Wednesday, May 11, 2011

Одон медальт Монгол улс

Бүх хүн одонтой болох тийшээ ханджээ дээ янз нь. Болох л юм. Гэхдээ одонгоор гангарах тусам хөгжил ухраад ядуурал өсөөд байдаг. Бүгд одонтой мөртлөө хоцрогдсон ард түмэн байснаас, нэг ч одонгүй хоцрогдсон ард түмэн байх нь нэрэнд цэвэр сэн. Одонгүй хоцорсон хөөрхийс цөөрөх тусмаа жагсаал суултдаа хүрч зовно. Аргагүй хөөрхий. “Улсын одонгүйчүүд”-ээр шаарлагдан хэдүүлхнээ тунавал ёстой эвгүй. Одонтойчууд олшрох тутам одонгүй хүний дотор харанхуйлсаар. Ганцаараа одонгүй үлдчих вий гэж айх нь зөв. Тэгвэл үр хүүхэд, ач зээ нартаа юу гэж хэлэхэв? “Ерөнхийлөгч танаа! Одон өгөөч!” гэж насны эцэст хэвлэлийн хурал хийж, ямар сайндаа телевизийн дэлгэцэнд ичсэн нүүрээ улалзуулан өмөлзөж суухав. Энэ бол инээд биш ханиад. Уг нь ард түмэн минь хоорондоо ав адилхан байвал сайхан сан. Хүн амаа ингэж алагчлах үзэл юунд хүрдэг бол?
Одон тэмдгийг Манжаас бус Оросоос сурсан. Орос ахын зааврыг орхих ёсгүй гэсэн хатуу үзэлтэй партизанууд шүд зуусаар. Шүд зуух нь ч бас аргагүй. Оросжихын төлөө оросжоогүйгээ тонилгочихсон улс юм чинь тэгэхээс өөр яахав. Орос зааврыг орхивол ахан дүүсийнхээ нулимс цус амиар оросжсон нэг үе буруудна. Тэгэхээр аргагүй чааваас. Коммунист үзэл бидний тархины бор хальснаас арилахгүй дэг ээ. Орос ахдаа алуулж, шулуулж байсан ч мөргөсөөр насыг барна. Үхсэн хойноо сүнс нь орос ахдаа мөргөдөг бол уу, яадаг бол? Хоёрхон хөрштэй. Хойш харж арчаагүйтээд, урагш харж боргосоор нэгэн зууныг барлаа. Дэлхийд ийм муухай хоёр нүүртэй ард түмэн байдаг бол уу? Шившигтэй хоёр нүүртэн болохыг бид өөрсдөө санаачлаагүй. Хэт их гүрэн хэт ядмаг биднийг уяаны нохой болгоод дохио зангаагаар хуцуулж сургасныг даян дэлхий мэднэ. Онц сайн хуцсаны энгэрт дохуурхан одон медаль зүүж эхэлсэн түүхтэй. Орос одонгууд дуурайлган монгол одон үйлдвэрлэж, орос одонгийн нэрийг орчуулан монгол одонгоо нэрлэв. Цусан гавъяаны одон гэх аймаар нэртэй одон анхдагч нь байх. Цэргээс халагдаж хөдөө харьсан залуу айлын бүсгүйд сээтэн хаяхдаа, “Танай нохой энэ шүдээрээ” гэж аман дахь алтан шүдээ заагаад, “Миний энэ шилбэнээс хазвал” гэж хромон гутлаа үзүүлээд, “Би танай нохойг яг энэ цаг мөчид” гэж бугуйн цагаа харуулаад, “Энэ буугаараа” гэж нагаанаа гаргаад, “Энэ рүү нь буудна” гэж зүрхэн дээрээ зүүсэн медалиар гайхуулж байсан гэдэг. Одон зүүх синдром ингэж үүссэн түүхтэй. Энэ синдром ардчиллын үед арилах нь байтугай улам хүч авсаар биднийг ертөнцийн доог тохуу болгох нь. Болгох нь ч гэж дээ, болгодгоо аль хэдийнэ болгожээ.
Бүх мэргэжил гавъяат цолтой. Гавъяат багш, эмч, эдийн засагч, гавъяат малчин, тариачин, урлагийнхныг бол яриад ч яахав. Гавъяат цэвэрлэгч гэж бий юү? Бий байх аа бий байх. Яагаад байж болохгүй гэж? Цэвэрлэгч чинь хамгийн бага цалинтай, хамгийн буянтай хөдөлмөр. Одоо “гавъяат дарга” цол бий болгох гээд УИХ үзэж тарж байна. Удахгүй “гавъяат өвгөнт” цол гарах байх. Бүгд одонтой болбол гоё байх аа: Дээрэмдүүлж буй нь одонтой, дээрэмдэж буй нь одонтой. Хөлдөж буй нь одонтой, хөлдөж үхсэн нь одонтой. Гудманд унтаж буй нь одонтой, сэрээд шээж буй нь одонтой. Гавлуулж буй нь одонтой, гавлаж буй нь одонтой. Хоосорч буй нь одонтой, хоосолж буй нь одонтой. Өлбөрч буй нь одонтой, ялзарч буй нь одонтой. Мөргөж буй нь одонтой, мөргүүлж буй нь одонтой. Хаустай нь одонтой, хар гэргүй нь одонтой. Өлсөж буй нь одонтой, өлсөөж буй нь одонтой. Хууль зохиогч одонтой, хууль завшигч одонтой. Нэг үгээр нарсныхан бүгд одонтой, нарныхан бүгд одонтой.
Одонгийн хур буусаар ахул ийм ирээдүй ойрхон. Одонгийн хур буулгахгүй гэвэл одонгүйчүүдийн тэмцэл Төр Улсаа нураах нь. Ерөнхийлөгчид бултах зам алга. Хүн бүр энгэрийн инээдэмтэй энэ алаг төмрүүдийг тоохоо боливол Ерөнхийлөгч ерөнхийлөгчийнхөө ажлыг хийх сэн. Нэгийг нөгөөгөөс албан ёсоор ялгаж дугаарласан ийм эрээн төмөр уг нь коммунист Оросын эрхшээлд орохоос өмнө Монголд байгаагүй гэсэн. Ийм тэнэг юмтай ухаант хүмүүн ХХI зуунд зууралдаж байх ч гэж дээ. Ёо ёо толгой өвдчихлөө. Ийм эдгэрдэггүй солиоролд орос ах нар минь тэнэг биднийгээ яах гэж ховсдов доо. Бид орос гипонозоос гарч чадахгүй нь. Нэг бол бүгд одонтой болъё. Одонгүй хүн нэг ч үгүй болчихвол одонтой нь хэндээ гайхуулах юм бэ? Нөгөө бол бүх одон медалийг хайлуулъя. Хүний амь аварсан, олондоо онцгой ашиг гаргасан хүнийг урамшуулах нь эрүүл ухаан. Мөнгөөр шагнахгүй юу. Монгол хүнд мөнгө хэрэггүй гэж арай бодоогүй биз дээ. Хүн ядуу байх харамсалтай. Мэхлэгдсэн ядуу хүн байх бүр ч харамсалтай.

Залуус аа, та нар чөтгөрт ховсдуулаад буй юм биш үү?

Машин болгон такси хүүхэн болгон янхан гэсэн хоч Эрээн хотоор гүйдэлтэй монголчууд хүртжээ. Уур хүрмээр. Нэр өгсөнд уурлах уу, нэр авсанд уурлах уу? Шившигтэй Монголыг дэлхий жигшвэл яана? “Монголыг дэлхий жигших надад падгүй” гэсэн зэвүүн монгол зөндөөн байгаа цагт Монгол өөдлөхгүй. Хулгайлах луйвардах худал амлах дээр доргүй шившиг бус жирийн үзэгдэл, бараг жинхэнэ монгол заншил, жинхэнэ монгол чанар, бүр гангараа ч болсон байж магадгүй. Тэгтэл янхан?! Яах вэ, залуусаа? Энэ янзаараа заваараад байх уу?
Эрх чөлөөгөөр өлсөж асан монгол зон ардчилал руу сад тавин урсуут эзгүй гэрт орчихлоо гэсэн мэт юун түрүү дураар дургихыг урьтал болгосон. Бусдыг хүндлэхгүй хар аминыхаа төлөө дураар дургих араншин тархай бутахай нүүдэлчдэд нуугдаж байсан нь, шигүүндээ бие биендээ хамааралтай аж төрдөг хотжилтод харшлав. Унаган гэмээ нэрэлхэлгүй хаяж, том хотын иргэншилд ухаан зарж түргэн зохицох сон. Бид эрх чөлөөтэй худал хэлж амлаж, бид эрх чөлөөтэй янхандаж архидаж, бид эрх чөлөөтэй хахуульдсаар нурах хэмжээнд хүрчээ. Одоо яадаг билээ? Машин болгон такси хүүхэн болгон янхан. Ингэж хочилсонд улалзаж ууралснаас олзуурхвал ашигтай. Хочлоогүй бол хүүхэн болгон янхан машин болгон такси гэх гутамшиг илрэхгүй байсан. Хариас цололсон ичмээр хоч Монголоо гэсэн сэтгэлийг цочирдуулаагүй бол “янхан такси” гэх өвчин чинь битүү буглаж аюулд хүргэх байсан. Бидэнд бас ч гэж Монголоо гэсэн сэтгэл бий. Ийм муухай шившигт ичдэггүй ямар ч хөлдүү булчирхай хөндүүрлэж таарна. Эмзэглэнэ гэдэг эдгэрэхийн дохио. Мэдээ бүрэн алдаагүйн шинж.
Та нарын авсан энэ муухай хочинд хаа хамаагүй өвгөн зохиолчийн тархинд бөмбөг тэсэрсэн. Миний тархинд бөмбөг тэсэрч байгаагүй л дээ. Гэвч яг л тэсрэх шиг болсон. Нээрэн шүү. Залуус минь та нар энэ шившигтээ гутарч байна уу? Та нар минь одоо гадаадынхны нүүрийг яаж харна? Хүний нүүр харахгүй яаж амьдрахав? Харж л таарна. Гадаадад явж л таарна. Гадаадынхан та нарыг хараад “Хүүе нөгөө хүүхэн болгон нь янхан, машин болгон нь таксичууд явж байна, хараач” гэж дооглоно. Ийм доромжлолыг мэдсэн ч мэдээгүй юм шиг гөлийсөөр яваад ертөнцийн шаар болуузай.
Залуус минь, та нарын хэн ч бай, хаа ч явсан Олимпийн нээлтэд тугаа мандуулаад, дэлхийн алга ташилтыг өгдөөгөөд алхаж явна гэж ямагт биеэ цэнэ. Хүн нэрээ тогос өдөө гэдэг. Та нарын явдал үхэх нас ойртсон надад бараг хамаагүй мэт боловч сайн тунгаавал маш их хамаатай ажээ. Тэр ч байтугай үүнээс эмзэг сэдэв зохиолч хүнд байх ёсгүй. Хэдхэн өөдгүй хүн л эх орон ард түмнийхээ ариун нандин нэрийг бузарлаж яваа нь энэ. Тэр увайгүй хүмүүсийн өмнөөс та нар өөрсдөө буруугүй ч гэсэн нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр байж сууж чадахгүй болтлоо ичвэл энэ муухай хочийг үтэр түргэн арилгаж чадна. Хэдий чинээ эмзэглэнэ төдий чинээ түргэн ариусаж, гадаад дотоодод нүүр бардам, ялимгүй ихэмсэг алхлах болно. Залуус та нар ингэж чадна. Би та нарт итгээд нүд анья. Та нарын ямар явах надад маш их хамаатай учраас бурхан намайг зовоож байх шиг.

Хутагны ирэн дээрх алтан боломж

Дэвшвэл цалин хангамж нэмэгдэж, эрх мэдэл ахина. Өнгөрсөн зуунд маний үеийн сэхээтнүүд даргын суудлын төлөө чардайж явсныг нуултгүй. Амьдралаа өөд татах ондоо бизнес соц. нийгэмд байсангүй. Дэвшихийн тулд биеэ харин хааш нь яаж жолоодлоо? Хувьсгалын тогоонд чанагдсан жинхэнэ коммунист болохоо юуны өмнө харуулах. Дараа нь орос ах нартаа туйлын үнэнч байх. Тушаал горилогч орос ахаа нартай зүйрлэвэл, өрсөлдөгч нь нарыг орос ахтайгаа зүйрлээд ялах жишээтэй. Дийлдэхгүй бол “хятадын тагнуулч” гэхэд ямар ч өрсөлдөгч өнхрөөд л өгдөг байлаа. За тэгээд өрсөлдөгчөө матах. Тэрний амнаас орос ахыг муулсан үг цухуйлаа, түүний амнаас хятадыг магтсан үг ойчлоо гэх мэт. Оросыг магтаж, хятадыг хараасан энэхүү шударга бус алаг үзлийг би оросын дарангуйллын үед тушаал дэвшихийн тулд арга буюу зөвхөн гаднаа жүжиглэж, дотроо бол өөрийн үзлээ нууж яваа нохой зан гэж далдуур дэмжиж явав. Гэтэл тийм биш байжээ. Эдүгээ хөгшчүүл төдийгүй залуусын тархинд нөгөө инээдэмтэй үзлийн үлдэгдэл оршсоор байна.
Өвөр монгол аялгуугаар ярилаа гээд хүргэнээ буудан алж, төрсөн охиноо амьдаар нь дээлтэй нь хатааж буй Хон Хэрээдэйн тэнэглэл ч мөн л зөвлөлтөд долигнодог өвчнөөс угшилтай. Хятад аялгуугаар бус өвөр монгол аялгуугаар ярилаа гээд буудаж алдаг нь ах дүү Өвөр Монгол Хятадын автономит улс учраас үзэн ядаж буй уур хилэн үү? Аймаар юм. Оросын колони байх үед Хон Хэрээдэй энэ баатарлаг гавъяагаа мандуулсан бол нэг юманд хүрсэн биз. Жигшээд жигшээд ой гутах энэ ичмээр тэнэглэлд манайхан Бодоог буудахад хирд хийгээгүй шигээ бас л хирд хийсэн өчүүхэн ч шинжгүй мартаж орхив. Нөгөө Ленин багш нь муу хүн гэж байна уу гэхээс муу үндэстэн гэж байхгүй гэж сургасан нь хаачив? Хятадад муудаа өвөр монгол аялгуугаар ярилаа гээд цэл залуухан хүүг хорвоогоос тонилгосныг бодохоос дотор аягүй оргих юм. Хөршөө ингэтлээ үзэн ядах соёлт хүмүүний араншин яав ч биш. Үүнийг бодохоос ой гутаж, монгол хүн болж төрсөндөө ичих юм. Хятадыг хэт цагаанаар Оросыг хэт хараар будлаа гэж дайрна биз. Дал наян жил Оросыг хун, Хятадыг хэрээ гэсэн үзэл сурталд автсан хүмүүсийн ухамсрыг цочихоор түншиж, эгдүүцэхээр өдөхгүй бол тэдний тархи ажиг авах мэдрэмжгүй болтлоо хууртаад, Оросод мөргөх Хятадыг нулимах үзэлдээ пологтоод үхжээ. Бидний бишрэл дэндээд өвчин болсонтой адил бидний хардлага дэндээд бас өвчин болж. Энэ хоёр өвчин хоёул адилхан эдгэрвэл дундаас нь эрүүл оюунтай монгол иргэн бүрэлдэх сэн. Хоёр хөршдөө эрүүл ухаанаар бодитой үнэмшилтэй ханддаг болохыг би хойч үедээ давхар захиж байна. Хоёр хөрш маань хун ч биш, хэрээ ч биш. Сайн муугаас бүтсэн шаазгай шиг алаг хорвоогийн бүтээгдхүүнүүд. Тэнгэр тулсан худал магтаалыг доош нь газрын хөрсөн дээр буулгахын тулд шүүмжлэхээс ондоо арга олдсонгүй, газар дор ортол хэт муулсныг дээш нь хөрсөн дээр ил гаргахад гүтгэлэг гүжирдлэгээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн намайг ойлгоорой. Орос хятад хоёр адилхан хүн, Орос Хятад хоёр адилхан гүрэн тул нэг нь тэнгэрт нөгөө газар дор байж таарахгүй. Хоёр хөрштэйгөө хуулиараа, тэгш эрхтэй, харилцан ашигтай харилцах шинэ үе эхэлсэн гэдэгт өчүүхэн би бээр итгэнэ.
Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн биднийг амдан отож байна. Монгол улсаа аз эз хоёрын алинтай нь золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө та нар баярла. Эрэн зууны түүхэнд эгзэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Яг одоо бид алдаагүй байна. Хожигдоогүй байна. Бүх юм өнгөрчөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж олдохгүй гэдгийг ухаар! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч үхсэнээс, алдаагүй, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэйв? Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангал ёроолгүй гэж мэд. Дүүрэн боломжийг бүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцаардана. Нэг үе охордоно. Доод тал нь хоёр үеийн монголчуудын нэг хүн шиг чармайлтаар боломжоо гарзгүй ашиглаж чадваас баян орон болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад олигархи та алиугаар нь морилох гээд байна?
Албан тушаалгүй эдийн засагч үнэнийг ярьдаг. Төрийн түшээ эдийн засагч өөрийнхөө амаар намынхаа удирдах бүлгийн үгийг ярьдаг. Хурмастаас бус газран далайгаас хур оргилох нь! Энэ бол байн байн нүүж өнгөрдөг оготоргуйн тогтворгүй хур биш, газран далайгаас үндэстэй бүхний сав шим ямагт болдог Лусын хишиг. Ашигт малтмал үүл биш. Гэхдээ хэмжээтэй. Хэзээ нэгэн цагт дуусах тул наана нь юун түрүү юу юутай болоод авах вэ? Ийм боломж дахиж гарахгүй гэдгийг монгол хүн бүхэн Чингисийн захиснаар өглөө босоод заавал бодох цаг иржээ. “Лусын хаан шиг далай баян” гэж ярьдаг эцэг эхийн маань бэлэгдэл амьдрал дээр биелэх нь үү, яахнэв? Биднийг шалгах нь дээ. Лусын хааны хишиг борлох мангас шиг ходоодтой зах зээл манайтай айл бэлэн зэлэн байж байдаг нь юутай завшаан бэ? Өндөр гэгээн Занабазар юу гэж айлдлаа: өөр шашинтай Оросыг дагаснаас эд баялаг асар арвин Манжийг дагасан дээр гэсэн байх аа? Үүнийг хутагтын айлдвар гэж шүтэхээсээ илүүтэй дайн дажин хямрал зовлон туулсан өвөг дээдсийн нэгэн захиас гэвэл ононо. Баруун Европоос алсдуу Румын Болгар хоёроос эдүгээ Монголын давуу боломж нь энэ аварга зах зээлтэй хаяа нийлж буйд оршином. Маньтай бөөрөө нийлүүлсэн аварга луу ашигтай ч аюултай ч. Болгоомжлол боломж хоёр сүлэлдэн оршиж байна. Тэрбум хэдэн зуун сая хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс бид юу атгаж үлдэх вэ? Гурван сая хүрэхгүй хүн амын ходоод уг нь юухан байхав. Онгон догшин лус савдгийнхаа цээртэй ордуудад гар хүрэх осолтой түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариулаарай.
Хятадтай хэн хэндээ ашигтай харилцахад бидний тархинд амь бөх зууралдаж буй хуучин үзэл суртал сөрөг үр дагавар руу түлхэж байна. Маогийн эсрэг Хрущев Брежнев нарын суртал Монголд хятад хүнийг үзэн ядах үзэл болон хувирч 1960-аас 1990 он хүртэлх 30 жилд бидний ухамсарт гагнагдаад эдүгээ арилах нь байтугай сэргэж байна. Дайсагнаж асан хоёр их гүрэн маань эв зүйгээ олчихоод түншилж байхад монгол хүн зөвлөлт үзлээ хаялгүй хятад хүнийг дайсан мэт сэрдсээр буй нь зөөлнөөр хэлбэл илүү зан, хатуугаар хэлбэл ёстой нөгөө муу эрд халдага дараа, Монгол улсад космонавт дараа гэгч болно. Бүтэн хагас тэрбум хөршдөө дайсагнасан эрүүл бус үзэл бидэнд сайныг яасан ч өгөхгүй. Эдүгээ Хятадын эсрэг хэнээрхэл ашиггүйг Америк хүртэл дагаж буйг анзаарах сан. Соёлын хувьсгалаар галзуурч асан хөгийн суртлаа хятадууд сэм орхиод эдүгээ хэв хэзээний ардчилсан улс аятай панз үсэргэж байна. Хятад улс хувирсан нь өчүүхэн Монголд том боломж хайралжээ. Харамсалтай нь бидний тархинд ах нарын шингээж өгсөн хятадын эсрэг үзэл хөдөөд бол бүр яг хэвээрээ байгааг алт олборлогчдын мөргөлдөөн нотлов. Гадаадын хөрөнгө оруулалт, түүний татвар манайд амин чухал энэ үед “Зургаан метр хөрс хуулаад өдөрт 20 кг алт олборлодог, түүнийг нь өнөөдөр угааж авцгаая” гэж үгссэн нинжа нар хятадын хөрөнгө оруулалттай компани дээр давхин очиж хэсэг харж зогссоноо “За ажиллая, ура!” гээд довтолдог гэнэ. Балар эртний угшил мөн байгаа биз? Тэдний тархинд далимдуулаад жаахан алт олоод авъя, намзасаг хятадад муу юм чинь биднийг өмөөрч л таарна гэсэн үзэл уугиж буйн гор энэ. Одоо ийм замаар явахгүй ээ. Явах зам цэвэр хууль. Хуулиар нь шалгахаас ондоо арга үүнд байхгүй. Шалгавал хятад монголын өгч авалцсан хахууль цухуйна. Ер нь хүнийг муулахаасаа өмнө өөрсдийгөө хар. Хэн ч гэсэн манайд бизнес эрхлэх гэж орж ирээд, хүн нэхээгүй байхад “Май авилга ав” гэж өөрийгөө хорлохгүй нь ойлгомжтой. Өгсөн хүн ялтай учраас хэн ч ингэхгүй. “Авилга өг. Өгөхгүй бол лиценз олгохгүй” гэсэн манай төрийн албан хаагчдын тулгалтанд аргагүйдэж өгдөг нь мэдээж. Монгол улсынхаа хуулийг иргэн бүр ягштал мөрддөг үзэл рүү орцгооё. Гадныхантай, тэр тусмаа хятадуудтай харьцахдаа бурханд бус хуулиндаа мөргө. Гадны иргэдээр ч хуулиа чанд сахиулъя. Үүр цайх боломжийн нэг нь энэ. Хуулиа өмнөө барьж, бүх асуудлаа хуулиар зохицуулж бид заншаагүйн улмаас гай дуудаад буйг анзаарч байна уу? Өдөр бүр дохио өгөөд буй энэхүү үл ойлголцлоос гай дэгдэж мэднэ шүү. Таагүй харьцааг зайлуулах гарцаа одооноос хай. Гадны хөрөнгө оруулагч нартай бид нэг хэсэгтээ хүссэн ч эс хүссэн ч хамтарч бизнес хийх нь. Сайндаа бус бидэнд бие даагаад ашигт малтмалаа олборлох хүч хөрөнгө алга. “Хэн хэндээ ашиг гарна” хэмээн бид гадны баячуудыг уриад буйгаа ухаарч байна уу? Гадныхантай, юун түрүү хятад барилгачин уурхайчидтай чулуугаар байлдаад хэн хохирох вэ? Бэл бинчин нимгэн цөөн буурай бид л хохирч хоцорно. Нинжа нар нэгдүгээр шугаманд чулуу шидээд буй боловч ар талд нь төр засаг хууль эрхийн орчинг яв цав бүрдүүлж өгөхгүй, тэр ч байтугай гадныханд хууль бус лиценз авилгаар өгч буйгаас үймээн үүсэж байна. Чулуу шидэгчид буруутан авч гол буруутан нь хуулиа уландаа гишгэж хахууль ханцуйлагч төрийн албан хаагчид байсаар байна. Ийм эмзэг асуудалтай тэр бүр тулгарч үзээгүй гэнэн, хатуухан хэлэхэд, харанхуй иргэд, учир зүйгээ олоход хуулиа л бурханчлан шүтэх хэрэгтэй. Учир зүйгээ олох туршилга хомс иргэдийг авилгачдын бантагнуулсан хууль эрхийн бүрхэг орчин хөлдөө чирч байна. Хуулиас өөр нам засаг энэ тэр огт хэрэггүй. Их Хятадын үсрэнгүй хөгжил бидэнд том боломж гэдгийн цаана энэ аварга гүрэн бидний мөнхийн хөрш тул тэдний арга баашинд хохирохгүй түншлэх ухаанд эртхэн суралцах сан. Хятадын башир ааш ямаан омгийн түлхүүр бол зөвхөн хууль. Муудалцвал салаад нүүж болохгүй заяатай төрсөн хойно хятадуудтай нөхөрлөж л таарна. Хоёр их хөршийнхөө нэгийг нөгөөгийн дээр залж, нөгөөг зэвүүцүүлдэг үзэл биднийг хохироодог. Ийм болчимгүй үзэл одоо бүр ч аюултай. Хоёр хөршөө ав адилхан хэмжээнд эвтэйхэн зохицуулаад, гурав дахь түншлэлээ зузааруулах сан. Яая даа байз, залуу ч байсан болоосой.
“Ах дүүгийн найрамдал” хэмээх гоё хуурамч паалантай харилцааг “маргаангүй харилцаа”-гаар сольё. Маргаангүй харилцаа гэдэг тал бүрийн бүх хамтын ажиллагаа хуулиар яв цав зохицуулагдана гэсэн үг. Манай төрийн албан хаагчид авилгад дуртай нь үнээн. Хятадын бизнес авилгагүйгээр Монголд бүтдэггүй гэсэн. Шууд хэлэхэд хятад монгол хоёр авилга авч өгөлцдөг тийм бохир орчныг манай улс төрчид зориуд бий болгосон гэхэд хилсдэхгүй. Энэ нь УИХ-ын лабораторид бүтээдэг нээлт. Авилгын хөлд юу хохиров гэвэл монголын хууль! Хуулиа ингэж үнэгүйдүүлнэ гэдэг жолоо цулбуургүй галзуу нийгэм болж, хүнлэг чанар шударга ёсыг, эрх дарх эд мөнгө түймэрдэж, ядуу нь ангал руу, баян нь гадаад руу тонилно гэсэн үг. Энэ аюулаас биднийг хэн аврах вэ? Бидний сонголт аварна! Аврал сүйрэл хоёр отож байна гэсний учир энэ. Эхлээд төрийн түшээд, сайдууд, төрийн албан хаагчид, малчид, нинжа нар, нэг үгээр монголын бүх иргэд өөрсдөө хуулиа яс баримтлаад дараа нь манай хуулийг зөрчсөн харийн хар элэгтнүүдийг чулуугаар шидье. Хуулиа дагаж мөрдөх ёс суртахуунгүй улс орон оршин тогтнох боломжоо алдана. Ангал руу онхолдох аюулын нэг нь энэ. Нэг япон хүн Монголд хөрөнгө оруулахад эрсдэлтэй орон уу? гэдгийг судлахын тулд манай сайдуудын үгийг сонсохын оронд эхлээд хотын гудамжинд гарч нийт иргэд нь хууль журмаа дагадаг улс уу? гэдгийг сонирхжээ. Замын хөдөлгөөний дүрмийг жолооч явган зорчигчид хэрхэн зөрчиж буйг, хандсан зүгтээ нус цэрээ нулимж, хогоо машиныхаа цонхоор хаяж буйг харж толгой сэгсрээд шууд нутаг буцсан гэдэг. Монгол хүн хуулиа яагаад сахидаггүй юм бэ? гэж гайхаад байсан чинь хариулт хамар дор бэлэн аж. Хууль дүрэм зөрчсөн хүн шийтгэл хүлээдэг ёс хавтгайдаа замхарчээ. Сайхан ч юм шиг, амар ч юм шиг тийм нөхцөлд хууль журам сахих гэж ядаргаатаад яах юм бэ? Монголд тэнэг хүн л хууль сахидаг байх. Бүгд хууль сахихгүй болсноор хамаг эмх цэгц задрав. Өчүүхэн ч атугай хууль зөрчвөл зохих шийтгэлийг заавал хүлээлгэдэг оронд нийгэм эмхлэгдэж байдаг ажээ. Харин бид үүнийг гадны зээл тусламж, хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдөө хийж дөнгөх атлаа хийхийг хүсэхгүй байгаа нь хачин. Мөнгө идээд шүүхийн хаалга татсан хүн хэргээ сэгсрээд дараа нь заавал тушаал дэвшдэг “сайхан” жишиг тогтлоо. Шоронд орох шахсанаа суг дэвшсэн хүмүүсийн нэрсийг захын иргэн жагсаана.
Орос Хятад хоёрыг бурхан чөтгөр гэж туйлширдгаа эргэж харъя. Түншээ “чөтгөр” гэж хараагаад олигтой наймаа хийж чадах уу? Намайг хахууль авчаад ийм юм бичдэг гэж интернетээр загнадаг хүмүүс бий. Би тэднийг тоохгүй. Авилга гэдгийг маний үеийнхэн мэдэхгүй. Хадан гэртээ ойртсон зохиолч залгамж үедээ захих гэрээслээ хүслээрээ үлдээнэ. Хэнээр ч заалгахгүй. Энэ бол зохиолчийн жудаг. “Манжийн дарлал, Халхын урвагч хаад ноёд” гэсэн ишлэл орчин үеийн залуусын амнаас унахад би харамсдаг. Тэд сургуульд заалгасан түүхээ маани мэгзэм мэт сохроор цээжилсэн нь бараг буруугүй ч юм шиг хэрнээ гадаад гүрэнд мэхлүүлээд бурууг зөв гээд итгэчихсэн онгирч яваа нь өрөвдмөөр. Үнэнийг тэдэнд хэлж сэнхрүүлмээр. Надад итгэхгүй өширхөж, миний нүүр лүү нулимлаа ч гэсэн би тэдэнд гомдож чадахгүй. Миний л удам угсаа шүү дээ. Үзэл суртлаар бохирлогдсон “түүх” гэгч ханиад халдвар дагуулж буйг сортоотой залууст анзаарах боломжийг ардчилал уг нь олгосон сон. Нүүрлэж ирсэн таатай боломжоо ашиглахад хар буруу санаагаар зохиогдсон хорлогчинтой түүхээс угшилтай өшөө хонзон зөвхөн гай л тарина. Би манжийн хаадыг зөвлөлтийн удирдагчдын зиндаанд тахин шүтүүлэх гээгүйгээ энд бас дахин сануулъя. Хятадаас болгоомжлох юм бий. Нутаг орондоо багтахаа больсон хятадуудаас хамгийн ядуу дорой нь юу ч голохгүйдээ манай руу урсана. Тэд их зантай европчуудаас бидэнд амархан наалдана. Нэг мэдэхнээ бид зүс царай адилхан тэдний дундаас бие биеэ олж уулзаж чадахаа больсон байх магадлал өндөр шүү. Үүнээс болгоомжлох хашир ухаан Төр Засаг болоод хувь хүн бүрийн хар хайрцагны амин бодол байх ёстой. Гэхдээ хашир ухаанаа сэвтүүлэлгүй Их нангиадтай найрсаг түншлэх зам бол бидний хөгжлийн гол гогцоо шүү гэдгийг захья. Улаан дэнлүү ханз үсэг урж хаядаг сагсуу зан ашиггүй. Үндэстэн бүхний онцлогоор чимсэн Парисийн эрээн алаг гудамжинд би монгол зоогийн газар нээвэл монгол угалз худам үсгээрээ гангарах л болно. Францууд миний хаягийг урахгүй. Парисийн гоёо нэгээр нэмэгдлээ гэж урлагт мэдрэмтгий соёлтой францууд олзуурхана.
Японы араас Өмнөд Солонгос, тэдний араас их Хятад замналаа. Тэдний араас шуудрах боломж уг нь Монголд заяажээ. Харин бидний гавалд тэгж сэтгэх чадамж бий юү? Тийм оюун, тийм овсгоо монгол хүнд бий гэдэгт би бат итгэж байна. Асар богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн ази хүмүүстэй та нар өөрсдийгөө жишээд, тэднээс ямар ямар чанараар дутаж буйгаа тогтоогоод, шалавхан нөхөж, зэрэгцвэл, санасандаа хүрч буй нь тэр. Мөн хойд их хөрш болон өндөр хөгжилтэй гурав дахь түншүүдийн хөрөнгө оруулалтаас хэт шулуулалгүй зальдуулалгүй улсдаа юм нааж дөнгөвөл сайхан боломж доо. Бидэнд тэнгэр газар шиг ашигт малтмал заяажээ. Ийм их боломж нүүрэлсэн нь юутай хувь заяав? Ертөнц гэрэл сүүдрээс бүтдэг. Авралыг сүйрэл сүүдэр мэт дагадаг. Бас сүйрэл үгүй аваас аврал үгүй билээ. Та нарыг минь бурхан өршөөг. Монголын энгүй харанхуй тэнгэрт сайхан ирээдүй үүрийн гэгээ мэт наран ургах зүгээс манхайж эхлэв. Залбирах залбирал, хоёр их хөршид минь гал усны аюул, ган зуд, хэрүүл хараал, дайн самуун бүү үүсээсэй. Хоёр хөршөөсөө хамааралтайг бид умартаж болохгүй. Тиймээс хоёр хөршөө ав адилхан хүндэтгэн амьдрах ёстой. Хоёр их хөршийн нэг нь нөгөөгөө ядмаг дорой бидний чихэнд бүү муулаасай. Тэгвэл бидэнд хэнийх нь ч талд орж болохгүй хэцүү. Хоёр их хөрш минь дахиж бүү муудалцаасай. Энэ бол Монголын алтан боломж.