Sunday, January 16, 2011

Малаа хэнд хэдээр зарах малчны эрх

Орос манай малыг өвчтэй гэж сэжиглээд авсангүй. Уг нь оросууд манай мал сүргийг 70 жил суурь сууриар нь авч идэж асан түүх саяхных. Манай өвчтэй малын маханд хордож үхсэн орос ах өнгөрсөн зуунд дуулдаагүй. Гэхдээ манай малыг өвчтэй гээд авахаа больж буй гүрний өөрийн эрх тул бидэнд гоншигнох эрх байхгүй. Малчид усан бороо, цасан шуурга, тисгэм жаварт үр төлөө бөөцийлөх гэж тэмцэж буй мөсөн туйлын оцон шувууд шиг амьдардаг. Тундрийн эрс тэс цаг уурт өдөр шөнөгүй тэмцэж явж өсгөсөн хэдэн малаа малчид борлуулж амь зуудаг. Тас хар болсон малчдаа хар. Тэднийг хотын байранд хэд хонуулахад цав цагаан иргэд болдог. Угаасаа тийм хөсрий хөх улс биш аж. Мөн ч хүнд хөдөлмөр дөө. Өрөвдөж барамгүй хөөрхийс малаа борлуулах гэж ядаж явахад Төр Засаг дэмжих нь байтугай хавчиж эхлэв.
Эзгүй хээр хаягдсан хэдэн ядуу малчид маань дор бүрнээ хэдэн мал борлуулж, идэх гурил уух цайныхаа бороодон хийх гэж зах зээлийн нүх сүв хайж, гайхшаа барж, Төр засгаа горьдсон нүдээр ширтэж суутал, хятадууд мах авъя гэжээ. Зарах гэтэл “Хятадад зарвал махны хомсдол үүсч, үнэ хөөрөгдөнө” гээд хорьчихов. Яаж байгаа нь энэ вэ? “Зарвал орос ахад л зарна” гэж Төр засаг, махны ченж болон фашист хас тэмдэгтэн нартайгаа хүч хавсран чангараад байдаг. Гэтэл нөгөө орос ах нь авдаггүй. Инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг. Төрийн ийм бодлого мангуу тархинаас гардаггүй, аймхай зүрхнээс гардаг аж.
Малаа ямар үнээр зарах вэ? гэж асуувал малчид ахиухан үнэ хэлэх нь мэдээж. Малчид түүхэндээ хонь ямаагаа хаймран хонь ямаагаар сольё гэж хэзээ ч хэлээгүй. Малаа хаймран тоглоомоор өгөхгүй, үнэ хүргэж өгнө гэж эсэргүүцэх эрх тэр үед малчдад байгаагүй. Эрх чөлөөгүй үеэс эдүгээ ардчилсан нийгэмд шилжсэн малчид, малаа мөнгөөр авах гэсэн хятад иргэдэд зарах эрхгүй нь сая тодорлоо. Малчдын өмнөөс УИХ-ын гишүүд толгой мэдэж, хэнд, хэдээр панзлахыг шийдэх гэнэ. Энэ нь зах зээл мөн үү? Аминыхаа малыг хэдээр хэнд өгөх нь малчны эрх биш үү? Ардчилал, эрх чөлөөг үүнээс илүү яаж зөрчих вэ? Зуд болж магад гээд онд оромгүй малаа заазалдаг. Заазлахгүй бол хөгшин хөвөө, тэвээрэггүй мал үхээд зовлогийг нь хаяж, булах ажил гардаг. Ингэж хохирохгүйн тулд заазалсан малынхаа махыг хэдэн бор цаас болгосон монгол, өөрийнхөө мөнгөөр мах худалдаж авсан хятад иргэн хоёр, хоёулаа Монголын Төр засгийн аашийг ойлгохгүй гайхаж сууна. Уг нь жил болгон махны наймаа хийхээр тохиролцсон хоёр иргэн. Зах зээлийн чөдөр тушаа энэ мөн биз? Иргэд хоорондын танил талын харилцаа уг нь паразитаар татвар төлөгчдийн мөнгөөр амьдрагч илүү орон тоог үгүй хийж, хүнд суртал, авилга хээл хахуулийг хүчгүйдүүлэх тавилантай юмсан. “Хятадууд мах хамчихлаа. Тэд идэх гэж аваагүй. Биднийг өлсөөж алах гэж авч байгаа. Манай махыг өндөр үнээр авч буй нь цаанаа маш хорон санаа агуулжээ. Ямаагүй ноолуургүй болгох гэсэн хятад санаа. Манай махны үнийг хөөргөдөж орос ахыг минь чадах гэсэн хятад санаа. Гайгүй байлгүй. Хил дээр өчнөөн тонн мах битүүмжлэн саатуулж, үндэсний аюулгүй байдлаа аварлаа. Хужаа нар мах авсан их мөнгөөрөө шатсан нь бидний ялалт болов” гэж сурталдсан телевиз сонинууд алдаршиж байх шиг. Хятадууд мөнгөрхөж, мах ихээр авснаас болж махны үнийг хөөргөдлөө гэх аймаар гамшиг илэрүүлсэн сэтгүүлчдийг шагнах биз. Хөөрхий малчдад малаа гайгүй борлуулаад хэдэн бор цаас өвөртлөх ховорхон боломж тохиосныг хаах гэж зүтгэж буй сэтгүүлчид болон махны ченж хас тамгатан нар яасан ч эх оронч хүмүүс вэ. Тэд Монголыг Хятадын аюулаас аврах гэж хийрхсэний хүчинд өөрсдийгөө бузгай илчлэв. Ядуу зүдүү малчдын хар хохь болох нь, тэдэнд падлийгүй гэсэн үзлийг чинь уншигчид шүүсээр л байх вий вий. Захиалгын мөнгөөр хэлсэн үг хийсэн ажил чинь андашгүй агаад нийгмийг бухимдуулж байна.
Ийм ховорхон наймаа нүүрлээд ирж байхад “Хятадад мах өгөхгүй, хаая бооё” гэж хичнээн хэнхэглээд, үнэлгээ өгч дэвшүүлдэг Зөвлөлт чинь үгүй болсныг мэдэж байна уу? Одоо зөвхөн ашигтай наймааг зохицуулдаг зах зээл үйлчлэх болохоос бус Орос байна уу, Хятад байна уу, хамаагүй. Орос бурхан, Хятад чөтгөр гэсэн зөвлөлт үзлээ орхи. Тэгж заасан багш-зөвлөлт чинь сөнөсөн. Хоёр хөрш маань бурхан ч биш, чөтгөр ч биш. Хоёулаа хүн. Бурхан мах авбал манайд махны үнэ өсөхгүй, махны хомсдол үүсэхгүй. Чөтгөр мах авбал махны үнэ тэнгэрт хадаж, ирэх хавар бид идэх махгүй болно гэж балайрах юм. Илүү гарах махаа сайн тооцоолж экспортолбол махны хомсдол, үнийн өсөлт үүсэхгүй. Мөн хэнд зарахаас шалтгаалж, бид тэнгэрийн умдаг атгахгүй. Хэн өндөр үнэ өгөхийг дураараа сонгоно. Зах зээл гоё байгаа биз?
Монголын малыг өвчтэй гэж дуулиантуулж, үний нь бууруулахын зэрэгцээ хулхи вакцинаа ах нар шахах нь. Үржирсэн вакцинд мал эрүүлжихгүй. Өрийн үлдэгдэл гэдэг шиг вакцины шахаа, өвчтэй мал гээд л мөнхийн нээнтэг үргэлжилнэ. Үүний хариуд хятадад малаа ханасан үнээр хэдэн саяар панз үсэргэвэл, бусад улстай хийх манай махны бизнест хөшүүрэг болж, Орос манай малыг өвчин тахалтай гэхгүйгээр “70 жил идээд үхээгүй, экологийн цэвэр мах юм чинь” гээд гуйгаад зогсож байх цаг ирнэ. Хятадын аварга зах зээл манай малчдын өмнө нээгдвэл Оросод манай мах хүртэх ч үгүй. Тэгээд ч өвчтэй малынхаа махаар орос ахынхаа амь насанд хүрвэл төлж барахгүй өр үүснэ. Малаа эрүүлжүүлэх талаар Японтой ярьсан яриа бий биз дээ. Монгол экологийн цэвэр махны эрэлт хэрэгцээ Араб, Турк гээд дэлхий дахинд өсөж, хэдэн ядуу малчид маань башийх үүд хаалга нээгдэх юм биш үү? Мах маань ахиухан өртгөөр борлож л байвал, хэн авах нь маньд ялгаагүй ч Төр засагт дарамттай байна уу? Үнэнээ айлтгүй хэлээч. Хүн ам үнэнийг мэдэхийг хүсэж байна.
Сэтгүүлчдийг гомдуузай хэмээх үүднээс ямагт урам хайрлаж байдаг сэтгүүлч Х. Баттөгс, Г. Дэлгэрцэцэг нарынхаа “Өдрийн сонин”-д бичсэн нийтлэлээс ишлэл авъя. Х. Баттөгс ингэж бичжээ: “Сүүлийн үед Хятадад хүнсний үнэ огцом өссөн мэдээ бий. Мэдээж энэ бүхнийг манай малчид шийдэхгүй. Гэхдээ харилцан ашигтай наймаалцах боломж манай малчдад гарна. Нэг кг ямааны мах хилийн тор давуулаад шидэхэд л 15 мянган төгрөг болж хувирна. Ганц ямаа давуулж чадвал, арьс, ноолуурын үнээ оруулаад 200 гаруй мянган төгрөг болно. Хашаандаа байгаа 50 сая малаасаа ганц саяыг урагшаа гарахад 200 тэрбум төгрөг малчдын халаасанд орно. Төр бирж байгуулж, хилээр хэн, хэн, юу гаргахыг хянах гэж дүнхүүрч суух шаардлага алга. Малчин бүрт нэг сая төгрөг бус, хорин ямаа гаргах зөвшөөрөл өгчихвөл л хангалттай” гэжээ. Баттөгсийн энэ үг яасан үнэн үг вэ? Төр засаг хүсвэл, сэтгүүлчийн энэ үгийг ажил болгох мөн амархан аа. Сэтгүүлч Г. Дэлгэрцэцэг энэ асуудалд ухаалаг үг нэмэрлэж, “Махаа юм болгож чадахгүй явсаар ХХI зуунтай золголоо. Харин саяхнаас хятадууд манайхаас мах авдаг болов. 2500 гаруй тонн мах урд хилээр гарсан мэдээ байна. Үүнийг БНХАУ-ын төр авч байгаа ч юм биш. Хоёр орны иргэд, найз нөхөд, танил тал хоорондын нөхөрлөл гэж ийм байдаг. Иргэд хоорондын үзэл сурталгүй харилцаа юуг ч төрөөс хараат бусаар хийж болдгийн нэг жишээ. Аливаа ард түмэн зах зээлд хэрэгтэй зүйлсээ наймаалцаж, амьдарч буйн нэг илрэл... Хятад наймаачид урд хөрш рүү монгол мах экспортлох шан татаж эхэллээ. Тэд зөвхөн ямааны махыг онцолж аваад байгаа ч юм биш. Монголд зарагдаж байгаа хамгийн хямд үнэтэй махыг онцолж байгаа юм... Гэтэл...махны энэ бизнесийг хавчиж хяхаад эхлэв... Хилээр орж ирж байгаа биш, гарч байгаа махнаас юуных нь шинжилгээ хүсээд байдаг байна аа. Бид ямар идэх гэж байгаа биш... Идэх гэж байгаа ард түмэн нь л хяналтаа тавьдаг юм байгаа биз”гэжээ.
Ийм сэтгүүлчдийн үгийг уншихаар дэмжих хүсэл оргилох юм гээч.
2010-12-19

Цэндийн Доржготов.

Цэнддоо, чи маш чухал сэдэв хөнджээ. Хятадыг үзэн ядах үзэл манайд бүр хэрээс хэтэрсэн. Даварсан, тэнэг нь дэндсэн ийм үзэлтэй хүмүүс эх орон ард түмэндээ ямар гай дуудаж буйг ухааруулах сан гэж сэтгэл зовдог болж, би энэ сэдвээр “Үлдээх Үг” нэртэй ном хүртэл бичлээ. Хятад ч бай хэн ч бай алив нэг үндэстэнг ингэж доромжилж үзэн ядна гэдэг бид өөрсдийнхөө бүдүүлэг харахуйг л харуулж буй явдал. Хятадад уусъя, хятадад шулуулъя, дарлуулъя гэж ямар ч хүн хүсэхгүй шүү дээ. С-1 телевизийн сурвалжлагчид ямааны мах мөнгөөрөө зах зээлийн жамаар худалдаж авсан хятад иргэнд хэрхэн дээрэлхэж, онгирч, сагсуурч буйг хараад ичих шиг боллоо. “Үлдээх Үг” номынхоо хэсгээс дор сийрүүлье:

Дэвшвэл цалин хангамж нэмэгдэж, эрх мэдэл ахина. Өнгөрсөн зуунд маний үеийн сэхээтнүүд даргын суудлын төлөө чардайж явсныг нуултгүй. Амьдралаа өөд татах ондоо бизнес соц. нийгэмд байсангүй. Дэвшихийн тулд биеэ харин хааш нь жолоодлоо? Хувьсгалын тогоонд чанагдсан жинхэнэ коммунист болохоо юуны өмнө харуулах. Дараа нь орос ах нартаа туйлын үнэнч байх. Тушаал горилогч орос ахаа нартай зүйрлэвэл, өрсөлдөгч нь нарыг орос ахтайгаа зүйрлээд ялах жишэээй. Дийлэхгүй бол “хятадын тагнуулч” гэхэд ямар ч өрсөлдөгч өнхрөөд л өгдөг байлаа. За тэгээд өрсөлдөгчөө матах. Тэрний амнаас орос ахыг муулсан үг цухуйлаа, түүний амнаас хятадыг магтсан үг ойчлоо гэх мэт. Оросыг магтаж, хятадыг хараасан энэхүү инээдэмтэй үзлийг би тушаал дэвшихийн тулд оросын дарангуйллын үед арга буюу зөвхөн гаднаа жүжиглэж, дотроо бол өөрийн үзлээ нууж яваа нохой зан гэж далдуур дэмжиж явав. Гэтэл тийм биш байжээ. Эдүгээ хөгшчүүл төдийгүй залуусын тархинд нөгөө инээдэмтэй үзлийн үлдэгдэл оршсоор байна.
Өвөр монгол аялгуугаар ярилаа гээд хүргэнээ буудан алж, төрсөн охиноо амьдаар нь дээлтэй нь хатааж буй Хон Хэрээдэйн тэнэглэл ч мөн л зөвлөлтөд долигнодог өвчнөөс угшилтай. Хятад аялгуугаар бус өвөр монгол аялгуугаар ярилаа гээд буудаж алдаг нь ах дүү Өвөр Монгол Хятадын автономит улс учраас үзэн ядаж буй уур хилэн үү? Аймаар юм. Оросын колони байх үед Хон Хэрээдэй энэ баатарлаг гавъяагаа мандуулсан бол нэг юманд хүрсэн биз. Жигшээд жигшээд ой гутах энэ ичмээр тэнэглэлд манайхан Бодоог буудахад хирд хийгээгүй шигээ бас л хирд хийсэн өчүүхэн ч шинжгүй мартаж орхив. Нөгөө Ленин багш нь муу хүн гэж байна уу гэхээс муу үндэстэн гэж байхгүй гэж сургасан нь хаачив? Хятадад муудаа өвөр монгол аялгуугаар ярилаа гээд цэл залуухан хүүг хорвоогоос тонилгосныг бодохоос дотор аягүй оргих юм. Хөршөө ингэтлээ үзэн ядах соёлт хүмүүний араншин яав ч биш. Үүнийг бодохоос ой гутаж, монгол хүн болж төрсөндөө ичих юм. Хятадыг хэт цагаанаар Оросыг хэт хараар будлаа гэхийг би үгүйсгэхгүй. Дал наян жил Оросыг хун, Хятадыг хэрээ гэсэн үзэл сурталд автсан хүмүүсийн ухамсрыг цочихоор түншиж, эгдүүцэхээр өдөхгүй бол тэдний тархи ажиг авах мэдрэмжгүй болтлоо хууртаад, Оросод мөргөх Хятадыг нулимах үзэлдээ пологтоод үхжээ. Бидний бишрэл дэндээд өвчин болсонтой адил бидний хардлага дэндээд бас өвчин болж. Энэ хоёр өвчин хоёул адилхан эдгэрвэл дундаас нь эрүүл оюунтай монгол иргэн бүрэлдэх сэн. Хоёр хөршдөө эрүүл ухаанаар бодитой үнэмшилтэй ханддаг болохыг би хойч үедээ давхар захиж байна. Хоёр хөрш маань хун ч биш, хэрээ ч биш. Сайн муугаас бүтсэн шаазгай шиг алаг хорвоогийн бүтээгдхүүнүүд. Тэнгэрт гарчихсан худал магтаалыг доош нь газрын хөрсөн дээр буулгахын тулд шүүмжлэхээс ондоо арга олдсонгүй, газар дор ортол хэт муулсныг дээш нь хөрсөн дээр ил гаргахад гүтгэлэг гүжирдлэгээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн намайг ойлгоорой. Орос хятад хоёр адилхан хүн, Орос Хятад хоёр адилхан гүрэн тул нэг нь тэнгэрт нөгөө газар дор байж таарахгүй. Хоёр хөрштэйгөө хуулиараа, тэгш эрхтэй, харилцан ашигтай харилцах шинэ үе эхэлсэн гэдэгт өчүүхэн би бээр итгэнэ.
Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн биднийг амдан отож байна. Монгол улсаа аз эз хоёрын алинтай нь золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө та нар баярла. Эрэн зууны түүхэнд эгзэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Яг одоо бид алдаагүй байна. Хожигдоогүй байна. Бүх юм өнгөрчөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж олдохгүй гэдгийг ухаар! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч үхсэнээс, алдаагүй, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэйв? Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангал ёроолгүй гэж мэд. Дүүрэн боломжийг бүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцаардана. Нэг үе охордоно. Доод тал нь хоёр үеийн монголчуудын нэг хүн шиг чармайлтаар боломжоо гарзгүй ашиглаж чадваас баян орон болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад олигархи та алиугаар нь морилох гээд байна?
Албан тушаалгүй эдийн засагч үнэнийг ярьдаг. Төрийн түшээ эдийн засагч өөрийнхөө амаар Намынхаа удирдах бүлгийн үгийг ярьдаг.
Хурмастаас бус газран далайгаас хур оргилох нь! Энэ бол байн байн нүүж өнгөрдөг оготоргуйн тогтворгүй хур биш, газран далайгаас үндэстэй бүхний сав шим ямагт болдог Лусын хишиг. Ашигт малтмал үүл биш. Гэхдээ хэмжээтэй. Хэзээ нэгэн цагт дуусах тул наана нь юун түрүү юу юутай болоод авах вэ? Ийм боломж дахиж гарахгүй гэдгийг монгол хүн бүхэн Чингисийн захиснаар өглөө босоод заавал бодох цаг иржээ. “Лусын хаан шиг далай баян” гэж ярьдаг эцэг эхийн маань бэлэгдэл амьдрал дээр биелэх нь үү, яахнэв? Биднийг шалгах нь дээ. Лусын хааны хишиг борлох мангас шиг ходоодтой зах зээл манайтай айл бэлэн зэлэн байж байдаг нь юутай завшаан бэ? Өндөр гэгээн Занабазар юу гэж айлдлаа: өөр шашинтай Оросыг дагаснаас эд баялаг асар арвин Манжийг дагасан дээр гэсэн байх аа? Үүнийг хутагтын айлдвар гэж шүтэхээсээ илүүтэй дайн дажин хямрал зовлон туулсан өвөг дээдсийн нэгэн захиас гэвэл ононо. Баруун Европоос алсдуу Румын Болгар хоёроос эдүгээ Монголын давуу боломж нь энэ аварга зах зээлтэй хаяа нийлж буйд оршином. Маньтай бөөрөө нийлүүлсэн аварга луу ашигтай ч аюултай ч. Болгоомжлол боломж хоёр сүлэлдэн оршиж байна. Тэрбум хэдэн зуун сая хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс бид юу атгаж үлдэх вэ? Гурван сая хүрэхгүй хүн амын ходоод уг нь юухан байхав. Онгон догшин лус савдгийнхаа цээртэй ордуудад гар хүрэх осолтой түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариулаарай.
Хятадтай хэн хэндээ ашигтай харилцахад бидний тархинд амь бөх зууралдаж буй хуучин үзэл суртал сөрөг үр дагавар руу түлхэж байна. Маогийн эсрэг Хрущев Брежнев нарын суртал Монголд хятад хүнийг үзэн ядах үзэл болон хувирч 1960-аас 1990 он хүртэлх 30 жилд бидний ухамсарт гагнагдаад эдүгээ арилах нь байтугай сэргэж байна. Дайсагнаж асан хоёр их гүрэн маань эв зүйгээ олчихоод байхад монгол хүн зөвлөлт үзлээ хаялгүй хятад хүнийг дайсан мэт сэрдсээр буй нь зөөлнөөр хэлбэл илүү зан, хатуугаар хэлбэл ёстой нөгөө муу эрд халдага дараа, Монгол улсад космонавт дараа гэгч болно. Бүтэн хагас тэрбум хөршдөө дайсагнасан эрүүл бус үзэл бидэнд сайныг яасан ч өгөхгүй. Эдүгээ Хятадын эсрэг хэнээрхэл ашиггүйг Америк хүртэл дагаж буйг анзаарах сан. Соёлын хувьсгалаар галзуурч асан хөгийн суртлаа хятадууд сэм орхиод эдүгээ хэв хэзээний ардчилсан улс аятай панз үсэргэж байна. Хятад улс хувирсан нь өчүүхэн Монголд том боломж хайралжээ. Харамсалтай нь бидний тархинд ах нарын шингээж өгсөн хятадын эсрэг үзэл хөдөөд бол бүр яг хэвээрээ байгааг алт олборлогчдын мөргөлдөөн нотлов. Гадаадын хөрөнгө оруулалт, түүний татвар манайд амин чухал энэ үед “Зургаан метр хөрс хуулаад өдөрт 20 кг алт олборлодог, түүнийг нь өнөөдөр угааж авцгаая” гэж үгссэн нинжа нар хятадын хөрөнгө оруулалттай компани дээр давхин очиж хэсэг харж зогссоноо “За ажиллая, ура!” гээд довтолдог гэнэ. Балар эртний угшил мөн байгаа биз? Тэдний тархинд далимдуулаад жаахан алт олоод авъя, намзасаг хятадад муу юм чинь биднийг өмөөрч л таарна гэсэн үзэл уугиж буйн гор энэ. Одоо ийм замаар явахгүй ээ. Явах зам цэвэр хууль. Хуулиар нь шалгахаас ондоо арга үүнд байхгүй. Шалгавал хятад монголын өгч авалцсан хахууль цухуйна. Ер нь хүнийг муулахаасаа өмнө өөрсдийгөө хар. Хэн ч гэсэн манайд бизнес эрхлэх гэж орж ирээд, хүн нэхээгүй байхад “Май авилга ав” гэж өөрийгөө хорлохгүй нь ойлгомжтой. Өгсөн хүн ялтай учраас хэн ч ингэхгүй. “Авилга өг. Өгөхгүй бол лиценз олгохгүй” гэсэн манай төрийн албан хаагчдын тулгалтанд аргагүйдэж өгдөг нь мэдээж. Монгол улсынхаа хуулийг иргэн бүр ягштал мөрддөг үзэл рүү орцгооё. Гадныхантай, тэр тусмаа хятадуудтай харьцахдаа бурханд бус хуулиндаа мөргө. Гадны иргэдээр ч хуулиа чанд сахиулъя. Үүр цайх боломжийн нэг нь энэ. Хуулиа өмнөө барьж, бүх асуудлаа хуулиар зохицуулж бид заншаагүйн улмаас гай дуудаад буйг анзаарч байна уу? Өдөр бүр дохио өгөөд буй энэхүү үл ойлголцлоос гай дэгдэж мэднэ шүү. Таагүй харьцааг зайлуулах гарцаа одооноос хай. Гадны хөрөнгө оруулагч нартай бид нэг хэсэгтээ хүссэн ч эс хүссэн ч хамтарч бизнес хийх нь. Сайндаа бус бидэнд бие даагаад ашигт малтмалаа олборлох хүч хөрөнгө алга. “Хэн хэндээ ашиг гарна” хэмээн бид гадны баячуудыг уриад буйгаа ухаарч байна уу? Гадныхантай, юун түрүү хятад барилгачин уурхайчидтай чулуугаар байлдаад хэн хохирох вэ? Бэл бинчин нимгэн цөөн буурай бид л хохирч хоцорно. Нинжа нар нэгдүгээр шугаманд чулуу шидээд буй боловч ар талд нь төр засаг хууль эрхийн орчинг яв цав бүрдүүлж өгөхгүй, тэр ч байтугай гадныханд хууль бус лиценз авилгаар өгч буйгаас үймээн үүсэж байна. Чулуу шидэгчид буруутан авч гол буруутан нь хуулиа уландаа гишгэж хахууль ханцуйлагч төрийн албан хаагчид байсаар байна. Ийм эмзэг асуудалтай тэр бүр тулгарч үзээгүй гэнэн, хатуухан хэлэхэд, харанхуй иргэд, учир зүйгээ олоход хуулиа л бурханчлан шүтэх хэрэгтэй. Учир зүйгээ олох туршилга хомс иргэдийг авилгачдын бантагнуулсан хууль эрхийн бүрхэг орчин хөлдөө чирч байна. Хуулиас өөр нам засаг энэ тэр огт хэрэггүй. Их Хятадын үсрэнгүй хөгжил бидэнд том боломж гэдгийн цаана энэ аварга гүрэн бидний мөнхийн хөрш тул тэдний арга баашинд хохирохгүй түншлэх ухаанд эртхэн суралцах сан. Хятадын башир ааш ямаан омгийн түлхүүр бол зөвхөн хууль. Муудалцвал салаад нүүж болохгүй заяатай төрсөн хойно хятадуудтай нөхөрлөж л таарна. Хоёр их хөршийнхөө нэгийг нөгөөгийн дээр залж, нөгөөг зэвүүцүүлдэг үзэл биднийг хохироодог. Ийм болчимгүй үзэл одоо бүр ч таарахгүй. Намайг Хятадыг Оросын дээр тавилаа гэх хүн гарвал тэр чинь кремлийн тоглоомын хүүхэлдэй эсвэл оросын олигархиас хахууль авсан этгээд тэгж буй юм. Хоёр хөршөө ав адилхан хэмжээнд эвтэйхэн зохицуулаад, гурав дахь түншлэлээ зузааруулах сан.
“Ах дүүгийн найрамдал” хэмээх гоё паалантай хуурамч харилцааг “маргаангүй харилцаа”-гаар сольё. Маргаангүй харилцаа гэдэг тал бүрийн бүх хамтын ажиллагаа хуулиар яв цав зохицуулагдана гэсэн үг. Манай төрийн албан хаагчид авилгад дуртай нь үнээн. Хятадын бизнес авилгагүйгээр Монголд бүтдэггүй гэсэн. Шууд хэлэхэд хятад монгол хоёр авилга авч өгөлцдөг тийм бохир орчныг манай улс төрчид зориуд бий болгосон гэхэд хилсдэхгүй. Энэ нь УИХ-ын лабораторид бүтээдэг нээлт. Авилгын хөлд юу хохиров гэвэл монголын хууль! Хуулиа ингэж үнэгүйдүүлнэ гэдэг жолоо цулбуургүй галзуу нийгэм болж, хүнлэг чанар шударга ёсыг, эрх дарх эд мөнгө түймэрдэж, ядуу нь ангал руу, баян нь гадаад руу тонилно гэсэн үг. Энэ аюулаас биднийг хэн аврах вэ? Бидний сонголт аварна! Аврал сүйрэл хоёр отож байна гэсний учир энэ. Эхлээд төрийн түшээд, сайдууд, төрийн албан хаагчид, малчид, нинжа нар, нэг үгээр монголын бүх иргэд өөрсдөө хуулиа яс баримтлаад дараа нь манай хуулийг зөрчсөн харийн хар элэгтнүүдийг чулуугаар шидье. Хуулиа дагаж мөрдөх ёс суртахуунгүй улс орон оршин тогтнох боломжоо алдана. Ангал руу онхолдох аюулын нэг нь энэ. Нэг япон хүн Монголд хөрөнгө оруулахад эрсдэлтэй орон уу? гэдгийг судлахын тулд манай сайдуудын үгийг сонсохын оронд эхлээд хотын гудамжинд гарч нийт иргэд нь хууль журмаа дагадаг улс уу? гэдгийг сонирхжээ. Замын хөдөлгөөний дүрмийг жолооч явган зорчигчид хэрхэн зөрчиж буйг, хандсан зүгтээ нус цэрээ нулимж, хогоо машиныхаа цонхоор хаяж буйг харж толгой сэгсрээд шууд нутаг буцсан гэдэг. Монгол хүн хуулиа яагаад сахидаггүй юм бэ? гэж гайхаад байсан чинь хариулт хамар дор бэлэн аж. Хууль дүрэм зөрчсөн хүн шийтгэл хүлээдэг ёс хавтгайдаа замхарчээ. Сайхан ч юм шиг амар ч юм шиг тийм нөхцөлд хууль журам сахих гэж ядаргаатаад яах юм бэ? Монголд тэнэг хүн л хууль сахидаг байх. Бүгд хууль сахихгүй болсноор хамаг эмх цэгц задрав. Өчүүхэн ч атугай хууль зөрчвөл зохих шийтгэлийг заавал хүлээлгэдэг оронд нийгэм эмхлэгдэж байдаг ажээ. Харин бид үүнийг гадны зээл тусламж, хөрөнгө оруулалтгүйгээр хийж дөнгөх атлаа хийхийг хүсэхгүй байгаа нь хачин. Мөнгө идээд шүүхийн хаалга татсан хүн хэргээ сэгсрээд дараа нь заавал тушаал дэвшдэг “сайхан” жишиг тогтлоо. Шоронд орох шахсанаа суг дэвшсэн хүмүүсийн нэрсийг захын иргэн жагсаана.
Орос Хятад хоёрыг бурхан чөтгөр гэж туйлширдгаа эргэж харъя. Түншээ “чөтгөр” гэж хараагаад олигтой наймаа хийж чадах уу? Намайг хахууль авчаад ийм юм бичдэг гэж интернетээр загнадаг хүмүүс бий. Би тэднийг тоохгүй. Авилга гэдгийг маний үеийнхэн мэдэхгүй. Хадан гэртээ ойртсон зохиолч залгамж үедээ захих гэрээслээ хүслээрээ үлдээнэ. Хэнээр ч заалгахгүй. Энэ бол зохиолчийн жудаг. “Манжийн дарлал, Халхын урвагч хаад ноёд” гэсэн ишлэл орчин үеийн залуусын амнаас унахад би харамсдаг. Тэд сургуульд заалгасан түүхээ маани мэгзэм мэт сохроор цээжилсэн нь бараг буруугүй ч юм шиг хэрнээ гадаад гүрэнд мэхлүүлээд бурууг зөв гээд итгэчихсэн онгирч яваа нь өрөвдмөөр. Үнэнийг тэдэнд хэлж сэнхрүүлмээр. Надад итгэхгүй өширхөж, миний нүүр лүү нулимлаа ч гэсэн би тэдэнд гомдож чадахгүй. Миний л удам угсаа шүү дээ. Үзэл суртлаар бохирлогдсон “түүх” гэгч ханиад халдвар дагуулж буйг сортоотой залууст анзаарах боломжийг ардчилал уг нь олгосон сон. Нүүрлэж ирсэн таатай боломжоо ашиглахад хар буруу санаагаар зохиогдсон хорлогчинтой түүхээс угшилтай өшөө хонзон зөвхөн гай л тарина. Би манжийн хаадыг зөвлөлтийн удирдагчдын зиндаанд тахин шүтүүлэх гээгүйгээ энд бас дахин сануулъя. Хятадаас болгоомжлох юм бий. Нутаг орондоо багтахаа больсон хятадуудаас хамгийн ядуу дорой нь юу ч голохгүйдээ манай руу урсана. Тэд их зантай европчуудаас бидэнд амархан наалдана. Нэг мэдэхнээ бид зүс царай адилхан тэдний дундаас бие биеэ олж уулзаж чадахаа больсон байх магадлал өндөр шүү. Үүнээс болгоомжлох хашир ухаан Төр Засаг болоод хувь хүн бүрийн хар хайрцагны амин бодол байх ёстой. Гэхдээ хашир ухаанаа сэвтүүлэлгүй Их нангиадтай найрсаг түншлэх зам бол бидний хөгжлийн гол гогцоо шүү гэдгийг захья. Улаан дэнлүү ханз үсэг урж хаядаг сагсуу зан ашиггүй. Үндэстэн бүхний онцлогоор чимсэн Парисийн эрээн алаг гудамжинд би монгол зоогийн газар нээвэл монгол угалз худам үсгээрээ гангарах л болно. Францууд миний хаягийг урахгүй. Парисийн гоёо нэгээр нэмэгдлээ гэж урлагт мэдрэмтгий соёлтой францууд олзуурхана.
Японы араас Өмнөд Солонгос, тэдний араас их Хятад замналаа. Тэдний араас шуудрах боломж уг нь Монголд заяажээ. Харин бидний гавалд тэгж сэтгэх чадамж бий юү? Тийм оюун, тийм овсгоо монгол хүнд бий гэдэгт би бат итгэж байна. Асар богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн ази хүмүүстэй та нар өөрсдийгөө жишээд, тэднээс ямар ямар чанараар дутаж буйгаа тогтоогоод, шалавхан нөхөж, зэрэгцвэл, санасандаа хүрч буй нь тэр. Мөн хойд их хөрш болон өндөр хөгжилтэй гурав дахь түншүүдийн хөрөнгө оруулалтаас та нар хэт шулуулалгүй зальдуулалгүй улсдаа юм нааж дөнгөвөл сайхан боломж доо. Бидэнд тэнгэр газар шиг ашигт малтмал заяажээ. Ийм их боломж нүүрэлсэн нь юутай хувь заяав? Ертөнц гэрэл сүүдрээс бүтдэг. Авралыг сүйрэл сүүдэр мэт дагадаг. Бас сүйрэл үгүй аваас аврал үгүй билээ. Та нарыг минь бурхан өршөөг. Монголын энгүй харанхуй тэнгэрт сайхан ирээдүй үүрийн гэгээ мэт наран ургах зүгээс манхайж эхлэв. Залбирах залбирал, хоёр их хөршид минь гал усны аюул, ган зуд, хэрүүл хараал, дайн самуун бүү үүсээсэй. Хоёр хөршөөсөө хамааралтайг бид умартаж болохгүй. Тиймээс хоёр хөршөө ав адилхан хүндэтгэн амьдрах ёстой. Хоёр их хөршийн нэг нь нөгөөгөө ядмаг дорой бидний чихэнд бүү муулаасай. Тэгвэл бидэнд хэнийх нь ч талд орж болохгүй хэцүү. Хоёр их хөрш минь дахиж бүү муудалцаасай. Энэ бол Монголын алтан боломж.

Цэндийн Доржготов
Монголын өр Таван толгойтой тэнцэх үү?
Оросын өдөр тутмын “Коммерсант” сонины тоймч ингэж бичжээ. “Их өр” гэгчийн тухай Оросын том сонины тоймчийн төсөөлөл ийм байдаг нь хачирхалтай. Монголын өр Таван толгойтой нь тэнцэх үү? гэж асууж буйг бодоход Оросууд биднээс аймшигтай өр нэхэж буй юм биш үү, цаана чинь? Таван толгойн нөөц хэдэн сая живаа билээ? Зуун жил тэжээнэ гэж бид хөөрч байдаг. Гэтэл энэ ордыг маань өрөндөө хуйгаар нь авбал тэнцэх үү, тэнцэхгүй юу? гэж орос ах минь эргэлзэж байдаг. Тэнцэхгүй бол Таван толгой дээрээ юм нэмж өгч байж салах нь. Ямар аймаар юм бэ?
Өрөө тэглэлээ л гэдэг. Дахиад л гараад ирдэг. Орос Монголын харилцаанд ийм нэг өвчин ужгирчээ. Өрийн үлдэгдэл гэдэг сүрдүүлгээр ашигт малтмал барьцаалах далд заль нь ил дол болсон ч гэлээ хойшид үргэлжлээд л байх нигууртай. Сая С. Батболдын айлчиллаар “энэ удаа Орос Монголын хооронд өрийн тухай ярианд цэг тавилаа” гэсэн боловч ОХУ-ын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хоёр талд ашигтай төслийг хамтран хэрэгжүүлэх байдлаар өрийг хэсэгчлэн тэглэнэ” гэжээ. “Хэсэгчлэн тэглэнэ” гэсэн нь цаашаа “ашигтай төсөл” болох задаргаатай аж. Ашигтай төсөл нь Таван толгой, Оюу толгой, уран, төмөр зам гээд шулуухан хэлэхэд Монгол тэр аяараа байх нь. Ийм санаархалтай их гүрэнтэй Монгол шиг улс тохиролцоход мөн хэцүү еэ. Гэвч тохиролцов. Энэ тохиролцооноос юу цухуйдаг бол? Орос “бунгуу” Монгол улстай тэнцэх үү? гэсэн гарчиг тавья. Дээд зиндааны албан ёсны мэдэгдлээс харахад “өрийн тухай ярианд цэг” тавиагүй, бүгдийг тэглэх нь байтугай, тэглэвэл “хэсэгчлэн” тэглэнэ гэдгийн ард юу нэхэж буйгаа хатуухан сануулаад авчээ. Таван толгойгоо ёроолоор нь өгөхгүй аваас өр хэзээ ч тэглэгдэхгүй, хойч үеийг минь өндийлгөхгүй дарамтлах занга тавьсан юм биш үү? “Монголын өр Таван толгойтой тэнцэх үү?” гэсэн дээрх гарчгийг дахиад унш. Дахиад бод.
Оросоос айхдаа манай коммунистууд хойч үедээ ямар ч гамшиг үлдээхээс гудийдаггүй. Саяын айлчиллаас тийм үнэр ханхалж эхлэв. Бид ч шившигтэй хульчгар амьтад юм, ах нар ч дэндүү увайгүй народ юм. Оросыг түшсэн улс болгон зугтаадаг нь ах нарын ийм мөсгүй зангаас болдог нь илэрсэн нууц. Нууц протоколиор барьсан дөрөв ч билүү орон сууцаар манай хэдэн айлыг 20 гаруй жил давхар шулаад, хэдэн байрныхаа өртгийг хэд нугалаад авчихсан атлаа одоо хэр Төрийн дээд хэлэлцээр болгонд нээнтэг болгох нь Орос шиг аварга гүрэнд ичгүүр байгууштай. Ичдэггүй улс аж. Одоо их өрөндөө Таван толгойг нь авбал хангалттай юу, хангалтгүй юү? гээд эргэлзээд сууж байдаг хайрт ахын маань нүүр бас бөх нүүр ээ?
“Коммерсант”-ын тоймч цааш нь юу гэж вэ сонирхъё: “Москва энэ өрийг (180 сая ам. доллар) Монголын байгалийн баялгаас хүртэх ашигтай төсөл болгон хувиргахаар нэг бус оролдсон... Москва өнгөрсөн жилийн турш Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа Монголын төмөр зам болон дэд бүтцэд хөрөнгө оруулсныхаа хариуд энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсний Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. С. Баярыг энэ хэлэлцээний баталгаа болно гэж тооцож байлаа. С. Баяр ерөнхий сайд байхдаа Оюу толгой, Таван толгойн лицензийг “Оросын төмөр зам” болон Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Монголын төмөр зам” компаниудын нэгдэл “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан байгууллагад өгөхөөр В. Путинд амалсан..” байна... Таван толгойн ордыг ашиглах ОХУ-ын сонирхлыг харгалзаж үзнэ гэсэн Монголын (С. Батблдын) амлалтын улмаас өрийн асуудлыг шийдсэн байна” гэжээ. “180 сая ам долларын өрийг шийдсэн өөр нэг хүчин зүйл бол Монгол Улсын засгийн газраас энэ оны есдүгээр сард гаргасан төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм” гэсэн байх юм.
Их өрийн үлдэгдэл төмөр замын царигт бас орчихлоо гэдгийг монголчууд мэдээд цуураад байсан. Сангийн сайд С. Баярцогт 180 сая өрийн 3-хан саяыг бид бэлнээр төлөөд үлдсэн 177 сая ам. долларыг ах нараар бид цайруулаад байхад тэнэг нь дэндсэн манай ард түмэн ойлгохгүй ш дээ гэх маягийн мэдэгдэл хийж сайрхсан. Түүний худал ярьж буй тэр үедээ андашгүй байв. Худал яриа илэрдэг. 170 гаруй сая ам. доллар нүүрс ураны урсгалаар хэд дахин нугарч төлөгдөхийг монголчууд удахгүй мэдэх л болно. Ард түмнээс юм нуухад хэцүү цагт амьдарч байна. Олигархиуд яаж ч нуугаад баригдаж л таарна.
“Коммерсант” сонины тоймч Александр Габуев “Дэлхийн банк бүр 2008 онд Улаанбаатарын захиалгаар төмөр замын ямар чиглэл хямд төсөр байхыг судалжээ. Судалгааны дүнд Монголоос өмнөд чиглэлд тээвэрлэх нь Таван толгойн нүүрсэнд БНХАУ-ын аварга том зах зээлийг нээх, Хятадын Тяньжин боомтоор Япон, Өмнөд Солонгос руу хүдэр зөөх нь Оросын нутгаар дамжуулахаас хоёр дахин хямд тусахыг тэмдэглэсэн байна” гэж бодит байдлыг тоймч А. Габуев дурдсанд баярлалаа.
Оросын “РИА Новости” агентлаг энэ талаар юу гэснийг сонирхъё: “ХХ зууны Монгол нь Зөвлөлтийнх байсан… Манайх Монголын үйлдвэрлэдэг зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ… Тиймээс ч булаалгаснаа бараг л дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна… Монголчууд яарахгүй байх шиг байна. Тэд Хятад, Япон гээд чинээлэг хөршүүдтэй. Тэд нар дээр Америк, Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тийм болохоор цаашид ч бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ гэсэн үг. Харин ойрын ирээдүйд бид хятад эзэнтэй, эсвэл АНУ Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа хүрэх вий” гэж зангаргаараа бардамнажээ. Энэ сануулга бол хэн нэгэн согтуу Иваны үг биш “РИА Новости” агентлагийн нийтлэл гэдгийг хэлье.
Орос ахын сэтгэл харамгүй өгөөмөр тусламж эдүгээ ингэж хайр зарлав. Байгалийн баялгаа хагас хугас боловсруулж, нэмүү өртөг шингээж, иргэдээ ажилтай болгох манай Төрийн бодлогыг орос ахын геополитик зөвшөөрдөггүйн нууц ийнхүү танигдлаа. Орос ахаас олигтой юм горьдолтгүй дэг ээ. Нарийн яривал бид Оросод өртэй юу, Орос манайд өртэй юу? Үнэн хариу гараагүй, эргэлзээтэй л түүх. Хүчгүй нь хүчтэний өмнө буруутай гэж одоо яая гэхэв. Орос юу гэж хэлнэв, мань “Жа-аа” л гэхээс. Гэхдээ Орос Монголын ичмээр тэнцвэргүй харилцааг бүх дэлхий ажиглаж буй гэдгээр сэтгэл юугаа хуурч суухаас өөр яалтай билээ. Өнгөрөгч зун БНХАУ-ын ерөнхий сайд айлчлах үедээ манайхыг байгалийн баялгаа хагас боловсруулж, нэмүү өртөг шингээж экспорохыг дэмжиж, үйлдвэр байгуулахад зориулж өч төчнөөн зуун сая долларын хөнгөлттэй зээл олгох санал тавиад явсныг оросуудад сануулахад илүүц болохгүй буй зээ.
2010-12-18