Wednesday, May 11, 2011

Залуус аа, та нар чөтгөрт ховсдуулаад буй юм биш үү?

Машин болгон такси хүүхэн болгон янхан гэсэн хоч Эрээн хотоор гүйдэлтэй монголчууд хүртжээ. Уур хүрмээр. Нэр өгсөнд уурлах уу, нэр авсанд уурлах уу? Шившигтэй Монголыг дэлхий жигшвэл яана? “Монголыг дэлхий жигших надад падгүй” гэсэн зэвүүн монгол зөндөөн байгаа цагт Монгол өөдлөхгүй. Хулгайлах луйвардах худал амлах дээр доргүй шившиг бус жирийн үзэгдэл, бараг жинхэнэ монгол заншил, жинхэнэ монгол чанар, бүр гангараа ч болсон байж магадгүй. Тэгтэл янхан?! Яах вэ, залуусаа? Энэ янзаараа заваараад байх уу?
Эрх чөлөөгөөр өлсөж асан монгол зон ардчилал руу сад тавин урсуут эзгүй гэрт орчихлоо гэсэн мэт юун түрүү дураар дургихыг урьтал болгосон. Бусдыг хүндлэхгүй хар аминыхаа төлөө дураар дургих араншин тархай бутахай нүүдэлчдэд нуугдаж байсан нь, шигүүндээ бие биендээ хамааралтай аж төрдөг хотжилтод харшлав. Унаган гэмээ нэрэлхэлгүй хаяж, том хотын иргэншилд ухаан зарж түргэн зохицох сон. Бид эрх чөлөөтэй худал хэлж амлаж, бид эрх чөлөөтэй янхандаж архидаж, бид эрх чөлөөтэй хахуульдсаар нурах хэмжээнд хүрчээ. Одоо яадаг билээ? Машин болгон такси хүүхэн болгон янхан. Ингэж хочилсонд улалзаж ууралснаас олзуурхвал ашигтай. Хочлоогүй бол хүүхэн болгон янхан машин болгон такси гэх гутамшиг илрэхгүй байсан. Хариас цололсон ичмээр хоч Монголоо гэсэн сэтгэлийг цочирдуулаагүй бол “янхан такси” гэх өвчин чинь битүү буглаж аюулд хүргэх байсан. Бидэнд бас ч гэж Монголоо гэсэн сэтгэл бий. Ийм муухай шившигт ичдэггүй ямар ч хөлдүү булчирхай хөндүүрлэж таарна. Эмзэглэнэ гэдэг эдгэрэхийн дохио. Мэдээ бүрэн алдаагүйн шинж.
Та нарын авсан энэ муухай хочинд хаа хамаагүй өвгөн зохиолчийн тархинд бөмбөг тэсэрсэн. Миний тархинд бөмбөг тэсэрч байгаагүй л дээ. Гэвч яг л тэсрэх шиг болсон. Нээрэн шүү. Залуус минь та нар энэ шившигтээ гутарч байна уу? Та нар минь одоо гадаадынхны нүүрийг яаж харна? Хүний нүүр харахгүй яаж амьдрахав? Харж л таарна. Гадаадад явж л таарна. Гадаадынхан та нарыг хараад “Хүүе нөгөө хүүхэн болгон нь янхан, машин болгон нь таксичууд явж байна, хараач” гэж дооглоно. Ийм доромжлолыг мэдсэн ч мэдээгүй юм шиг гөлийсөөр яваад ертөнцийн шаар болуузай.
Залуус минь, та нарын хэн ч бай, хаа ч явсан Олимпийн нээлтэд тугаа мандуулаад, дэлхийн алга ташилтыг өгдөөгөөд алхаж явна гэж ямагт биеэ цэнэ. Хүн нэрээ тогос өдөө гэдэг. Та нарын явдал үхэх нас ойртсон надад бараг хамаагүй мэт боловч сайн тунгаавал маш их хамаатай ажээ. Тэр ч байтугай үүнээс эмзэг сэдэв зохиолч хүнд байх ёсгүй. Хэдхэн өөдгүй хүн л эх орон ард түмнийхээ ариун нандин нэрийг бузарлаж яваа нь энэ. Тэр увайгүй хүмүүсийн өмнөөс та нар өөрсдөө буруугүй ч гэсэн нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр байж сууж чадахгүй болтлоо ичвэл энэ муухай хочийг үтэр түргэн арилгаж чадна. Хэдий чинээ эмзэглэнэ төдий чинээ түргэн ариусаж, гадаад дотоодод нүүр бардам, ялимгүй ихэмсэг алхлах болно. Залуус та нар ингэж чадна. Би та нарт итгээд нүд анья. Та нарын ямар явах надад маш их хамаатай учраас бурхан намайг зовоож байх шиг.

No comments:

Post a Comment