуурчихлаа. Би яасан том нүгэл тарчихав аа? Хүү нь үрэгдсэн бол хөөрхий эмгэний нүүрийг би яаж харах вэ? Эмгэнт Сант минь, Жийжээгийн ганц ачийг нутагт нь буцааж хайрла. Шаналсан эмгэнийг гэнэтхэн баярлуулаад өг, хайрхан минь! Жийжээгийн нүдэнд баяслын гэрэл асаагаад өгөөч. Ач нь миний билэгдсэнээр сайн сайхан яваад зөндөөн баяжаад ирээсэй. Тэгвэл миний сэтгэл ганц сайхан амрах сан” гэж Чой Эмгэнт Сантын чулуун овоог өдөржин мөргөнө. Чой Жийжээ чавганцын ачийг сайн яваа гэдэгт үл итгэнэ. Тэглээ ч гэсэн өдөр болгон уулын оргилд мацаж, шувууны сангаст будагдсан хүйтэн чулуунд духаа хөндүүрэлтэл мөргөсөөр хаврын хавсрагийг барлаа. Хөрсгүй өвсгүй болсон нутаг шороон тэнгист умбасан нь бүрхэг бүүдгэр агаад хүн амьтны нүдэнд жаргалын гэгээ асаах итгэл алдарна. Өөдрөг байж, өөдөө харъя,.. шороон тэнгэр.
Зуны сар гармагц хурмаст хэдэн дусал бороо хайрлаж, агаарт манарах нунтаг шороо бага зэрэг дарагдлаа. Амьсгалахад чийглэг агаарын үнэр амт “ийм байдаг билүү” гэмээр соргог.
Тэгтэл итгэмээргүй явдал боллоо. Жийжээгийн ач том жийптэй сүнгэнүүлж ирдэг байгаа. Жийжээ эмгэний ач Чой өвгөний зөгнөснөөр үнэхээр баяжжээ. Тэр бээр энэ нутгийн удам гэсэндээ бас янзын моньд аж. Эмээгээ гэнэтхэн баялуулна гээд сураг чимээ өгсөнгүй. Ач нь Жийжээг аваад хот руу явах гэнэ. Жийжээ хотод ачийнхаа харшид амьдрах болсноо Чойд хэлэхээр бэлэг сэлттэй айлчилж ирэв. Жийжээ баярласандаа Чой өвгөний өвдөгийг тэвэрч,
-Чи яасан мэргэн хүн бэ? Чи яасан буянтай хүн бэ? Чи дан биш давхар хүн шүү! Чи хүн биш бурхан байх шүү! гэж уйлахад, хүн баярлуулах донтой Чой өвгөн хөөрсөндөө уйлахгүй яах сан билээ.
Насны эцэст өвгөн Чой анх удаа өөрийнхөө зөвийг батлаж чадав.
-Хүний нүдэнд нэг гоё гэрэл байдаг. Түүнийг асааж чадвал бүх юм сайн сайхан болох юм шүү дээ гээд Чой Жийжээг сэм нударч суув.
Бороо дахин орлоо. Бүр зүсэрсэн гээч. Хур буулаа гэж нутгийн олон баясав. Элс тоос ч дарагдлаа. Харин Чой “Газар дэлхий дахин хөрсжиж, монгол ногоо дэлгэрдэг бол уу, дан шарилж-хогийн ургамал Монголын тал хөндийг эзэлдэг бол уу, яадаг бол? Үр үндэсгүй болчихсон нутаг сэргэдэг бол уу, яадаг бол? Жийжээгийн ач хүү хотод харштай нь үнэн бол уу, худал бол уу?” гэж эргэлзээд нэг л таагүй. Тэр бээр дахин худал хэлэхэд бэлэн явах шиг. Жийжээн явдлаас хойш хүн бүрийн нүдэнд баяслын оч асаах түүний өвчин даамжирч буй янзтай.
2010-04-03

Тамгат халтар

17-той Донровын нойр хулжжээ. “Муу шүдгүй банхаан шүдлэн бух” гэж үглээд унтсангүй. Ашгүй үүр гэгээрэв. Нойрмог Донровт хул үрээнийнхээ хар хурдаар давхимаар. Эмээлээ тэврээд гарах гэтэл нэг юм шуугьж байна. Юу вэ? Хөхүүртэй айраг. Шуугин исч буй юмсанж. Үнэр гэж янзын. Донров урт модон утгуур цүндгэр хул шар хөхүүрийнхээ гэдэс рүү гударч хамар сэтэлчмээр сэнгэнэн хөөсрөгч айргаа утгуураас шууд уух гэснээ цээрлэж, хоймроос хул авч өчигдөр оройн айрагчдын шавхаж бараагүйг үүдээ сөхөж, Таван сахъяадаа өргөн залбирлаа. Тэгээд шинэ айргаар хулаа бялхуулаад ховх сорчихов. Уур нь гардаггүй. Муу шүдгүй банхаан шүдлэн бух.
Цагаан хяруу дарайсан намрын мөнгөн өглөө жиндүү салхи сөрж хурдалтал чихүүцсэндээ чичирч асан бие дорхноо халуу дүүгэж, сая уусан шинэ айраг ходоодонд буцалж, хамар шархиртал сэнгэнэх нь юутай сайхан. Бие бүлээцэж сэтгэл сэргэхэд үүрийн алтан туяанд тэгшхэн тал том тогоотой өрөм шиг шаргалтаж, цэнгэг агаар далай мэт цэлэлзэнэ. Донров хүү төрсөн нутагтаа жаргаж яваагаа улам мэдэрч арай ч эрт адуундаа явдаг байж уу даа гэж харамсав. Яагаад гэвэл урд саахалтын Бүжмаа охины нөхөр болж буй саяхан цэргээс ирсэн банхаан Доржийн морь тэдний гадаа алга. Тэр новш надаас өрсөөд адуундаа арилж. Муу шүдгүй банхаан шүдлэн бух гэснээ муу Бүжмаа нь надаас хоёр эгч хөгшин авгай юм чинь гэж залуурхав. Гэхдээ л хөөрхөн Бүжмаа Донровт нэг л хайран. Ингэж зовоох нь хачин.
Бага хар азарганыхаа адуунд Донров дөхөж очтол бага хар адуугаа тас хураачаад дэл сүүлээ шаширлан сүргээ тойрон сааглаж байх нь тэр. “Чоно” гэсэн бодол зурасхийж Донров морио гуядсаар хүрвэл бага харын сүрэг рүү нэг сагсуу гэхэд дэндүү, морь биш азарга гэмээр их дэлтэй, атар тарган халтар адуу дайрлаад сүйд хийх янзтай. Бага хараас сүргий нь булаана гэвэл том зодоон үүсэх нь мэдээж. Тийм тэнэг адуу ертөнцөд баймгүй яа. Тэр адуу ханхай цээжиндээ уурганы үзүүр чирчихэж. Чирж яваа үзүүр нь гоёмсог гурамсан хуйвтайг хараад хүү шунажээ. Зэрлэг халтрын сайхныг бол яриад ч яахав. Тас хураасан бага харын адууг нөгөө халтар тойрч хурдлана. Тэр бээр бага харын сүрэгт нийлэх гэсэн адуу болж таарав. Хар азарга юу гэж түүнийг сүрэгтээ оруулахав. Хар азарга хүзүү сунган түүнийг элдэж, халтрын биенд хүрэх аваас өм хазаж, сүргээ хамгаалах нь бахтай ч азарганд хазуулсандаа чарлах тэр адгуус Донровт өрөвдөлтэй санагдаж, “Муу шүдгүй банхаан шүдлэн бух” гэж бухимдана. Азарганд тэгж бариулаад буй хэрнээ танихгүй халтар ер хашрахгүй бага харын сүрэг рүү ижилсэн дайралж бага хард бариулсаар. Хаашаа янзын амьтан бэ? Тэгтэл сүрэг дундаас хөгшин халтар гүү нөгөө ижил буруу халтрын дууг аваад соотолзон хариу үүрсэхэд нөгөө халтар сүрэг рүү улайран тэмүүлж, бага хард бариулж буй юмсанж.
Танихгүй халтар азарга биш морь ажээ. Бага харын адууг хэд хоног бараадаж, бага хар түүнийг сүрэгтээ хавьтуулахгүй өдөр шөнөгүй элдэж, хоёул бүр цуцаж, өл алдаж, хярвайж орхилоо. Ахимаг халтар гүү сүрэг дундаас толгой сэгийлгэн үүрсэхэд өвс ногоо ганц нэг хазалж явсан эзэнгүй халтар морь гунигтай мэлтгэр нүдэндээ нулимс гялалзуулан халтар гүүнд очихоор довтолж, хар азарганд ахар сүүлээ мэрүүлнэ.
Донровын аав хэвтрийн өвгөн Минжүүр арай гэж өндийж, учрыг олохоор адууны захад амьсгаадсаар очвол хэдэн жилийн өмнө улаан Оросын агтанд өгсөн халтар гүүний нь унага ороо халтар үрээ адуундаа гүйж ирснийг танилаа. Минжүүр хүүдээ “Хөгшин гүүгээ барьж, ганцааранг уяанаас уяад бага харын адууг том харын адууны араас гилчих” гэв. Ёсоор болготол эхийнхээ үүрсэх чимээнээр ороо халтар уяа руу юм юм үнэрлэн дөхсөөр ойртов. Ээж хүү хоёр бие биеийн үнэрт татагдсаар сүжрэн зөрж зогсоод эрхлэн маажилцлаа. Хангай шиг халтар зантгар толгойгоо явилхан эхийнхээ цавь руу зүтгүүлж, эхийнхээ хоёр урт мээмийг үнэрлээд лүнхийтэл санаа алдах нь хэдэн жил аль муугаа үзэж зүтгэсний хэрэг бүтэв гэх шиг. Халтрын ширүүн уруул хөхөндөө шүргэхэд эх нь харин сүүл шарван дургүйцэв. Минжүүр эх хүү хоёрыг бүрэн тайвшрахыг хүлээсний эцэст ороо халтрын хөлд сууж, зөөлхөн хайя хайя гэж аргадаж, дуугаа аядуухан дасгасаар чөдөрлөж авав. Тэгээд агтанд өгсөн халтар үрээнийхээ зоог илж, “Аль газраас яаж шүү нутгаа олж ирж чадав даа, чи минь” гээд бөмбөрөх нулимсаа барьсангүй. Донров хүү ороо халтрын хүзүүнд зүүгдэж ирсэн гоё гурамсан хуйв бургасан үзүүр хоёрт багагүй олзуурхав. Ойролцоо хөөгдсөн сүргийнхээ захад бага хар азарга онцгойрч гэрийн гадаа уяатай үлдсэн халтар гүү рүүгээ саагласаар тогтож ядан газар цавчилна. Уг нь тэр Оросоос гүйж ирсэн ороо халтрын эцэг шүү дээ.
Энэ голд мэргэлдэг ганц гэлэн үлджээ. Тэр есөн зоосоо шигшээд юу айлдахаа мэдэхгүй гацаж орхив. Бодож бодож, “Оросын хил давах агшинд ороо халтар оргож, балар тайг сүлжин зугтжээ. Оросууд араас нь буудсан боловч орос бууны сум ороо халтрыг гүйцсэнгүй” гэж мэргэн гэлэн заллаа. “Ороо халтар оросын сумнаас мултарч нааш гүйсээр эцэх үедээ зам зуур айлын адуу бараадаж хэд хонож тэнхрүүт төрсөн нутгийн салхины үзүүрт хөтлөгдөн гав ганцаар тасарч өндөр уулс өтгөн ой дундуур сүрэг сүрэг чононд үе үе хөөгдөж, өргөн мөрөнд хөл алдан хөвсөөр их зовлон туулжээ. Тэгээд нэг айлын адуунд түр саатаж, жаахан тэнхэртэл эзэн нь барих гэж уургалаад айхтар зүтгэж шуурдаг түүнд уургаа зүүгээд алдсан юмсанж”. Нууц гэлэн зоосоо дахин нэг шувтраад “Ороо халтрыг тэр хүн унаж эдлэх гээгүй зоос байна. Муу үхээр чинь алс холоос гүйж яваа эзэнгүй морь гээд тогоо тослох гэж уургалсан зоос бууж шүү. Тэгээд тэр дамшиг уургагүй болсон зоос яах аргагүй мөн байна” гэж батлаж, хэдэн хөгшчүүлээ уйлуулаад авчээ. Хөгшчүүд зоосчинг “Харсан юм шиг яг хэллээ” гэж уярцгааж, ороо халтрын туулсан зовлонг улам аймаар янз янзаар дүрслэн хөөрч монгол адуугаа хүн үнэмших аргагүй магтав.
Ороо халтрын хаа гуянд үсээ хаях үеэр маш болхи орос тамга тодорчээ. Сайхан морь тул хүн бүрийн нүд булаана. Донров хүү халтар мориор гоёх дуртай. Халтар моринд шинэ эмээлээ тохож, наадмаар гоёдог торгон өмд даалимбан тэрлэгээр гангарч Бүжмаагийнд хэд хэд буусан удаатай. Донров гэгч нусгай сайхан халтар мориор гайхуулан Бүжмааг бухан бяруу шиг ээрүүлдэхэд Дорж тэссэнгүй хардаж эхлэв. Доржийг харсаар суутал Донров Бүжмаа руу жижигхэн чулуу сэм нясалж даварлаа. Түүний чихийг Дорж тоглоомоор тасартал мушгисан авч тэр хаширсангүй. Ингээд шүдлэн бух бухан бярууг яаж олих вэ? гэдгээ бодлоо.
Дорж армид очсон дороо хуучин цэрэгт нэг шүдээ хуга цохиулов. Бага дарга хэнд шүдээ хугалуулснаа хэл гэж шаардахад Дорж хэлэхгүй гүрийв. Бага дарга Доржийг зодож байгаад хэлүүлжээ. Гай ганц шүдээр дууссангүй. Доржийг мэдээлэгч болгов. Дорж маш дургүйсэн авч “үгүй” гэх том толгой цэрэг хүнд яаж байхав. “Хэн яав?” гэж дээрээс шалгааж, хов зөөх төрөлхийн чадваргүй түүнийг зовоов. Дорж “ганц муу шүднээс болж хавханд орлоо” гэж гутарна. Ашгүй халагдах боллоо. Бөөн баяр. Харина. Хавхнаас мултарна. Тэгтэл яасан гээч? Доржийг сарын 50 төгрөгний нууц цалинтай дотоодыг хамгаалахын орон нутгийн тагнуул болгов. Чухал даалгавар биелүүлэхгүй гэвэл Доржийг эсэргүүнд тооцож хаа байгаа газраас чинь баривчилна! гэж ногоон малгайт том дарга сүрдүүлэв. Гайны ганц шүд. Гайны хуучин цэрэг. Нууц албыг нутгийн ардууд мэдэхгүй нь даанч сайхан. Доржийн хааяа аймаг ордгийг ч хайхрахгүй. Нэг голын ахан дүүсээ матдаг хүн өөрсдийн дунд нуугдах тухай ойлголт малчдын ухаанд яахан багтах билээ. Доржийг аймагт дуудаж, “Нэг ч мэдээ өгсөнгүй, аюулаас хамгаалахын нүд чих болсонгүй” гэж загнах бөгөөд 50 цаасы нь хасах энүүхэнд. Дорж 50 цаасаа хасуулахаас айхгүй. Хүн матахаас их айна. Шүдгүй банхаан шүдлэн бух гэсэн хоч хүртэл гайны ганц шүд, гайны хуучин цэргээс үүсэлтэй. Энэ хочинд Бүжмаагийн дургүй гэж жигтэйхэн.
Шүдлэн бух бухан бярууны гоё халтрыг хураалгах арга олов. “Минжүүрийн хүү Донров агтанд өгсөн морио хэдэн жилийн дараа гүйж ирэхэд адуундаа нууж байгаад одоо бүр өөрийн морь мэт унаж гайхуулдаг боллоо. Худлаа гэвэл тэр морины хаа гуянд орос ахын тамга дурайж байна” гэсэн юм сараачаад “Муу бухан бяруу ингээд чи гоё халтраараа гайхуул” гээд Дорж инээд алдсаар аймагт илгээв.
Дотоод яам дорхноо хойно! Хулгайч хүүг 18 нас хүртэл тэнсэнгээр түр үлдээгээд эсэргүү Минжүүрийг хэвтрээс өндийлгөн баривчилж, өртөөний монхор ногоон гэгч машин дээр хаяад аймаг явтал өвгөн замдаа ханхай тэвшин дотор донсолгоонд ойж буусаар өнгөрчээ. Өвгөний амийг нэхэж хэн ч зүрхэлсэнгүй. Шарилы нь хаана хаяснаа муусайнчуулд хэлэх албагүй гэж ногоон малгайтууд томорсон авч алсаас нутагтаа гүйж ирсэн тамгат халтар СССР-ийн өмч тул яах вэ? гэдэгт тэд жижгэрлээ. Тамга тэмдэг нь СССР-ийн адуу гэдгийг нотлоод байдаг. Орон нутгийн хууль нам захиргааны мэдлээс ахадсан асуудалтай тулгарснаа аймаг сум ойлгоод хэрхэх тухай шийд өгөхийг Төв хорооноос хүсчээ. Тэгээд ганц адууг Орост хүргэж өг гэсэн заавар ирвэл хэнийг томилох вэ? гэдгээ ч ярилцаж. Тэгтэл ашгүй тамгат халтрыг Орост хүргэ гэсэнгүй, нам засгаас өөр мэргэн тушаал буув. Тушаал ёсоор тамгат халтрыг нядалж, сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зориулжээ. Монгол хүн холоос гүйж ирсэн морийг онцгой хайралдаг тул ороо халтрыг нугасалсан сургуулийн галчаас өгсүүлээд олон хүн нууцаар уйлж, нууцаар маани уншиж, нууцаар зул өргөсөн юм гэдэг.
18 хүрмэгц Донров 7-н жилээр заагдаж, эхлээд яс цоожинд сууж, Дорж нууц урамшил-зуун төгрөгөөр шагнуулсан авч саахалтынхаа эцэг хүү хоёрыг алсаас гүйж ирсэн хүлэгтэй нь хамт санаандгүй хөнөөсөндөө цочирдож, тархинд нь гэм сууж, үлгүүр өвчтэй болж, хүүрийн газраар хохимой толгой хэд хэдээр хормойлоод дэвхэрч цовхорч явдаг хөсрий нэгэн болжээ. Хэсэг ингэж баашлаад аюултай албанаас сугарах гэв үү? гэж нутгийн цөхөрсөн олон дэмий л горьдоно. Ийм нэгэн эмгэнэл 1950-иад онд болсон түүхтэй.
Донров хүү яс цоожинд хэд хоног тасралтгүй уйлжээ. Шоронгоос амьд гарахгүй биз. Донров аавыгаа алдсаны дараахан мал эрж явсаар шөнө болгочихож. Тас харанхуй нэлийсэн талд төөрчээ. Шуурга эхлэв. Энгүй тэнгэр газран далайд осгож үхэх аюул нөмөрлөө. Төөрсөн хүн төөрснөө хүн амьтанд сонсгохоор хашгирдаг. Донров хүү байдаг тэнхээгээрээ хашгирсаар зүг чиггүй тэнэв. Ээжийгээ дуудаж дуудаж, хариу чимээ анирдана. Ямар ч хариу алга. Цас нүүр нүдгүй булна. Донров “Аав аа” гэх гэснээ нохойгоо нэрээр нь дуудав. Нохой уг нь сонор амьтан сан гэж Донров найдна. Хариу алга. Тэгтэл унаж явсан тамгат халтар нэг тийш ам булаалдан тугтчаад эхэлж гэнэ. Даарч бээрч нус нулимстайгаа хөлдсөн Донров халтар мориныхоо явах гэж тэмүүлсэн зүгт жолоогоо залав. Халтар морь уриалагхан хатирлаа. Донров нохойгоо дуудсаар. Халтар морь нэгэн зүг шийдэмгий жирэлзүүлнэ. Донров уйлангаа хашгирсаар. Тэгтэл нэг ёлтойсон бүдэгхэн улаан гэрэл хязгааргүй харанхуйн гүнд сүүмэлзэх шиг болов. Тамгат халтар тэр зүг цогиуллаа. Гэрэл тодорч байна. Улаан цогны дэргэд ирэв. Ээж нь галын хайчиндаа том аргалын цог хавьчаад тас харанхуйд толгой дээрээ гялалзуулан дохио өгч хүүгээ дуудсаар гаднаа зогсож байв. Өндөрт өргөсөн цогноос ширүүн шуурганд оч бутран хийсэх нь тодхон байж билээ. Хүйтэн шуурганд цавиндаа хушуугаа шаасан зөнөг нохой нь сая өндийж эрхлэв.
Энэ явдлаас хойш удалгүй тамгат халтрыг муулахаар сургуулийн галч хөтлөөд явсан юмсанж.
Тамгат халтар ээж хоёр нь ингэж аварсныг жулдрай хүү Донров яс цоожинд нэхэн дурсаж, шоронгоос амьд мэнд гарах совин татлаа. Тэр совин яг л ээжийн нь харанхуйн дунд улалзуулж асан аргалын цог мэт оч бутарган анивалзав. Энэ явдлыг эргэн санасандаа жигтэйхэн бэлэгшээж, шоронгоос амьд гарах юм байна гэж итгэхийг хүссэн балчир хөвгүүний унагаж буй нулимсны хэлхээ дуслууд яс цоож хэмээх ямбий пингийн шороон шаланд цувран шингэх нь хэдхэн жилийн өмнө их яргаллаар энэ нутагт урссан цус нулимсны дэргэд өчүүхэн авай.
2009-10-20